Танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн, Барилга, хот байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр, Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэг, Эрчим хүчний сайдаар П.Ганхүү нарыг томилсноор Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж эхэллээ. Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлэх боломжтой хэмээн өмнөх өдөр нь УИХ дахь бүлгээрээ дэмжсэн Т.Энхтайваны оронд П.Ганхүүг дэвшүүлэн, дэмжсэн нь энэ.

Т.Энхтайваныг нэр дэвшүүлэх нь ашиг, сонирхлын зөрчилтэй гэх дүгнэлтийг АТГ-аас ирүүлсэн бололтой. Сайдаар томилох, эсэхийг УИХ-аар хэлэлцэх үеэр П.Ганхүүг “Их сургуулиа төгсөөд энэ салбарын мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлсэн.

Салбарын яаманд хэлтсийн дарга, газрын дарга, эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүдэд ажиллаж байсан туршлагатай, салбарын хүн” хэмээн тодорхойлох хүн олон байсан. Тэрбээр 2002-2004 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн, 2004-2009 онд Түлш, эрчим хүчний яаманд газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, 2009-2012 онд Эрчим хүчний газрын орлогч даргаар ажиллаж байсан аж.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Улсын багшийн дээд сургууль, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгсөж, АНУ, Хонконг, Итали, Сингапур зэрэг оронд малын удмын сан, мал бүртгэлийн менежмент, жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бодлого, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшлийн сургалтад хамрагдсан болохыг намтарт нь дурджээ.

Тэрбээр 1995-2009 онд “Ноён сүлд”, 2010-2014 онд “Буудайн хур” газар тариалангийн компанийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 1986 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн цагаасаа Арьсны өвчин судлалын үндэсний төвд эмчээс ерөнхий захирал хүртэл тасралтгүй ажиллаж иржээ.

Шинээр томилогдсон сайд нар өнгөрөгч амралтын өдөр тамгаа хүлээн авч, ажилдаа орлоо. Ажил хүлээлцэх үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд салбарынхаа мэргэжилтэн, эрдэмтэд, ахмадууд, удирдлагуудтай уулзалт хийхээс ажлаа эхлүүлэн, “Тус салбарт бодлого, үйл ажиллагааны эрс шинэчлэл хийнэ” хэмээн мэдэгдсэн бол ажлаа хүлээлгэн өгч буй сайд С.Ламбаа шинэхэн сайд А.Цогцэцэгийг “Гуравдугаар шатлалын эмнэлгийн тэргүүн магнайд ажиллаж байсны хувьд энэ салбарыг маш сайн удирдаж чадах хүн” гэж тодорхойлно лээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг үүрэгт ажлаа шуурхай эхлүүлэх нь чухал буйг тэмдэглээд, “Зөвхөн эрүүл мэндийн салбарынхны бус, гурван сая хүний сайд боллоо гэж өөртөө маш том хариуцлага хүлээлгэж байгаа” гэв.

ОРОН ТООГ ЦӨӨЛСНӨӨР ОН ДУУСТАЛ 3.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭХЭЭР ТООЦЖЭЭ

Засгийн газрын танхим бүрдсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-д нэн яаралтай өргөн мэдүүлж, нийгэм, эдийн засгийн бодит тоо, баримтыг парламентад танилцуулан тусгай хөтөлбөр батлуулан хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.

Дашрамд дурдахад, Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэн баталснаар улсын төсвөөс 5.4 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарчээ. 13 яам, 27 агентлагтай ажиллах шинэ бүтцийн дагуу яамдын орон тоог 109, агентлагийнхыг 206-гаар цөөрүүлж буй бөгөөд илүү нарийвчилсан тооцооллыг Сангийн яамныхан гаргасан гэнэ. Орон тоог ийнхүү нийт 315 хүнээр цөөрүүлснээр он дуустал улсын төсвөөс 3.2 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарсан байна.

Үүнийг бүтэн жилээр тооцвол 5.4 тэрбум төгрөг хэмнэх юм байна. Харин яамдын газар, хэлтсийг орлогчгүй, агентлагийн дарга нарыг зөвлөхгүй ажиллах чиглэл өгсөн нь дунд шатны дарга нар дур мэдэн орлогч, зөвлөх томилдгийг Засгийн газрын тогтоолоор хориглох аж. Мөн дэд сайдын марафон хэдийнэ эхлээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)