Танил талаа нийтийн тусын тулд ашиглана

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар гишүүн Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд ихээхэн санаа тавьж байгаа гэнэ. Уг байгууламж ачааллаасаа давсан нөхцөлд ажиллаж, улмаар үнэр танар нь хотын баруун хэсгийн иргэдийг хордуулсаар удаж буй.

Сүүлдээ энэ үнэр үе үе хотын төвөөр хүртэл сэнгэнэх болсон. Франц улсын тусламжтайгаар цэвэрлэх байгууламжийг засах тухай мэдээлэл гарч буй. Гэвч энэ нь АСЕМ-ын үеэр хотоо цэвэрхэн үнэртэй байлгах төдий гал унтраах арга хэмжээ хэмээн эрхэм гишүүн үзэж буй юм байна.

Түр аргацаах биш, бүрмөсөн шинэчлэх, шинэ байгууламж барихад анхаарах ёстой гээд боломжоороо хөрөнгө, санхүүжилт хөөцөлдөж буй сурагтай. Түүнд тусалдаг гол хүн бол Асашёорюү Д.Дагвадорж. Японы сумогийн түүхэнд босоо бичигдсэн аварга дүү нь арлын орноос хөрөнгө оруулагч олоход тусалж байгаа, ойрын үед санхүүжилтээ олохоор ажиллаж буй юм билээ.

Танил талаа нийтийн тусын тулд ашиглаж байхад буруу юу байх вэ. Төв цэвэрлэх байгууламжийг дэлхийн стандартад нийцүүлэн шинэчилж чадвал зөвхөн сонгинохайрханчууд биш, нийслэлийн хүн амын эрүүл мэндэд, байгаль орчиндоо оруулсан маш том хөрөнгө оруулалт, буянтай ажил болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)