Т.Амаржаргалан: Ирэх жил хоёр хичээл тус бүрт 480-аас дээш оноо авахыг элсэгчдээс шаардана

БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалантай ярилцлаа.

-БСШУС-ын сайдын тушаалаар их, дээд сургуульд шинээр элсэх суралцагчдын босго оноог 480 болгож нэмэгдүүллээ. Хөдөлмөрийн зах зээлд шаардлага хангадаггүй, дипломтой ажилгүйчүүдийг цөөлөхөд энэ шийдвэр нөлөөлөх нь дамжиггүй.

Олон нийт болон их, дээд сургуулиуд үүнийг хэрхэн хүлээж авч байгаа бол?

-Их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог нэмсэнд олон нийт их талархалтай байгаа. Чанартай сайн боловсон хүчин бэлтгэх төрийн бодлого, олон нийтийн санаа зориг нэг байгаа нь сайн хэрэг. Цаашид бид хүссэн, хүсээгүй энэ замаар явна. Сургуулиудын зүгээс янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа. Гэхдээ зах зээлийн хуулиар чанарын ялгарал явагдах нь зүйн хэрэг.

Тиймээс бид их, дээд сургуульд оюутан элсүүлэх журамдаа бас өөрчлөлт оруулсан. Нэг мэргэжил дээр хоёроос доошгүй хичээлийн шалгалтын дүнг үндэслэнэ гэдэг энэ журмыг ирэх жилээс их, дээд сургуульд элсэгчид мөрдөж эхэлнэ. Тухайлбал, инженер болох хүсэлтэй элсэгч математик, физик, хуульч мэргэжилтэй болох нь математик, нийгэм гэх зэргээр хоёроос доошгүй хичээлээр тус тусад нь 480 оноогоо авсан байх ёстой.

Энэ жилийн хувьд үндсэн нэг шалгалтдаа 480-аас дээш оноо авах ёстой гэдэг шаардлага тавьж байна. Ингэснээр дээд боловсролын чанарт ахиц гарахын зэрэгцээ сургуулиудад хүнд тусах нь ойлгомжтой. Сүүлийн жилүүдэд оюутан элсүүлэх квотыг их, дээд сургуулиудын Удирдах зөвлөлөөс өөрсдөө тогтоодог болсноор аль болох олон элсэгч авахын тулд ганц хичээлээр шалгалт өгүүлдэг байж.

Тэр ч бүү хэл, зарим сургууль тухайн элсэгчийг эзэмших мэргэжилтэйгээ хаа хамаагүй байсан ч болно, ямар нэг хичээлээр 400 оноо аваад ир гэж найр тавьдаг завхрал бий болчихож. Энэ бүхнийг эхнээс нь цэгцлэхээр ажиллаж байгаа юм.

Ирэх жилээс элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг 100 хувь цахимаар засдаг болох гэж буй нь ч нөхцөл байдлыг ил тод, нээлттэй болгоход тустай гэж үзсэн.

-1000 хүнд ногдох их, дээд сургуулийнхаа тоогоор Монгол Улс дэлхийд толгой цохино гэдэг оргүй яриа биш. Чанаргүй боловсон хүчин бэлтгэдэг хувийн сургуулиудыг цөөлөх хэрэгтэй гэдэг.

Яам энэ талаар ямар бодлого баримталж байна вэ?

-Төр, засаг мэдээж бодлогоо үүнд чиглүүлж байгаа. Гэхдээ хүмүүсийн ярьдаг шиг шууд механикаар тоог нь цөөлнө гэдэг амаргүй. Бидний зүгээс их, дээд сургуулиудыг чанар, стандартын шаардлага хангаж байна уу, үгүй юү гэдэг үзүүлэлтээр шахаж байна.

Магадлан итгэмжлэлийн хугацаа нь дуусаж байгаа 10 гаруй сургуульд саяхан үнэлгээ хийж, заримд нь жилийн хугацаатай үүрэг даалгавар өглөө. Үйл ажиллагааны чиглэл ойролцоо нэг хэсэг нь хоорондоо нэгдээд, хамтарч ажиллая гэдэг санал гаргасан. Тав, зургаан сургууль нь үйл ажиллагаагаа зогсооё гэдэг саналаа өөрсдөө хэлж байна.

Гэвч энэ үйл явц ганцхан тушаалаар, нэг өдөрт хийгдэх боломжгүй зүйл. Сургуулиудын нөхцөл байдал, онцлогоос хамаараад, ажил янз бүрийн явцтай байгаа.

Өдгөө манайд багш мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг 41 сургууль бүгд чанартай сургалт явуулж байна уу гэдэг эргэлзээтэй. Тиймээс их, дээд сургуулиудын хөтөлбөрийн чанарын магадлан итгэмжлэлийн шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж байна. Тодруулбал, тухайн сургуулийн төгсөгчид ажил, амьдрал, нийгэмд хэр хурдан хөлөө олж, ямархуу үр дүнтэй байна вэ гэдгээр дээд боловсролын чанарыг хэмжих бодлого баримталж байгаа.

Мөн магадлан итгэмжлэлийн үйл явцыг сайжруулах ажил хийгдэж эхэлсэн. Өнгөрсөн жил их, дээд сургуулиуд 136 хөтөлбөр шинээр нээх санал ирүүлснийг магадлан итгэмжлэлийн шинжээчид хянаад, эцсийн дүнд яамнаас 36-д нь л зөвшөөрөл олгосон.

Нөгөөтэйгүүр, зарим салбарт энэ мэргэжлээр бид зөвхөн тэр тэр сургуулийн төгсөгчдийг ажилд авна гэх зэргээр нийгмийн шаардлага, зах зээлийн шалгарал явагдаад эхэлсэн гэнэ. Тэгэхээр аль аль талаасаа л асуудлыг шийдэх гарц эрэлхийлж байх шиг байна.

-Дээд боловсролын чанарыг сайжруулахад суралцагчийн мэдлэг чадвараас гадна багшийн хөгжил, хөтөлбөрийн агуулга, зорилго гээд олон зүйл хамаатай.

Өнөөдөр манай нийгэмд асуудлыг цогцоор нь шийдэх төрийн тогтвортой бодлого үгүйлэгдээд байх шиг санагддаг.

-Тэгэлгүй яах вэ. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дээд боловсролын салбарыг хөгжүүлэх таван чиглэлийг тодорхой тусгаад явж байгаа. Эхний ээлжинд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх зүйн орчноо шинэчлэхээр зорьсон. Их, дээд сургуулиуд өнөөдөр хэнийг хүлээж аваад, хэн болгож амьдралд бэлтгэн гаргах вэ гэдэг хөтөлбөрийн агуулгатайгаа уялдуулан хууль эрх зүйн өөрчлөлт хийх юм.

Өдгөө манай төгсөгчдийн 30 гаруй хувь нь л сургууль төгсөнгүүтээ мэргэжлийнхээ дагуу ажилд ордог. Бусад нь ажил олгогчдын хүсэлт, шаардлагатай нийцэхгүй байна гэж үзсэн учраас яамны зүгээс төгсөгчдийн мөшгих судалгаа хийх аргачлал боловсрууллаа.

Мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн болон ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгааны аргачлал гаргасан. Ингэснээр өнөөгийн ажил олгогчдын хүсээд байгаа эрэлтийн дагуу сургуулиуд төгсөгчдөө бэлтгэж, хөтөлбөрийн агуулгаа хөгжүүлэхэд дөхөм болж байна гэсэн үг.

Мэдээж хэчнээн сайн хөтөлбөр, сайхан орчин нөхцөл байлаа гээд багшийн хөгжил тааруу бол сургалтын чанар ахихгүй. Тиймээс энэ жилийг “Багшийн хөгжлийн жил” болгосон. ХААИС тэргүүтэй хэд хэдэн сургууль багшийн хөгжлийн хөтөлбөр гарган, үр дүнтэй хэрэгжүүлж байна.

Жишээ нь, багш хүн бусдыг сургаж хөгжүүлэхийн тулд өөрөө мэргэжлийн өндөр ур чадвартай, хувь хүний зан чанарын талаар ч манлайлагч байх ёстой гэх мэт үзүүлэлтийн дагуу ямар ямар ажил хийвэл зохилтой гэдгийг, эргээд түүнийг нь хэрхэн дүгнэх аргачлалыг хүртэл гаргасан байна билээ. Энэ бол сайн туршлага.

Багшийг чадавхжуулах чиглэлээр яамнаас Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Сингапурын зөвлөх багш нарыг уриад, инженерийн боловсрол олгож буй МУИС, ШУТИС, ХААИС гэсэн гурван сургуулийн таван хөтөлбөрт олон улсын туршлага амжилттай нэвтрүүлж байна. Дэлхий даяар энэ чиглэлийн боловсрол олгодог 140 гаруй сургууль нэгдэн “Инженер хүн сэтгэж олсон зүйлийнхээ загварчлалыг гарган, тэр дагуу бүтээгдэхүүнээ туршаад, үйлдвэрлэлд нэвтрүүлэх дөрвөн гол ур чадвартай байх ёстой” гээд CDIO хэмээх аргачлал боловсруулсан байдаг.

Сингапур дахь Азийн бүсийн төвийнхнийх нь дэмжлэгээр дараагийн шатанд бид МУБИС, СУИС, ҮБХИС-ийг нэмээд, зургаан их сургуулийн 160 багшаас 50-ийг нь сонгон мэргэжил арга зүйн сургалтад хамруулж, тэндээс 25 мастер багш бэлтгэх юм.

-Хэдхэн жилийн өмнө нэмэлт, өөрчлөлт оруулсан Боловсролын тухай багц хуулийг одоо дахиад өөрчлөх гэж буй гэв үү. Манайхан яагаад ийм ойр ойрхон хуульдаа “гар хүрээд” байдаг юм бол?

-Манайхан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зарчмын хувьд олон талаас нь бодолцохгүй, холыг харж чадахгүй байгаагийн уршгаар ойр ойрхон нөхөөс хийх шаардлагатай болдог. Энд нэг хэсэг хүн гомдол гаргахаар “Аан, энийг сайжруулах ёстой байна” гэдэг. Гэтэл тэнд зарим нь “Энэ чинь болохгүй байна” гээд шүүмжлэнгүүт дахиад л эргэж буцдаг.

Хэсэг бүлэг болгоны эрх ашигт нийцүүлэн ингээд нааш цааш савлаад байхаар эрх зүйн чадамж муутай, хүч нь сул хууль гараад байна. Тиймээс бүх нийтийн эрх ашгийг бодолцож, урт хугацаанд тогтвортой хэрэгжих зөв зарчим баримтлах нь чухал.

-Оюутны сургалтын зээлийг банкаар дамжуулахгүй олгохоос гадна хүүгүй, урт хугацаатай болгосныг эцэг, эхчүүд, оюутнууд таашааж буй. Гэхдээ аливаа юманд тодорхой шалгуур байх нь зүйн хэрэг. Хүссэн болгон зээл авна гэсэн үг биш байх?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан дээд боловсролын салбарт баримтлах таван чиглэлийн нэг нь оюутны хөгжил, нийгмийн баталгааны асуудал. Энэ хүрээнд “Оюутны хөгжлийн зээл”-ийн журмыг шинэчилсэн нь ирэх тавдугаар сарын 1-нээс мөрдөгдөнө.

Сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулж олгохоор хамтран зээлдэгч, барьцаа хөрөнгө шаардахаас эхлээд чирэгдэл ихтэй тул нэлээд удаашралтай байсан. Тиймээс одоо Боловсролын зээлийн сангаар дамжуулан оюутнуудад хүүгүй, барьцаагүй, урт хугацаатай зээл олгохоор боллоо. Гол шаардлага нь суралцагчийн голч дүн.

2.8-аас дээш голч дүнтэй бакалавр, 3.2-оос дээш голч дүнтэй магистр, доктор, ЭЕШ-д 600-гаас дээш оноо авсан элсэгчид зээл авах боломж нээлттэй. Бидний тооцоогоор улсаас жилд 35-37 мянган оюутанд зээл олгох боломжтой гэж үзсэн. Гэхдээ сургууль болон хөтөлбөрөөр нь квот хувааж байгаа.

Нэгдүгээрт, тухайн сургуульд суралцагчдын тоо Монголын нийт оюутны хэдэн хувийг эзэлж байгааг харгалзана. Хоёрдугаарт, тухайн оюутны судалж буй хөтөлбөр нь манай улсын цаашдын хөгжилд хэр ач холбогдолтой вэ, тэргүүлэх чиглэлийнх мөн үү гэдгийг нягталж үзэх юм.

Гуравдугаарт, төвлөрлийг сааруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хөдөөгийн сургуулиудад арай илүү давуу эрх олгоно гэсэн бодлогын дагуу квотоо хуваарилж байна. Түүнчлэн Засгийн газраас баталсан “Орлоготой оюутан” хөтөлбөрийн хүрээнд их, дээд сургуулиудад үүрэг даалгавар өгөөд, бусад яам, холбогдох газруудтай хамтран ажиллаж байна.

-“ХААИС бусадтай адилхан нягтлан бодогч бэлтгэх бус, санхүү, менежментийн ангийн оюутнуудаараа сум, багийг хөгжүүлэх төсөл, төлөвлөгөө боловсруулах зэргээр хөдөө орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц сургалт явуулмаар байна” гэж ХХААХҮЯ-ны нэгэн эрхэм хэлсэн нь ортой санагддаг. Их, дээд сургуулиудын судалгааг амьдралтай яаж ойртуулах вэ?

-Их сургуулиудын судалгаа шинжилгээ, инновацын асуудлаар Засгийн газар тодорхой бодлого баримталж байгаа. Энэ олон их сургууль байгаагийн хэрэг юу билээ, улс орныхоо хөгжилд ч бас хувь нэмэр оруулах ёстой.

Эдийн засгийн хөгжлийг дэмжих, утааг бууруулах, уул уурхайн асуудал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, төсөл, төлөвлөгөө боловсруулах шаардлага их сургуулиудын өмнө бий. Судалгаанд суурилсан дээд боловсрол гэдэг эндээс эхэлнэ.

Дээд боловсролтой хүн олон байгаа нь муу зүйл биш. Гагцхүү аль салбарт, ямар ур чадвартай хүмүүс бэлтгэж, хаана нийлүүлэх вэ гэдгээ төр, засаг бодлогоор төрөлжүүлэн, ангилах нь чухал.

-Их, дээд сургуулиудад сэтгэлгээний түүх буюу хувь хүний хөгжил төлөвшлийн тухай хичээл нэг хэсэг орж байгаад больсон гэдэг үнэн үү?

-Дээр хэлсэнчлэн дээд боловсролын хөтөлбөрийн агуулгын шинэчлэлд либерал арт буюу хүний хөгжил төлөвшлийн асуудлыг тусгаж байгаа. Өнөөдөр дэлхий дахинд боловсролтой хүнийг хэмжих үнэлэмж өөр болоод байна шүү дээ. 2016 оны Давосын эдийн засгийн чуулганы үеэр яригдсан ирээдүйн мэргэжилтэнд байх 10 шинж тэмдгийн долоо нь хувь хүний чадамж, сэтгэлгээний хөгжил, хүмүүжил, хандлага, дадалтай холбоотой байсан.

Их, дээд сургууль төгсөөд ирж байгаа мэргэжилтнүүдийн олонх нь өөрийгөө илэрхийлэх чадваргүй, ажлынхаа үр дүнг үзэх гэсэн зориг эрмэлзэлгүй, бүтээлч биш байдаг гэх шүүмжлэл манайд их гардаг.

Тиймээс оюутнуудад зөвхөн эрдэм мэдлэг олгоно гэж шахах бус, хувь хүн талаас нь хөгжүүлж, ирээдүйн мэргэжилтэнд шаардлагатай олон талын ур чадвар суулгахад анхаарч байна.

-Нэгэнт тантай уулзсаных нэг зүйл асуумаар байна. МСҮТ, Политехник коллежуудыг БСШУСЯ-наас салгаж, ХНХЯ-нд хариуцуулсан нь бодлогын том алдаа гэдгийг олон хүн шүүмжилдэг.

Үүнээс болж мэргэжлийн боловсролын салбар уналтад орлоо, тэнд суралцагсад их, дээд сургуулийн оюутнуудтай адил эрх эдлэхгүй, гадуурхагдаж байна гэдэг. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Мэргэжлийн боловсролын салбарыг хөдөлмөр эрхлэлт, ажлын байртай нь уялдуулах үүднээс ХНХЯ хариуцаад явж байгаа нь буруу юм биш л дээ. Гэхдээ мэргэжлийн боловсролын сургалт үнэхээр асуудалтай байгаа нь үнэн. Наад зах нь, МСҮТ, Политехник коллежуудын суралцагчдад ерөнхий эрдмийн хичээл зааж буй багш нарын мэдлэг чадвар, хөгжил доголдолтой байгаа нь анзаарагддаг.

Тиймээс тэнд ажиллаж буй багш нарын хөгжлийн асуудлыг боловсролын нэгдсэн системтэйгээ холбож, уялдуулах зайлшгүй шаардлагатай. Ер нь бол мэргэжлийн боловсролын салбарын бодлогыг харьяа яаманд нь хариуцуулж, нэг зарчмаар явах нь зүйтэй юм байна гэдэг асуудлаар сайд нар саналаа солилцоод, ажлын хэсэг байгуулсан. Тиймээс энэ асуудал мөдхөн нэг тийш шийдэгдэх болов уу гэж харж байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)