"Тангараг" өргөсөн ногоочид бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байна

Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн түүхэн ойн хүрээнд наймдугаар сарын 31, есдүгээр сарын 1-ний өдрүүдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Экспо Монголиа хамтран “Агро Экспо-2019” олон улсын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарын албаны хүн оролцож, үзэсгэлэнд дэлгэсэн техник, тоног төхөөрөмж, тариаланчид, ногоочдынхоо шинэ ургацын төмс, хүнсний ногоо, бүтээгдэхүүнтэй танилцлаа.

Үзэсгэлэн худалдаанд, Органик хүнсний тухай хуулийн хүрээнд "Сэлэнгэ органик" хамтын баталгаажуулалтын байгууллагын ногоочид өөрсдийн үйлдвэрлэсэн органик төмс, хүнсний ногоо, зөгийн балаараа оролцож байна.

Эдгээр ногоочин АДРА Монгол олон улсын байгууллагын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төсөлд хамрагдаж, органик аргаар төмс, хүнсний ногоо хэрхэн тариалах аргад суралцжээ. Мөн төслийн зүгээс ногоочдыг чадавхжуулах, олон төрлийн сургалт явуулахаас гадна органик үрээр ханган, тоног төхөөрөмж, санхүүгийн дэмжлэг үзүүлж, тариалангийн талбайгаас нь хөрс, усны дээж авах, шинжлүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулсан юм.

Үүний үр дүнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Баяжих сүүн булаг”, Шаамар сумын “Органик бал”, Сант сумын “Усан хээр” зэрэг хоршооны 131 ногоочин “Сэлэнгэ органик” хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулж, органик хүнс үйлдвэрлэлд шилжиж байгаагаа илэрхийлж, тангараг өргөөд байна.

Тангараг өргөсөн ногоочид төмс, хүнсний ногоо тариалахдаа химийн гаралтай пестицид, ургамал хамгаалах бодис, фунгицид, гербицид зэргийг ашиглаагүй бөгөөд хөрснийхөө үржил шимийг сайжруулахын тулд компостон бордоо, хучлага таримал тарьж, ногоон бордуурт уринш хэрэглэдэг.

Одоогийн байдлаар “Сэлэнгэ органик” хамтын баталгаажуулалтын байгууллага нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлсэн бөгөөд энэ оны есдүгээр сардаа багтаан органик болохыг илэрхийлсэн шилжилтийн үеийн шар өнгийн дэвсгэртэй тэмдэг, тэмдэглэгээ ашиглах хүсэлтээ тус яаманд хүргүүлээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)