ТАНИЛЦ: В.Путины айлчлалаар үзэглэсэн 10 БАРИМТ БИЧИГ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин өчигдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтах ёслолоор эхэлж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсан.

Угтах ёслолын дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзалт хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутаг болон олон улсын түвшинд хамтран ажиллах өргөн хүрээний асуудлаар ярилцаж тохиролцоонд хүрэв. Айлчлалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар тус тус бараалхаж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх тодорхой асуудлуудаар санал солилцов.

Уулзалт, хэлэлцээний үеэр талууд түүхэн уламжлалт, дайчин нөхөрлөл, цаг хугацааны сорилтоор шалгагдсан Монгол Улс, ОХУ-ын харилцаа итгэлцлийн үндсэн дээр хөгжиж байгааг онцлохын зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа нэг шат ахин, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлаж Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурав. Айлчлалын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, яамд хоорондын нийт 10 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд хандаж айлчлалын дүнгийн талаар мэдээлэл хийв.

Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халх голын байлдаанд ялалт байгуулсны 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог бөгөөд уг ойг хамтран тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өгөх ёслолд оролцов.

Айлчлалын үеэр байгуулсан баримт бичгийн жагсаалт:

  1. “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”
  2. “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн хоорондын хэлэлцээр”
  3. “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”
  4. “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай Засгийн газар хоорондын протокол”
  5. “Монгол-Оросын Улсын хил дээр Хиагт-Алтанбулаг олон улсын авто-замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон ОХУ-ын Холбооны Гаалийн алба хоорондын протокол”
  6. “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар,ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-оос 2024 оны төлөвлөгөө”
  7. “Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар, Оросын Холбооны Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэг /төрийн өмчит компани/ хоорондын хэлэлцээр”
  8. Монгол Шуудан хувьцаат компани, Оросын Холбооны Улсын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”
  9. “Эрдэнэс Монгол” компани, Оросын Холбооны Улсын “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” 
  10. “Ди Би Эм ассет менежмент” үнэт цаасны компани болон Оросын Холбооны Улсын Шууд хөрөнгө оруулалтын санхоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт”


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)