Таны үйл таны дараагийн амьдралын тийз юм

“...Таны үйл таны дараагийн амьдралын тийз юм. Байгалиа бүү ух, бүү сүйтгэ. Толгойгоо, оюун сэтгэлгээгээ ух”. Энэ бол түүний “Толгойгоо халбагад” нэртэй үйлдлийн урлагийн бүтээлийн гол санаа. Хүмүүсийн хиймэл бэлэнчлэх сэтгэлгээнд уруу татагдаж буйг илэрхийлэхийн зэрэгцээ цаг тутамдаа ууж идэх, өмсөх зүүх, техник технологийн хэрэглээ бидний оюун сэтгэлгээнд хэрхэн ямар эерэг, сөрөг өөрчлөлтийг бий болгодог тухай тэрээр эл уран бүтээлээрээ хөнджээ. Нийгмийн болж бүтэхгүй бүхнийг бүтээлдээ ёжлон харуулдаг хүмүүс бол уран бүтээлчид. Тэр тусмаа ямар ч орон зайд, ямар ч тавилттай, бас ямар ч хугацаанд өрнүүлэх боломжтой “ҮЙЛДЛИЙН УРЛАГ”-аар энэ бүхнийг илэрхийлж буйгаараа түүний бүтээлүүд онцлогтой.

Контемпорари урлаг, тэр дундаа үйлдлийн урлагийг Монголд хөгжүүлж буй уран бүтээлч Сэдбазарын Ганзүг “Performance in Contemporary” бие даасан үзэсгэлэнгээ ХААН галерейд нээгээд байна. Дэлхий дахинд тулгараад буй, соёл иргэншлээс үүдэлтэй байгалийн гамшиг, дэлхийн дулаарал, хог хаягдал, байгалийн бохирдлын тухай бусдын тэр бүр хөндөөд байдаггүй хүнд сэдвийг тэрээр зоригтойгоор барьж авч уран бүтээлдээ тусгадаг. Энэхүү үзэсгэлэндээ 2014 оноос хойш бүтээсэн үйлдлийн урлагийн баримтат хөдөлгөөнт дүрсэн бүтээлүүдээ дэлгэсний дотор Монголын онгон дагшин байгаль эвдэгдэж буйг шүүмжилсэн “ТОЛИНД БУУСАН ЭЭЖИЙН ҮГ”, “ҮҮЛЭН ТООРОЙ”, “ЭХ ЭЭЖ-ЭХ НУТАГ-ЭХ ОРОН-ЭХ ДЭЛХИЙ”, “ГУРАМСАН СҮЛЖЭЭ СУРГААЛЬ”, “БАЙТГАГИЙН ГУРВАН БААТАРТ” зэрэг үйлдлийн урлагийн олон арван бүтээлүүд, эх орныхоо олон аймаг, сумаар явж үйлдсэн хөдөлгөөнт дүрсүүд  тавигдсанаараа онцлог болжээ. Тэрээр монголчуудын байгаль дэлхийтэйгээ харьцаж ирсэн уламжлалт соёл, аж төрөх ёсонтой нягт уялдсан өвөрмөц үйлдлийн урлагийн бүтээлийг олонтаа хийж байсан туршлагатай уран бүтээлч юм.

Уран бүтээлч С.Ганзүгийн “Performance in Contemporary” үзэсгэлэн 2019 оны 11-р сарын 22-ныг дуустал ХААН галерейд ажлын өдрүүдэд 10.00-19.00 цаг, амралтын өдрүүдэд 11.00-18.00 цагт олон нийтэд нээлттэй байх тул та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)