Талибууд Москвагийн уулзалтад оролцоно

Хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид ирэх сарын 4-нд Москва хотод болох Афганистаны байдлыг зохицуулах уулзалтад оролцоно гэж ОХУ-ын ГХЯ-ны Азийн хоёрдугаар газрын захирал Замир Кабулов “Известия” сонинд мэдээлжээ.

“Wall street journal” сонин эх сурвалжаасаа эш татан мэдээлснээр Афганистаны Засгийн газраас тавьсан, исламын шашны ариун гэгдэх гурван сарын хугацаанд түр эвлэрэх саналаас татгалзсан талибууд Оросын урилгыг хүлээн авсан байна. Москвагийн уулзалтад Афганистан, Орос болон тус бүс нутгийн төлөөлөгчид оролцоно. Хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ийм зөвлөгөөн болжээ. Гэхдээ “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид уулзалтад оролцдоггүй байжээ.

Афганистаны байдал түгшүүртэй хэвээр байна. Тус улсын үлэмж газар нутгийг эзэлсэн “Талибан” хөдөлгөөнийхөн томоохон хотуудад үе үе халдаж, түүнд нь жирийн иргэд олноороо өртдөг. Мөн “Исламын улс” бүлэглэлийн нөлөө тус улсад газар авчээ.

Афганистаны эрх баригчид талибуудтай түр гал зогсоох гэрээ байгуулж, 444 хоригдлыг суллахаар төлөвлөж буйгаа өнгөрсөн ням гарагт зарласан билээ. Үүний сацуу “Талибан” хөдөлгөөнийхөн ч хорьж буй хэдэн зуун хүнийг чөлөөлнө хэмээн мэдэгдсэнийг “TOLO news” телевиз уламжилсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)