ТАНИЛЦ: Түгжрэлийг бууруулахад чиглэсэн нийтийн тээврийн ЗУРГААН төсөл

Нийслэлийн засаг даргын тамгын газраас санаачилсан "Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-д тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт шинэ нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтуудаас танилцуулж байна. Дараах шийдлүүдийг хэрэгжүүлсний үр дүнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг 2025 он гэхэд 50 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзжээ.

ЦАХИЛГААН СОРОНЗОН ГАЛТ ТЭРЭГ

Сүүлийн үеийн технологийн ололтод тулгуурласан энэхүү тээврийн хэрэгсэл нь үндсэн автозамын хөдөлгөөнд саад учруулахгүйн зэрэгцээ цахилгаан эх үүсгэврээр ажилладаг тул агаарын бохирдол үүсгэхгүй байгаль орчинд ээлтэй, иргэдийн хүлээх хугацаа нь 3-5 минут, өдөрт нийтдээ 210 мянга хүртэл зорчигч тээвэрлэх хүчин чадалтай зэрэг олон давуу талтай аж.

Цахилгаан соронзон галт тэргийг нэгдүгээр ээлжинд Энхтайвны өргөн чөлөөний дагуу, Амгалангаас Таван шар хүртэл үйлчилгээнд нэвтрүүлэх бөгөөд 12.2 км урттай, 14 зогсоол бүхий байгууламж барихаар төлөвлөж байна. Ингэснээр Энхтайвны өргөн чөлөөний авто замын ачаалал 68 хувь буурах боломж бүрдэх юм. Мөн 14 зогсоол бүрээс иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах боломж нөхцөлийг бүрдүүлнэ. Цахилгаан соронзон галт тэргийг үйлчилгээнд явуулах хоёр, гуравдугаар чиглэл нь хотыг тойрог хэлбэрээр хамарсан болон Шинэ нисэх онгоцны буудал, Налайх, Зуун мод, Майдар хот чиглэл юм. 

АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВЭР

Дэлхийн олон улс орнууд нийтийн тээврийн салбартаа өргөнөөр ашиглах болсон агаарын такси үйлчилгээ нь хамгийн сүүлийн үеийн өндөр технологийг шингээсэн, -50, +50 хэмд найдвартай ажиллагаатай гэнэ. Агаарын такси нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй, агаар хөрсний бохирдол үүсгэхгүйгээр нийтийн тээврийн төрөл хүртээмжийг нэмэгдүүлэх эко технологи гэдгээрээ онцлогтой. 

Мөн энэхүү төсөл хэрэгжсэнээр одоогийн нийтийн тээврийн үйлчилгээг авах боломжгүй гэр хорооллын алслагдсан оршин суугчдыг богино хугацаанд ая тухтай тээвэрлэх боломж бүрдэнэ. Тухайлбал, Баянхошуунаас Ард аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут зарцуулснаар иргэдийн зорчих хугацааг дөрөв дахин багасгах бол 7 буудлаас хотын төв рүү зорчих хугацааг 5 дахин багасгаж 15 минутад тус тус зорчих боломжийг бүрдүүлнэ. Хүлээлгийн хугацаа 3-5 минут бөгөөд цагт 3000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай аж. 

ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС

Тусгай замын автобус нь Канад, АНУ, Франц, Герман, Финланд, Англи тэргүүтэй дэлхийн 40 гаруй орнуудад ашиглагдаж байгаа сонгодог тээврийн хэрэгсэл юм. Энэхүү технологи нь хэдийгээр автобус буюу уламжлалт нийтийн тээврийн үйлчилгээ боловч зөвхөн тусгайлан зассан, өөрийн зориулалтын замаар зорчих тул тогтоосон хугацаандаа иргэдэд үйлчлэх боломжтойгоороо давуу талтай. 

Автобус явах тусгай замын зурвасыг эхний ээлжинд Нисэх 7 буудал чиглэлд байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд дараагийн ээлжийн тусгай замын автобус зурвасыг хотыг тойрог хэлбэрээр хамарсан маршруттай болгож 60 орчим буудалтайгаар байгуулахаар төлөвлөж байна. Тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлснээр авто замын түгжрэл 20-30 хувь буурч, үр дүнд нь үлдсэн зорчих хэсгийн хөдөлгөөний хурд 2-3 дахин нэмэгдэнэ.

ЦАХИЛГААН АВТОБУС БА ПАРК ШИНЭЧЛЭЛ

Нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлтийг шийдэх зорилгоор цахилгаан болон байгалийн шатдаг хийгээр ажилладаг, олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан шинэ автобусаар парк шинэчлэлт хийж эхэллээ. 2020 оны эхний 9 сард багтаан 600 автобусыг хийж эхэллээ. 2020 оны эхний 9 сард багтаан 600 автобусыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд худалдан авах ба цаашид жил бүр 500-600 автобус шинэчлэх замаар 2022 он гэхэд дутагдаж буй автобусны тоог шаардлагатай хэмжээнд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

Тус автобуснууд нь зөвхөн Таван шар-Офицеруудын ордон чиглэлд явах бөгөөд "U money" төрбөрийн систем суулгачихвал маргаашнаас ч явах боломжтой гэдгийг Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр нээлтийг үеэр онцоллоо.

ТАКСИ

Улаанбаатар хотыг хүртээмжтэй, тохитой, аюулгүй, соёлтой, олон улсын жишигт нийцсэн такси үйлчилгээтэй болгохын тулд мэдээллийн технологийн дэвшлийг ашигласан, ухаалаг, захиалгын хялбар систем бүхий шинэ таксины үйлчилгээг бий болгох, албан бус такси эрхэлж буй иргэдийг албажуулах зэргээр таксины тоог нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн такси үйлчилгээний соёлыг дээшлүүлэх үүднээс жолооч нарыг төрөл бүрийн сургалтад хамруулна. 

ТҮРЭЭСИЙН ДУГУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах болон агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд түрээсийн дугуйн үйлчилгээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Улаанбаатар хотын авто замын дэд бүтцэд анх удаа 60 км урттай дугуйн замын нэгдсэн сүлжээг байгуулж байгаа бөгөөд энэ нь авто замын түгжрэлийг бууруулаад зогсохгүй, иргэдийн эрүүл мэндэд тустай, эко, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгоход томоохон ахиц дэвшил болсон бүтээн байгуулалт юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)