Тамирчин “Барби”-нууд

АНУ-ын Индиан-Уэллст энэ сарын 4-нд эхэлсэн тэмцээний өмнө дэлхийн хамгийн алдартай теннисчдийн нэг Наоми Осака нийгмийн сүлжээнд нэгэн пост оруулсан юм. “Хүүхдүүд нь надтай адилхан байхыг хичээдэг болсон гэж сүүлийн үед надтай уулзсан олон эцэг, эх хэлэх боллоо. Эдгээр үгс намайг маш их балмагдуулж байна. Энэ нь миний хувьд гэнэтийн цохилт, асар их үүрэг хариуцлага юм. Учир нь хүүхдэд шүтээн ямар чухлыг би сайн мэднэ. Надтай уулзсандаа их баярласан олон хүүхэдтэй энд тааралдаж, гарын үсгээ өглөө. Ийм үед нулимсаа арайхийн тэвчиж байлаа” хэмээн “Австралийн нээлттэй тэмцээн”-ий аварга ярьжээ.

Тэгвэл түүний олон сая дэмжигчдэд дуулгах сайхан мэдээ байна. Барби хүүхэлдэйг үйлдвэрлэдэг алдарт “Mattel” компани Наомигийн дүртэй шинэ хүүхэлдэйг борлуулахаар болжээ. Хүсэл, сонирхол өөр дэлхийн олон сая охидод зориулсан “Sheroes” (Эмэгтэй баатрууд) цувралын нэг баатар нь Н.Осака болж байгаа аж. “Охид хичээллэж буй спортоо хөвгүүдээс түргэн хаядаг гэсэн мэдээ бий. Мэргэжлийн тамирчин надад энэ нь их харамсалтай санагддаг. Энэ хүүхэлдэйг хараад спортоор хичээллэх, сонирхох охидын тоо нэмэгдэх байх” гэж Наоми ярьсан байна.

Тус компани энэ жил тохиох 60 жилийнхээ ойн хүрээнд “Sheheroes” цувралыг улам олон дүртэй болгохоор шийдвэрлэсэн бөгөөд Н.Осакагаас гадна доор дурдах тамирчдын дүр бүхий хүүхэлдэй худалдаанд гарах юм.

  • Олимпын хошой аварга, дугуйчин Кристина Фогель. 2018 онд гэмтлийн улмаас түүний хоёр хөл мэдээгүй болсон.
  • Азийн АШТ болон Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын хүрэл медальт, гимнастикийн спортын хамгийн хүнд элемент гэгддэг продунова үсрэлтийг хийсэн түүхэн дэх таван эмэгтэй тамирчны нэг Энэтхэгийн гимнастикч Дипа Кармакар.
  • 20.8 метрийн давлагаан дээгүүр гарч, эмэгтэйчүүдийн хувьд дэлхийн дээд амжилт тогтоосон серфингийн тамирчин Майя Габейра
  • Уран сайхны гимнастикийн Европын хошой аварга Ляйсан Утяшева

Ташрамд дурдахад, “Mattel” компани өмнө нь туялзуур жадчин Ибтихаж Мухаммад (хижаб өмсгөлтэй анхны “Барби”), боксын анхны олимпын аварга Николь Адамс, сноубордчин Хлоэ Ким, волейболчин Хуэй Жоци, хөлбөмбөгчин Сара Гама, гимнастикчин Габби Даглас нарын хүүхэлдэйг урлаж байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)