Тамчийн хоохон хүлгийн домог бүжгэн жүжгээр амилав

Цагдаагийн “Сүлд” чуулгын тайзнаа шинэ бүжгэн жүжиг “төрөв”. СУИС-д Өвөр Монголоос ирж суралцаж буй магистрант Ч.Хастана Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошуу, Гилүгэдэй баатрын нутагт эртнээс нааш ам дамжин яригдаж ирсэн хулангийн унага хоохон хүлгийн тухай домгоос сэдэвлэсэн үйл явдал бүхий бүжгэн жүжиг бүтээсэн нь энэ юм. Хоохон гэдэг нь хосгүй гэсэн үг бөгөөд хуучны монгол үг, хэллэгийн сангаас төвөггүй олж болох аж.

Хулангийн азаргад “баригдаж”, сүрэгтээ хээлтэй ирсэн гүүнээс босоо төрсөн хонгор халзан зүсмийн унага соёолон наснаасаа эхлээд нийт 25 жил наадамд түрүүлэхэд нь сая ардууд хосгүй буюу хоохон цол өргөмжилдөг аж. Адууны хувьд өндөр дээд насандаа хосгүй хүлэг хэмээн цоллуулсан хоохон халзан удалгүй хорвоог орхиход ардууд хайртай мориныхоо толгойг Тамчийн тал дахь нутгийнхны шүтээн болсон овоонд өргөх үед адуун сүрэгт хоохон хүлэгтэй адил зүсмийн унага төрдөг нь хулангийн удамт хурдан хүлгийн угшил тасраагүй гэдгийг хэлэх ажгуу.

Сөнөд баруун хошуунд алдаршсан аман домгоос зохиолч Ц.Түмэнбаяр сэдэвлэж цомнол бичсэн бол хөгжмийг Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд туурвижээ. Бүжгийг Ч.Хастана дэглэж, зураачаар Ариунболд ажиллажээ.

Монгол туургатан улсуудад хүлэг сайн морио магтан дуулсан аман зохиол олон байдгийн нэг нь энэхүү домог, магтаал шүлэг. Хурдан хүлгийг бүхий л шинжээр нь магтан дуулахдаа хэлдэг үг, хэллэг, ерөөл, магтаал нь давтагдашгүй аж. Хөгжмийн зохиолч Б.Мөнхболд бүжгийн жүжгийн хөгжим хоёр дахиа, харин адуу, морины сэдвээр дагнасан бүтээл анх удаа бичлээ гэж байсан. Түүнээс энэхүү бүжгийн жүжгийн хөгжмөөс аль хэсэгт нь буюу ямар үйл явдлыг тодруулсан хөгжим яруу сайхан болсон талаар асуухад “Хоёр адажио бий. Хоохон хүлэг чонотой ноцолдож зэнээ авраад, шархаа эдгээхээр шаварт зогсож байхад нэлээд эрт байхгүй болсон эх нь шөнө дунд сар болон ирж, унагаа аргадах үеийн хөгжим гайгүй болсон гэж бодож байгаа. Түүнийг бие даасан адажио бүтээл гэж болох байх” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)