Тамхины хуулийг хянах долоон орны нэг нь Монгол болов


“Тамхинаас шалтгаалсан өвчний улмаас дэлхийд жилд долоон сая гаруй, дам тамхидалтаас болж сая орчим хүн амиа алддаг” гэж ДЭМБ-ын зөвлөх Кристин Счотти тамхигүй орчин бүрдүүлэх зар сурталчилгаа, ивээн тэтгэлгийг хориглох хуулийн заалтын хэрэгжилтийг үнэлэх, туршилт, судалгааны судлаач бэлтгэх сургалтын үеэр хэлэв. Манай улс 2013 оны гуравдугаар сарын 1-нээс Тамхины хяналтын тухай хууль мөрдөж эхэлсэн.

Уг хуулийг “Сайн болсон ч хэрэгжилт нь тааруу” хэмээн ДЭМБ-ынхан үздэг. Тэгвэл тус байгууллагаас нийтийн эзэмшлийн газруудыг 100 хувь тамхигүй орчин болгох, шууд ба шууд бусаар сурталчлахыг илрүүлэх “Tobacco Spotter” гэх шинэ аппликейшн боловсруулсан байна. Үүнийг долоон оронд туршихаар сонгосны нэг нь Монгол болжээ. Ухаалаг утсандаа уг аппликейшнийг татсанаар нийтийн эзэмшлийн талбай, тээврийн хэрэгсэл, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн орчинд тамхины хэрэглээ ямар байгааг тандан судлах юм.

Өөрөөр хэлбэл, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хүн бүр хянах боломжтой болох нь. СЭМҮТ-ийн дэд захирал В.Баярмаа “Монгол Улс дахь Тамхины хяналтын тухай хуулийн зарим заалтыг үнэлэх туршилт, судалгааг ДЭМБ-ын зөвлөхүүдийн дэмжлэгээр эхлүүлж байна. 40 хүнийг судлаачаар бэлтгэн, 2-3 сарын хугацаанд судалгаа хийлгэх юм. Мөн хүссэн хүн бүр онлайнаар уг судалгааг явуулах боломжтой.

Манайхаас гадна зургаан улсад яг ийм судалгаа хийж, үр дүнг нь харьцуулна. Улаанбаатар төдийгүй найман аймгийн эмнэлэг, сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, нийтийн тээвэр, дэлгүүр зэрэг есөн байгууллагыг хамруулна. Энэ онлайн судалгааг Тайланд, Чили улсад хийсэн. Гурав дахь орон нь манай улс болж байна” гэв. Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн Ж.Наранчимэг “Манай улсад тамхины хэрэглээ нэмэгдэж байна. Насанд хүрсэн хоёр эрэгтэйн нэг, 10 эмэгтэйн 2-3 нь тамхи татдаг. Нас баралт, эндэгдлийн 78 орчим хувь нь халдварт бус өвчнөөс үүдэлтэй.

Зүрх, судас, чихрийн шижин, хавдар, амьсгалын замын архаг өвчин зонхилж байгаа бөгөөд эдгээрийн үүсэх шалтгааны нэг нь тамхи. Энэ нь зөвхөн эрүүл мэндийн гэлтгүй нийгмийн асуудал болчихоод байна. Манайх тамхины онцгой албан татварын хувь хэмжээ хамгийн багатай улс. Монгол Улсад тамхины экспорт, импортын татварын хэмжээ дунджаар 32 хувь байна. Олон улсын валютын сангаас зээл авахдаа архи, тамхины онцгой албан татварыг 2019, 2020 онд 20 хувь нэмнэ гэсэн амлалт өгсөн. Гэвч 2018 он дуусах гэж байхад 10 хувиа ч нэмээгүй байна” гэж ярив.

Тамхи 7000 төрлийн химийн болон хорт хавдар үүсгэх 56 төрлийн бодис агуулдгийг мэргэжлийн эмч нь хэлж буй. Үүн дотроос никитон гэх бодис сэтгэц, биеийн хараат байдал үүсгэдэг, зан төрхийг өөрчилдөг бол тамхины бохь хавдрын эсийг идэвхжүүлэх гол хүчин зүйл болдог байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)