Тарваганы мах өвчихдөө халдвар авсан байж болзошгүй гэв

Ховд аймгийн Жаргалант сумын иргэн М /30 настай, эрэгтэй/ тарваганы мах өвчихдөө биедээ ил шарх авсны улмаас тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй, өвчилсөн байж болзошгүй мэдээллийн дагуу аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд тусгаарлан эмчилж байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторын шинжилгээгээр уг иргэн тарваган тахал өвчнөөр өвчилсөн болох нь батлагджээ. Иймээс тус аймгийн Засаг даргын  А/363 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, А/364 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.

Мөн тус аймгийн Засаг даргын А/367 дугаар захирамжаар “Жаргалант” сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний болон бараа, түүхий эдийн зах, үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдаан, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах болон баар, ресторан зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 18:00 цагаас 08 дугаар сарын 30-ны  өдрийн 23:00 цагт хүртэл түр хугацаагаар зогсоосон байна.

Тарваган тахлын байгалийн голомтын идэвхи 7-9-р саруудад хамгийн өндөр байдаг. Иймд тарваган тахлын голомтот нутагт тарвага агнахгүй байх, тарваган тахлын голомтот нутгаас агнасан тарваганы мах, арьс, түүхий эд, бүтээгдэхүүнийг хот суурин газарт болон өөр газарт зөөвөрлөхгүй байх, тарвага болон мэрэгч амьтдын бөөс бүүргэнд хазуулахаас сэргийлэх, тарваганы гаралтай түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, хэрэв тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай, аль ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

Мөн тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нар урьдчилан сэргийлэх  вакцинд хамрагдах шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)