Такси компаниуд дампуурахад ойрхон байна

Цагаан бээлий, цагаан цамц, хар өнгийн хослолтой дэгжин эр угтан авч, ачааг тээшинд хийв. Өчүүхэн төдий тоос тортог үл харагдах цэвэр, тохилог, тансаг зэрэглэлийн машинаас таатай үнэр ханхална. Зорьсон газар тодорхой болохоор замын турш санаа зовох асуудал байсангүй. Хагас цаг давхиад зогслоо. Төлбөр нь ч тооцоолж байснаар гарчээ. Сууж, буухад хаалга онгойлгож, гар түшиж “халамжлах” жолоочийн хандлагаас өндөр хөгжилтэй орны үйлчилгээний соёлыг гайхан шагшиж асан цаг бий.

“Улаанбаатар хотын таксины үйлчилгээ шинэ шатанд гарна” хэмээн нийслэлийн үе үеийн удирдлага, уг асуудлыг хариуцан толгойлдог дарга, мэргэжилтнүүд барин тавин хэлсээр өдий хүрсэн. Амлалтаа биелүүлэхийн тулд өөрсдийн чадал боломжийн хэрээр ажилласныг нь бас үгүйсгэж болохгүй. Гэхдээ л Монгол Улсын хөгжлийн нэг нүүр царай болсон таксины үйлчилгээний хүртээмж жилээс жилд улам хумигдаж, агшин давжаарсаар байна.

Тодорхой хэлбэл, 2002-2003 онд таксины үйлчилгээ эрхлэгчдийн тоо дээд цэгтээ хүрч, 74 байгууллагын 5000 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байв. Ингэснээр нийслэл хотын 1000 хүн тутамд 3-4 такси ногдож, дэлхийн хөгжингүй орнуудын хэмжээнд хүрсэн хэмээн салбарынхан дүгнэж байлаа.

Гэвч өнөөдөр хувийн хэвшлийн наймхан аж ахуйн нэгж, байгууллагын 560 орчим тээврийн хэрэгсэл такси үйлчилгээнд явж байна. Судалгаанаас харахад, таксины үйлчилгээний хүртээмж Монголд дэлхийн жишгээс 8-10 дахин бага байгааг тогтоожээ.

“Бид үнэхээр л улс орны нүүр царай юм бол нүүрээ угаах боломжийг төр, засаг минь олгооч” хэмээн “ТЭБЭ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Тэрбиш учирлав. Чухам тэрхүү боломж нь эхний ээлжинд таксины үйлчилгээний үнийг төрөөс тогтоохоо больж, чөлөөлөх хэрэгтэй гэлээ. “Хувийн компани дампуурах, эсэх тухайн аж ахуйн нэгжийн эздийн л асуудал. Таксины тариф зах зээлийнхээ жамаар, бодитоор тогтоох боломжийг бүрдүүлбэл Монгол Улсад таксины үйлчилгээ дэлхийн жишигт хүрч, жинхэнэ утгаараа хөгжинө” гэж тэрбээр ярилаа.

Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёлын төв болгох зорилт бий. Харин энэ зорилтдоо хүрэх нэг тулгуур нь таксины үйлчилгээний, чанар, хүртээмж, аюулгүй байдал. Гэтэл өнгөрсөн гурван жилийн судалгаагаар таксины үйлчилгээтэй холбоотой 20 мянга орчим гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн баримт байна. Энэ нь хувиараа таксины үйлчилгээ эрхлэгчид буюу “халтуурчид” 30-40 мянга байгаатай холбоотой гэж “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” компаниас гаргасан судалгаанд дурджээ.

Хөгжилтэй орны жишээг харъя. Сөүл хотын хэмжээнд албан ёсны зөвшөөрөлтэй 80 мянган такси үйлчилгээнд явдаг бөгөөд хувь хүмүүст энэ төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгодог. Сингапурт өдөр тутам 78 мянган такси үйлчилдэг. Мөн компаниудын машин бүгд өөр өөрсдийн гэсэн өнгөтэй. Москвад өдөрт 14 мянган такси хөдөлгөөнд оролцдог агаад нийт таксины үйлчилгээний зургаан хувийг төр нь эзэмшдэг юм байна. Европын орнууд нэг, хоёрдугаар эгнээгээр автобус, такси зорчихыг зөвшөөрдөг. Харин гуравдугаар эгнээг зөвхөн хувийн машинтай иргэдэд зориулдаг тогтолцоо үйлчилж байна.

Улаанбаатар хотын таксины үйлчилгээг сайжруулах, тоог нэмэгдүүлэх, стандартыг мөрдүүлэх, ийм үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг бодлогоор дэмжих зорилго чиглэлтэй Хотын мээрээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгээс гаргасан тайлангийн дүгнэлтэд технологийн дэвшилд буюу GPS, төлбөр тооцооны ухаалаг системд суурилсан таксины тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхэд гол анхаарлаа хандуулж буйг дурджээ. Тэрчлэн таксины үйлчилгээг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлснээр 500 гаруй ажлын байр шинээр бий болно гэсэн тооцоолол ч гаргажээ.

“Төр, засаг өнгөрсөн 20 жилийн хугацаанд таксины үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор хийн хөдөлгүүртэй автомашинд ногдох гаалийн татварыг 100 хувь чөлөөлсөн удаа бий. Эл шийдвэрийн үр дүнд жилд хийн хөдөлгүүртэй 60-70 машин оруулж ирж байлаа. Гэтэл 2017 онд энэ татварыг эргээд 50 хувиар тооцож авах шийдвэр гарснаар таксины үйлчилгээний нэг ч компани шинээр машин худалдаж аваагүй. Байдал энэ янзаараа үргэлжилбэл нэг жилийн дараа таксины үйлчилгээний наймхан компанийн хэд нь хаалгаа барихыг хэлж мэдэхгүй байна” гэж “ТЭБЭ сервис” ХХК-ийн ерөнхий захирал анхааруулж байна.

Бэлтгэсэн: Ц.Хэрлэн

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Илүү тэнгэртэйд нь баригддаг Улаанбаатарын такси

Нийтийн тээврийн үйлчилгээ гэхээр манайхны санаанд хамгийн түрүүнд том, жижиг оврын автобус буудаг байх. Угтаа такси ч нийтийн тээврийн үйлчилгээнд хамаардаг. Гэхдээ манайд нийтийн тээврийн үйлчилгээг яг ном ёсоор нь үзүүлдэг, нийслэлийн холбогдох газарт “данстай” такси компани гарын арван хуруунд багтахаар цөөн. Баяр ёслолоор такси дуудах гэж тал тал тийш утасдаж, дэмий л нэгжний мөнгөөрөө “шатаад” аль ч үгүй хоцордгийн зовлонг хэн хүнгүй мэдэх биз ээ. Ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь баригддаг “халтуур”-ын таксины жолоочийг царайчлан, “Хаашаа явна гэж хэлбэл машиндаа суулгах бол” хэмээн хүйтний хажуугаар бинго таавар давхар бодож зогсдог над шиг хүн олон байх. Нийслэлд таксины зориулалтын зогсоол хэдхэн байдгийн нэг нь Эрх чөлөөний талбайн урдах талбай. Өчигдөр үдээс өмнө тус зогсоолд 40 гаруй минут зогсоход симфортой такси хүний урманд ганц ч ирсэнгүй. Ерөөс энд хувиараа такси үйлчилгээнд явдаг хүмүүс ч тун цөөн ирж зогсдогийг тасалбар түгээгч эр хэлнэ билээ. Том, жижиг нийлсэн таван автомашин эл талбайд байсан нь “төлбөртэй зогсоол”-ын үйлчилгээ авсан хүмүүсийн унаа аж. Өөрөөр хэлбэл, албан ёсоор нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг таксинуудад зориулан нийслэлийн Тээврийн газраас зөвшөөрөл олгосон энэхүү зогсоолыг зориулалтын дагуу ашигладаггүй гэсэн үг. Ашиглая гэх нь ээ, хувь, хувьсгалын таксинууд гадуур үйлчилгээнд яваад угаасаа сул зогсох завгүй тул дэмий суухаар ядаж ингээд ч болов хэд гурван төгрөг нийслэлд төвлөрүүлж байсан нь дээр бололтой.

Улаанбаатарт такси аль эрт “хаданд” гарсан учраас хэн дуртай нь өнөөдөр “халтуур” хийж байна. Ажил, гэр рүүгээ явах далимдаа хэдэн төгрөг олчих санаатай нөхөд зам дээр гар өргөн зогсох хүмүүсээс нас, зүсээр нь шилж сонгох нь холгүй дээгүүр загнах нь ч бий. Өөрсдөө хотын зам, газар мэдэхгүй байж “Замаа олигтой заасангүй”, мэдээжээр илүү мөнгө нэхчихээд “Мөнгөө төлж чадахгүй бол битгий такси барьж бай”, зарим нь бүр “Түгжрэлтэй зам руу хүн орууллаа, буу” гэх мэтээр “халтуурчдад” толгой, түрийгүй загнуулах тохиолдол бишгүй. Одоо бүр муу арга сурчихсан, өөдөөс нь хэдэн үг хэлэнгүүт утсаараа бичлэг хийгээд, “Фэйсбүүкт үүнийг тавихаар яахыг чинь харна аа” гэж дарамталдаг болсон байна билээ. Ийм явдал саяхан надад тохиолдож, баахан бухимдуулсан юм даг. Гэтэл нэг найз минь “Би бас саяхан таксины жолоочтой маргатал бичлэг хийгээд фэйсбүүкт тавина гэсэн. Нэгэнт бичлэг хийлгэж байгаа юм чинь гээд цоглог гарсаан. Фэйсбүүкт миний бичлэг тавигдсан байвал битгий гайхаарай. Харин тэр жолоочийг пост оруулсан хаягаар нь олоод, цагдаад мэдэгдэнэ дээ” гээд шоолонгуй ярьсан. Сүүлд бодох нь ээ, нээрэн тэр нь ч дээр байсан юм шиг.

Чоно борооноор гэдэг шиг хүмүүсийн эрэлт хэрэгцээгээр далимдуулан, хэтэрхий бүдүүлэг, ёс суртахуунгүй, увайгүй загнадаг иймэрхүү нөхдөд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах гэхээр 

“Хууль бусаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа гэдгийг нь нотолж тогтооход бэрх байдаг”

хэмээн албаны эх сурвалж учирласан. Ингээд бодохоор Улаанбаатарт таксины үйлчилгээний соёл, стандарт гэх зэрэг “тэнгэрийн” юм ярихаасаа өмнө хүртээмжийн тухай эхлээд хөндөх нь зүйтэй болов уу.

Замын түгжрэлээ шийдэж дөнгөхгүй ядаж буй манай хотын хувьд гэр бүлийн гишүүн бүр машинаа унаад гардгийг болиулахын тулд нэн түрүүнд таксины үйлчилгээг хүртээмжтэй, найдвартай болгох шаардлага бий. Тиймээс нийслэлийн Тээврийн газраас бодлогоор зохицуулалт хийж, хувиараа таксины үйлчилгээнд явж буй хүмүүсийг аль нэг компанид бүртгүүлэн, амины машинтайгаа албаны ажил хийх боломжоор хангах болсон. Нэгэнт нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа учраас үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, тав тухыг бодолцоод тухайн хүнд энгийн гурван шаардлага тавьж буй аж. Таксины үйлчилгээнд явах машин нь буруу талдаа жолооны хүрдтэй байж болохгүй, үйлдвэрлэснээс хойш 10 жил хүртэлх насжилттай, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх гэсэн нь наад захын шаардлага. Гэвч манайд өдгөө таксины үйлчилгээнд хамгийн түгээмэл явж буй “Аксент”, “Соната” нь насжилтаар, “Приус” нь буруу талдаа жолооны хүрдтэй, жолооч нар нь мэргэшээгүй гэсэн шалтгаанаар тэнцдэггүйг нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа хэлэв. Ямартай ч такси дуудлагын гэх тодотголтой янз бүрийн компани, элдэв аппликэйшн иргэдийн цаг, мөнгийг дэмий үрдэг явдлыг цэгцлэхээр тус газрынхан ажлын хэсэг байгуулсан байна билээ.

Бэлтгэсэн: Л.Ганчимэг

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Д.ОТГОНБААТАР: “Халтуурчид” байгаа цагт хөгжих боломжгүй

Таксины үйлчилгээ эрхэлж буй компаниудын тоо жилээс жилд цөөрөх болжээ. Хоёрхон жилийн өмнө 11 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байснаас өдгөө найман компанийн 500 гаруй такси л албан ёсны эрхтэйгээр үйлчилж буй. Уг нь 1.5 сая хүн амтай метрополис хотод 4-6 мянган такси тогтмол үйлчлэх шаардлагатай гэсэн тооцоо байдаг аж. Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлын нэг болох таксины үйлчилгээг өргөжүүлэхэд ямар зохицуулалт шаардлагатай байгааг нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатараас тодрууллаа.

-Таксины үйлчилгээ эрхэлж буй компаниуд жил ирэх тусам цөөрөөд байгаагийн шалтгаан юу вэ?

-2006 оноос өмнө таксины үйлчилгээний компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Харин тухайн онд манай улсад автомашины лизингийн үйлчилгээ нэвтэрч, хуучин машин олноор борлуулж эхэлснээр таксины үйлчилгээ хумигдсан. 

Өөрөөр хэлбэл, машин худалдаж авах иргэдийн тоо олширч, түүнийгээ дагаад хувиараа үйлчилгээ эрхлэгч буюу “халтуурчид”-ын тоо өссөн. 

Дуртай нь машинаараа зорчигч тээвэрлээд эхлэхээр албан ёсны байгууллагын таксийг дуудах хүн цөөрч, олонх нь зам дээр гараад л “гар өргөдөг” боллоо. Мөн бас нэг асуудал нь таксины үйлчилгээ эрхэлж буй компанид жолооч олдохгүй байна. Өөрсдийн автомашинаараа халтуур хийх нь цалин авч, ажиллахаас илүү орлоготой учраас таксины жолоочоор ажиллах хүн тун цөөн. Хөдөлмөрийн насны залуучууд олноороо гадаадад ажиллахаар явдагтай ч холбоотой байж мэднэ. Дараагийн нэг шалтгаан нь жолооч нараа хэдэн жил ажиллуулаад, автомашиныг нь хувьчилдаг таксины компаниудын маркетангийн арга. Гурван жил ажилласан жолооч автомашинаа хувьдаа аваад “халтуур”-аа л хийнэ. Энэ мэт шалтгаанаас таксины үйлчилгээ өргөжихгүй байна.

-Албан ёсны таксины үйлчилгээг өргөжүүлж, хөгжүүлэх ямар арга байна вэ?

-Монгол Улсын хууль, дүрэм, стандартын дагуу зүүн талдаа жолооны хүрдтэй автомашиныг лизингийн үйлчилгээнд хамруулах, мөн таваас дээш жил унасан автомашинд дээрх үйлчилгээг олгохгүй байх зохицуулалт хийх хэрэгтэй байна. Ингэж чадвал хувиараа зорчигч тээвэрлэж байгаа иргэдийг цөөлж, компаниуд өргөжих боломж бүрдэнэ.

Бэлтгэсэн: Ж.Уранмандал

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

Таксины үйлчилгээний чанар, хүрэлцээ ямар байна вэ?

Б.БАТБАЯР (Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн):

-Такси барих шаардлага үе үе гардаг. Ажлаа тарчихаад их ядарсан тул таксинд суусан юм. “Бөмбөгөр” худалдааны төвөөс Тээврийн цагдаагийн газар хүртэл түгжрэлтэй байсан болохоор хэсэг зүүрмэглэж байгаад сэртэл ардаас нэг хүн миний хоолойг боосон. Тэд намайг согтсон, мөнгөтэй явж байна гэж бодсон байх. Машины хойд суудалд өөр нэг хүн нуугдчихсан байсныг би анзаараагүй юм. Зарим жолооч “балгачихсан” иргэдийн халаасыг тэмтрэхийн тулд олзуурхан машиндаа суулгадаг гэж сонсож байсан болохоос надтай таарна гэж төсөөлөөгүй. Түүнээс хойш эхнэрээ таксинд суулгахдаа тухайн автомашины улсын дугаар, маркийг нь бичиж авдаг болсон. Үүнээс гадна ажил, гэрийн хооронд өөрийнхөө машинтай явахад гурван км зам туулсан байдаг. Такситай явахад дөрвөн км гарчихдаг. “Халтуурчид” машиндаа жижигхэн дугуй хийж зориуд их зам туулсан мэт болгодог гэх яриа байдаг. Энэ үнэний ортой байж мэдэх юм. Дээрх тохиолдлоос харахад, манай улсад таксины үйлчилгээний чанар, аюулгүй байдал хангалтгүй гэхэд хилсдэхгүй.

О.ЭРДЭНЭДАЛАЙ (Финланд улсын харьяат иргэн):

-Монголын таксины үйлчилгээн дэх хэд хэдэн дутагдалтай зүйлийг ажигласан. Финланд улсад бүх такси нэгдсэн тэмдэглэгээтэй. Жолооч нар нь олон жил ажилласан туршлагатай, төлбөрийн тогтсон тарифтай байдаг. Намайг монгол хэлээр сайн ярьж чадахгүй, зам мэдэхгүйг далимдуулж “Замаа заагаарай” гэж хэлээд мэдэхгүй газраар явах тохиолдол цөөнгүй гарсан. Илүү мөнгө ч авдаг. Хэрэв би эд зүйлээ машин дотор үлдээчихвэл олж авах боломжгүй санагдсан. Ямар жолооч надад үйлчилж байгааг мэдэх аргагүй. Мөн аюулгүй байдлаа хангаж ажилладаг жолооч ховор юм билээ. Нэг удаа дуудлагын таксины үйлчилгээний газар руу залгаж цаг тохирох гэтэл “Боломжгүй” гэж хариулсан. Уг нь ажлын цагаа тааруулж унаа түрээслэх нь хугацаа хэмнэдэг.

Х.ХҮРЭЛБААТАР (Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн):

-Таксины хүртээмж хангалттай сайн. Түгжрэлтэй үед нэг газраа удаан зогсохоор шатахуун их зарцуулдаг, хамаг цагаа үрдэг зэрэг шалтгаанаар л заримдаа такси олддоггүй байх. Цэцэрлэг, сургууль тарах үеэр түрээсийн унаа олдохгүй байх хэцүү л дээ. Гэхдээ манай улсад такси компани байгуулах шаардлагагүй. Машинтай иргэдийн тоо өдрөөс

өдөрт л нэмэгдэж байна. Эхлээд замын хөдөлгөөний ачааллаа бууруулах хэрэгтэй. Автомашинуудыг улсын дугаараар хязгаарлах нь тохиромжтой арга. “Халтуур” хийж байгаа иргэд хоолныхоо мөнгийг залгуулах гэж яваа хүн. Тэднийг зохицуулах дүрэм, журам л хэрэгтэй. Өвөл л таксины хүртээмж муу болчихдог шүү дээ. Зуны улиралд алхчихдаг учир такси барих шаардлагагүй. Нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр зорчдог учир яарч байгаа үед унаа түрээсэлснээс илүү хурдан явах тохиолдол бий. Өдөр бүр такси барьдаг хүн ховор учир нэгдсэн төв байгуулах нь илүүц.

Э.ЭНХЖИН (Баянгол дүүргийн 20 дугаар хороонд оршин суугч):

-Жолооч нар өөрийнхөө явах чиглэлд л хүн авдаг. Өвлийн хүйтэнд таксины хүрэлцээ тун тааруу. Жолооч нар “Ойрхон газар хүргэхгүй”, “Гэр хороолол руу явахгүй, явбал шороон зам руу орохгүй шүү”, “Ингэсхийгээд буучих” зэргээр үйлчлүүлэгчид ханддаг. Шөнийн цагаар бүр ч хэцүү. Хэлсэн мөнгийг нь өгөхгүй бол яаж ч мэднэ гэж болгоомжлон илүү хөлс төлдөг. “Найдвартай хүн хайж байна, тогтмол харилцаатай байвал гомдоохгүй шүү” гэсэн хүнтэй ч таарч байсан. Манай ажил төв замаасаа зайтай, нийтийн тээвэр явдаггүй газарт байрладаг. Тиймээс таксинд суухаас өөр аргагүй. Аюулгүй, тухтай үйлчилгээ үзүүлэх, дэлхийн жишигт нийцсэн таксины үйлчилгээний компаниуд Монголд байх хэрэгтэй. Одоо байгаа дуудлагын таксины үйлчилгээ муу, дуудсан газарт хурдан, шуурхай ирдэггүй. Үйлчилгээнд явуулдаг автомашиныхаа тоог нэмэх хэрэгтэй байх.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Шатахууны үнэ үйлчилгээний төлбөрт нөлөөлдөгТаксины үйлчилгээнд хот дотор ихэвчлэн автомашин явж, хөлсний тэрэг дуудахын тулд радио холбоо, эсвэл гар утас ашигладаг. Японд GPS систем нэвтэрчээ. Такс нь богино хугацаанд, 24 цагийн турш хотын аль ч хэсэгт зорчигчийг хүргэдгээрээ давуу бол үйлчилгээний өртөг өндөр, зорчигчийн багтаамж муу, хүрэлцээ тааруу, хууль бусаар үйлчлэгч олон зэрэг сул талтай. Хууль бус үйлчлэгч буюу хувийн таксины үйлчилгээний чанар ихэнх тохиолдолд муу байдаг. Тухайлбал, заасан хаягт хүргэж чаддаггүй, тогтсоноос илүү төлбөр авах гэдэг. Зорчигчдод халдах нь ч бий. Амьжиргааны түвшин, түлшний үнэ, таксины үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахад шаардагддаг зардал зэрэг янз бүрийн шалтгааны улмаас хөлс нь дэлхий даяар эрс ялгаатай. Британийн “carspring.co.uk” цахим хуудас дэлхийн 80 хотын хөлсний тэрэгний үйлчилгээний үнийг жагсаажээ. Үүнийг гаргахдаа тухайн хотын нисэх буудлаас хотын төв хүртэл, нэг цагийн үйлчилгээний зардал, гурван км замыг таксигаар туулахад гарах өртгийг харгалзан үзсэн байна. Ингээд тухайлбал, гурван км зам туулахад хамгийн өндөр үнэ буюу 25.25 ам.доллар төлдөг Швейцарын Цюрих хот уг жагсаалтын сүүлийг мушгиж, дээр нь тус улсын Женев хот (17.53 ам.доллар) оржээ. 78 дугаарт, Японы Токио (15.95), 77 дугаарт, Данийн Копенгаген (13.77) бичигдэв.

Тэгвэл жагсаалтыг тэргүүлсэн буюу гурван км замыг хамгийн хямд зардлаар туулах боломжтой хот нь Египетийн Каир (0.55), Энэтхэгийн Мумбай (1,40), Индонезийн Жакарта болон Румыний Бухарест (1.47) байжээ. Манай умард хөршид ийм зайд таксинд дунджаар 4.32 ам.доллар төлөх бөгөөд уг үзүүлэлтээр 80 орны 24 дүгээрт жагссан байна. Тэгвэл жагсаалтын 15 дугаарт орсон өмнөд хөршид ийм зайг таксигаар туулахад 3.08 ам.доллар төлнө. Таксины үйлчилгээний төлбөрт шатахууны үнэ хамгийн их нөлөөлдөг. Тухайлбал, Саудын Арабын Дубайд амьжиргааны түвшин маш өндөр ч бензин, шатахууны үнэ маш хямд. Тиймээс жагсаалтын 26-д бичигдсэн тус хотод хөлсний тэргээр гурван км зам туулахад 4.83 ам.доллар төлдөг аж. Энэ жагсаалтаас харахад таксины үйлчилгээнд найдвартай буюу “Toyota”, “Mer¬cedes-benz” маркийн автомашин голдуу ашигладаг байна. Сүүлийн үед олон улсад цахимаар захиалдаг таксины үйлчилгээ эрчимтэй хөгжиж буй. Хятадын зах зээлийн 50, дэлхийн бараг гуравны нэг хувьд ийм үйлчилгээ нэвтэрчээ. Өрсөлдөөн чанарыг нь дээшлүүлж, үнийг нь бууруулж буй гэнэ. Тогтсон тарифтай учир ийм үйлчилгээг ашиглахад үйлчилгээний төлбөрийн хэмжээг зорчигч урьдчилан мэдэх боломжтой аж.

Бэлтгэсэн: З.Амгалан


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)