“Талын бүргэд”-ийг дэлхийд цуурайтуулсан буурал багш

-Аав тань юм уу?

-Тийм ээ, миний аав.

-Ааваараа дасгалжуулан, тэмцээнд оролцоод ямар гоё юм бэ.

Хоёр жилийн өмнө БНХАУ-д болсон олон улсын тэмцээнээс олимп, ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалайг “Рио-2016”-гийн эрх авах үеэр нэг тамирчин түүнээс ингэж асуужээ. Тухайн тэмцээнд түүнийг анхных нь багш, Гавьяат дас­галжуулагч Ё.Төмөрбатаа дасгалжуулсан нь олны анхаарлыг татсан хэрэг. Буурал багш шавиа 2006 оноос хойш олон улсын тэмцээнд дасгалжуулаагүй байсан тул өнөөх тамирчин таниагүй юм билээ. Тухайн үед тэрбээр шигшээгийн дасгалжуулагч нартай хамт тамирчдынхаа бэлтгэлийг базаан, гурван сар гаруйн хугацаанд гэртээ ч харих завгүй зүтгэснийх нь үр дүн тэгж гарсан юм. Түүгээр ч үл барам олимпын дэвжээнд ширэн бээлийтнүүдээ амжилтад хүргэхийн төлөө хичээн, бэлтгэл, цугларалт, олимпын эрх олгох тэмцээн гэсээр Дорнод руугаа, гэртээ ч харьж амжилгүй шууд “Рио-2016”-г зорьсон нь Д.Отгондалайг олимпын медальтан болоход нөлөөлсөн нь лавтай. Ё.Төмөрбатаа гавьяат олон жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн, олимпын медальт шавьтай болсондоо баярлаж суусан нь одоо ч нүдэнд харагдаж байна.

Монголын боксын өнөөгийн хөгжил, тамирчдын амжилтыг Дорнодын ширэн бээлийтнүүдгүйгээр төсөөлөхөд бэрх. Үүнд Гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Э.Идэрхүү, Н.Шинэбаяр, Э.Эрдэнэтуяа, Л.Алтанцэцэг, У.Шинэцэцэг тэргүүтэй олон шилдэг торнисон “Та­лын бүргэд” клубийн гавьяа үлэмж их. Энэ бол наран мандах нутагт боксын спортыг хөгжүүлэхийн төлөө насаараа зүтгэн, дэлхийн энтэй тамирчин олныг бэлтгэж буй Ёндонгийн Төмөрбатаагийн уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр шим гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Түүнийг Монголын боксын спортод томоохон орон зай эзэлдгийг өдгөө үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд дөрвөн (Д.Отгондалай, Э.Эрдэнэтуяа, Л.Алтанцэцэг, У.Шинэцэцэг) шавь нь багтаж, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулахын төлөө зүтгэж буйгаас харж болно.

Багадаа хөлбөмбөгөөр хичээллэн, шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцож явсан Ё.Төмөрбатаа боксын спортод хөл тавьсан түүх их сонин. Тэрбээр хөлбөмбөг тоглохын хажуугаар Ардын багш Д.Банди, ОУХМ С.Гом­бо нарын хамт тухайн үеийн “Барилгачин” нийгэмлэгийн дасгалжуулагч Сэрээтэрийн удирдлагад боксоор хичээллэдэг байж. 1970 онд цэргээс халагдсаныхаа дараа УБТЗ-ын Зүтгүүрийн депод машинчаар оров. Нэг өдөр С.Гомбо түүнийг боксын хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг ятгажээ. Тэгээд бүр 60 кг-д. Ардын багш Х.Алтанхуяг тухайн үед Азийн аварга болчихсон, Монголдоо байтугай тивдээ босоо байсан үе. Найзынхаа ятгалгаар анхныхаа тэмцээнд оролцон, өрсөлдөгчдөө ялсаар түүнтэй аваргын төлөө тунаж үлдэв. Улсынхаа шилдэг боксчинтой гурван үе ана мана, ач тас өрсөлдөн, 2:1-ээр дийлдэн, мөнгөн медаль хүртсэндээ их урамшжээ. Орой нь гэртээ харьтал аав нь түүний тоглолтыг зурагтаар үзсэнээ дуулган “Миний хүү хэдий завандаа ингэж айхтар зодолдож сурсан юм бэ. Сайн байна. Алтанхуягийг ялах дөхсөн” хэмээн магтсан гэнэ. Төд удалгүй тэрбээр улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, ажлаас нь өдөрт дөрвөн цагийн чөлөө олгох тушаалыг удирдлага нь гаргажээ. Ингэснээр депод дөрвөн цаг ажиллаад, бэлтгэлээ төдий хугацаанд хийх болсноор боксын спортод хөл тавьсан түүхтэй.

Ё.Төмөрбатаа 1983 он хүртэл боксын дэвжээнд өрсөлдөхдөө чамлахааргүй амжилт гарган, спортын мастер цол хүртжээ. Тэгж байтал Монголын боксын холбооноос түүнд Дор­нод, Эрдэнэт, Дархан-Уул аймгийн аль нэг рүү нь явж, боксын спортыг хөгжүүлэх даалгавар өгөв. Тэрбээр эхнэрийнхээ төсөн нутгийг бараадан, Дорнодыг сонгосон нь өнөөгийн үйл хэргийнх нь эхлэл байлаа. Таван жилийн томилолт авч очихоосоо өмнө Д.Банди агсантай хамт “Замчин” нийгэмлэгт дасгалжуулагчаар ажиллан, УАШТ-д багаараа цөөнгүй түрүүлсэн нь Ё.Төмөрбатаад их туршлага болсон гэдэг. Түүнийг Дорнодыг зориход нь боксын хүрээнийхэн “Чамайг зүүн хязгаарыг төвхнүүлэх сайдаар томиллоо” хэмээн хошигножээ.

Гэрээ ачаад тус аймагт очсон түүнд анхандаа боксын спортыг хөгжүүлэх байтугай хөлөө олоход ч амаргүй байсан гэдэг. Нутгийн залуус “Өнөөх айхтар боксчин явж байна. Хэр хүчтэй цохидгийг нь харъя” гээд өднө. Хэдийгээр хүний газар яваагаа цэнэн, олны дээрэлхэхийг дуугүй өнгөрч байсан ч очсон жилээ цээжиндээ хутгалуулжээ.

Ё.Төмөрбатаа багш дугуйлан ажиллуулахын зэрэгцээ Дорнодод боксын спортыг сурталчлах зорилгоор аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 1984 онд зохиосон ч амжилтгүй болжээ. Учир нь дүрэм мэдэхгүй залуус рингэн дээр гарангуутаа хамаа, замбараагүй зодолдон, хориотой цохилт хийхээр нь торгоход тамирчид төдийгүй үзэгчид бухимдан, гайхсан гэдэг. Эцэст нь аргагүйн эрхэнд тус тэмцээнийг цуцалсан юм билээ. Гэхдээ тэр бүхэн Дорнодод боксын спортыг хөгжүүлэхийг зорьсон түүний хүслийг мохоож, мөрөөдлийг нь бөхөөж чадаагүй. Харин ч эсрэгээрээ улам ирлэсэн гэнэ.

Тэрбээр орос цэргүүдийн байрлаж байсан байрыг гэр бүлийнхэн, хамаатнуудтайгаа элбэж засварлан, “Талын бүргэд” клубээ 1990 онд нээхэд нэг ч тамирчин бүртгүүлсэнгүй. Тухайн үед Дорнодод бокс хөгжөөгүй байсны зэрэгцээ үүнд нөлөөлсөн бас нэг шалтгаан бий. Түүнийг тус аймагт очихоос олон жилийн өмнө боксоор хичээллэдэг байсан Мөнхөө гэдэг залуу гудамжаар явж байгаад тоосгонд цохиулсны улмаас саажилттай бол­сон юм билээ. Гэтэл дорнодчууд түүнийг бокс тоглосны балгаар хүнд бэртсэн гэж андуурч явдаг нь үүнд нөлөөлжээ. Эцэг, эхчүүд “Бокс тогловол хүүхэд маань Мөнхөө шиг мангар болно” гээд ер халгаагаагүй гэнэ. Ё.Төмөрбатаа багш цөхрөнгөө барахдаа тухайн үед МБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Отгонбаярт захидал илгээжээ. Холбооноос нь “Мөнхөө бокс тоглосны балгаар бус, тоосгонд цохиулсны улмаас бэртсэн” гэсэн утга бүхий албан бичиг илгээн байж олны төөрөгдлийг арилгасан гэдэг юм. Бокс сонирхсон хүүхдүүд ганц, нэгээр нэмэгдэж ирсээр дараа жил нь “Та­лын бүргэд” танхимдаа багтахааргүй олон шавьтай болжээ.

Ё.Төмөрбатаа гавьяат Дорнод руу томилолтоор явахдаа МБХныхонд “Гурван жилийн дараа залуучуудын УАШТ-д тамирчдаа түрүүлгэнэ. Насанд хүрэгчдийнхэд арай чадахгүй байх” гэж амласан нь биелэх тун дөхсөн. 1987 оны УАШТ-д багаараа аман хүзүүдэн, дараа жил нь гурван, алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар түрүүлж, анхдагч болжээ. Орон нутгийн тамирчид багийн дүнгээр улсынхаа дэвжээнээс анх удаа алтан цом өргөсөн нь тэр. Хөдөлмөр, зүт­гэ­лийнх нь үр шим гарч эхэлсэнд урамш­­сан тэрбээр 1989 онд УАШТ-ийг Дорнодод зохион байгуулжээ. Ё.Төмөрбатаа тэр үеэс хойш УАШТ-ийг ганц ч удаа өнжөөгүй, багаараа медалиас мултраагүй. Өдгөө түүний олон шавь шигшээ багт тоглохын зэрэгцээ шүүгч, дасгалжуулагчаар ажиллаж байна. Зөвхөн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар л гэхэд Б.Эрдэнэбаяр, Б.Энхтайван нар ажилласныг тодотгоё. 2011 онд Гавь­яат дасгалжуулагч болсон буурал багшийн нэрэмжит олон улсын тэмцээнийг Дорнод аймагт жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Хаа холын Дорнодоос тамирчидтайгаа хамт Улаанбаатарт ирж, тэмцээнд оролцох амаргүй нь мэдээж. Энэ тухай Д.Отгондалай гавьяат “2004 онд УАШТ-д оролцохын тулд тамирчид, багшийнхаа хамт 18-уулаа “УАЗ-469” машинд чихцэлдэн суугаад нутгаасаа нийслэлийг зорьсон юм. Гэтэл Хэнтий аймаг өнгөрч явтал машин эвдэрчихэв. Аравдугаар сарын сүүлч байсан тул нэлээд жиндүү. Тэмцээн болох хугацаа дөхчихсөн бүгдээрээ сандрав. Тэгж байтал азаар “Пор­тер”-той жолооч таарч, тэвшин дээр нь бүгд суугаад Улаанбаатарт ирсэн. Өнөөх жолоочоороо тэмцээн болох газарт хүргүүлэн, ордонд нь оронгуутаа хувцсаа солин, тоглож билээ. Багаараа түрүүлсэн тэр жилийн УАШТ санаанаас ер гардаггүй юм. Бидний төлөө бүхнээ зориулдаг багшаараа бахархдаг. Дорнодоос машинд олуулаа шахцалдан сууж явсаар тэмцээнд оролцоно, замын зардал, тамирчдын хоол хүнс гээд бүхнийг багш л зохицуулдаг. Энэ бүхнийх нь үр шимээр бид амжилтад хүрч яваа. Багадаа нэг тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байв. Цагаан сарын өмнөхөн байсан юм даг. Гэтэл сар шинээр баахан бууз, банш идээд жингээ хэтрүүлчихэв. Багшаас айгаад үхрийн саравчинд нуугдаад үлдчихэж билээ” хэмээн дурсав.

Шавь нар нь Ё.Төмөрбатаагийн гэргий Д.Ичинхорлоог төрсөн эхээсээ дутахгүй хүндэлдэг юм билээ. Бүгдийг нь төрсөн үр шигээ хайрлан, бокс тоглож эхлэхээс нь авхуулаад бэртэж, гэмтэн, ханиад хүрэхэд нь хүртэл асарч тойлдог болохоор арга ч үгүй биз ээ. Тэмцээнд ийш, тийш явах, амжилт гаргасан, ялагдсан энэ тэр гээд элдэв сонингоо хамгийн түрүүнд буурал багшид болон эхнэрт нь дуулгадаг гэнэ лээ. Тэрбээр заримдаа эхнэрээ “Би багш нь юм уу, чи багш нь юм уу” хэмээн цаашлуулдаг гэсэн.

Ё.Төмөрбатаа багшийн зээ Л.Ангараг, Л.Өнөболд нар боксоор хичээллэдэг. Өсвөрийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын гуравхан эмэгтэй боксчины нэг (нөгөө нь М.На­муун, М.Энх­жаргал), Азийн АШТ-ий хүрэл медальтай Л.Ангараг 16 нстайдаа буюу 2016 онд насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртэн, дараа жил нь түрүүлж, шуугиулсан. Ё.Төмөрбатаа багш зээ охиндоо “Бокс тоглох эмэгтэй бай­тугай эрэг­тэй хүүхдэд хэцүү. Хичээлдээ илүү анхаарч, боловсрол эзэмших хэрэгтэй” хэмээн захихад нь “Эцсээ хүртэл тоглоно. Олимп, дэлхийн аварга болохын төлөө сөхөрч унатлаа зүтгэнэ” гээд тас гүрийсэн гэнэ.

71 настай Ё.Төмөрбатаа гавьяатын үйл хэргийг хүү Т.Эрдэнэбаяр нь үргэлжлүүлэн, “Талын бүргэд” клубийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. 2004 онд МУБИС-ийг дасгалжуулагч мэргэжлээр төгссөн тэрбээр хэдхэн хоногийн өмнө Ни­дер­­­ланд улсад болсон олон улсын тэмцээнд шавь нараа дасгалжуулан, алт (Л.Алтанцэцэг), хүрэл (Э.Эр­дэнэ­туяа) медаль хүртсэн. Өдгөө клубийнхээ зөвлөх дасгалжуулагчаар ажиллаж буй Ё.Төмөрбатаа тамирчдаа тэмцээнд оролцуулахын тулд жилд багдаа 3-4 удаа нийслэлд ирдэг. Ер нь Дорнодын боксчид ирсэн л бол тэрбээр хамт яваа л гэж ойл­­гоход болно. Лап барин залуу тамирчдын хүчтэй цохилтын аяыг даах, бэлтгэл, цугларалт, тэмцээнд өрсөлдүүлэх гээд бүхий л зүйлд түүртэлгүй зүтгэж яваа түүний үеийнхэн аль хэдийн гавьяаныхаа амралтад гарсан. Харин тэрбээр тэгж суухыг хэзээ ч хүсдэггүй гэнэ. “Лапаа барин, хүүхдүүдийнхээ бэлтгэлийг хийлгэх үнэхээр сайхан. Шавь нар зөв техниктэй цохин, заасан зүйлийг хурдан сурахаар сэт­гэл хөдлөн, ядарснаа мартдаг. Заримдаа бүр залуужих шиг болдог. Би бэлтгэлээс бусад үед загас, жараахай эргүүлэн голын эрэг дээр өнждөг” хэмээх Ё.Төмөрбатаа гавьяат өдгөө Чойбалсан хотод амьд­ран, Дорнодын талд боксчид “тарьж”, үндэсний шигшээ баг руу “үйлдвэрлэж” сууна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)