ТАНИЛЦ: Дэлхийн стандартад нийцсэн Монголын анхны ДИЖИТАЛ номын сан

Монгол Улсын Их Сургуулийн 2014 оноос баригдаж эхэлсэн шинэ номын сан өнөөдөр нээлтээ хийлээ. МУИС-ийн хичээлийн II байрны баруун талд, Монгол-Япон төвийн чанх урд байрлах тус номын сан нь 16 тэрбум төгрөгөөр босжээ. Ингээд шинэ номын сангийн талаар таны мэдэх ёстой 13 баримтыг танилцуулж байна.

  1. Номын шинэ өргөөний зургаан давхар шилэн барилга нь уншлагын 7 танхимтай, уулзалт хурлын олон танхимтай, олон улсын стандартад нийцсэн тоноглол, амралтын өрөө зэрэг бүх зүйлийг нэг дор цогцлоосноороо онцлог аж.
  2. Номын сан нь дэлхийн стандартад нийцсэн Монголын анхны дижитал номын сан гэнэ.
  3. Орчин үеийн дизайны шийдэл бүхий ая тухтай орчинг бүрдүүлж, оюутан залууст төдийгүй эрдэмтэд, багш нарт зориулсан судалгааны лабораториудтай.
  4. B1 давхарт номын фонд, архив, I давхарт нэг цэгийн үйлчилгээ, гэрээр ном олгох үйлчилгээ, сонин сэтгүүлийн уншлагын танхим болон музей, номын дэлгүүр “Brandshop”, кофешоп, 2-4 давхарт уншлагын танхим, ном зүй, ном бүрдүүлэлт, каталогийн өрөө, лекцийн танхим, 5-6 давхарт судалгааны лабораториуд, хурлын танхим тус тус байрлажээ.
  5. Танхим бүрийн тохижилт өөр өөр загвар, өвөрмөц хэв маягтай.
  6. Байгалийн болон Нийгмийн шинжлэх ухааны төрөлжсөн уншлагын танхим, цахим дижитал уншлагын танхим, багш, судлаачдын танхим болон багаар ажиллах өрөөнүүдтэй.
  7. Номын сан нэгэн зэрэг 700 оюутанд үйлчлэх хүчин чадалтай.
  8. Мөн 360 мянга гаруй хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй.
  9. 1000 орчим CD, зохиогчийн эрхтэй 20 гаруй цахим ном, 2000 орчим магистрын ажил, олон улсын онлайн мэдээллийг санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай.
  10. Үүнээс гадна сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий иж бүрэн тохижилттой “Ном сэргээн засварлах лаборатори” ажиллана.
  11. Гэрээр ном олгох бөгөөд олон хувь байгаа номуудыг 1-3 хоногоор авч явж унших боломжтой гэнэ.
  12. Оюутнууд шалгалтын үеэр номын санд уртасгасан цагаар үйлчлүүлэх сонирхол их байдаг учир тухайн үеэр МУИС-ийн оюутнуудад зориулан нэг уншлагын танхимыг тусгайлан гарган, шөнөөр 24 цагаар хичээллэх боломжийг бүрдүүлэх аж.
  13. Зөвхөн МУИС-ийн оюутнууд гэлтгүй өөр сургуулийн оюутнууд, иргэд үйлчлүүлэх боломжтой бөгөөд үүнд зориулан тусгай журам боловсруулан гаргах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)