Тайванийн тагнуулын гомдлыг хэлэлцэх хурлыг хойшлууллаа

Тайванийн тусгай албаныханд мэдээлэл дамжуулсан, манай улсад сууж тагнуул хийсэн гэх хэрэгт холбогдсон Д.Амгалан, А.Мөнхжаран, Ван Чен Хун нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцэхээр товлосон ч хойшлуулжээ. 

2018 оны аравдугаар сарын 2-нд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, Сөрөх тагнуулын газар, тусгай албаныхантайгаа хамтран Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Голомт” хотхоны “С” байранд Тайванийн иргэн Ван Чен Хуны түрээсэлдэг орон сууцанд нэгжлэг хийж, баривчилсан нь тухайн өдрөө олон нийтийн сүлжээгээр цацагдаж байсан билээ.

Нийслэлийн Прокурорын газраас Ван Чен Хуныг Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн 1-д заасан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн” гэсэн үндэслэлээр, харин түүнд мэдээлэл дамжуулж байсан гэх, тагнуулын байгууллагад эрх бүхий албан тушаал хашиж байсан Д.Амгалан, А.Мөнхжаран нарыг Эрүүгийн хуулийн 19.4-2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд дамжуулсан”, 19.12-2 дахь хэсгийн “Төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд төрийн маш нууц, онц чухал-маш нууцыг задруулсан”, 17.4-2 дахь хэсэг дэх “Албан тушаалаа ашиглаж эд хөрөнгө завшсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүгч Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцээд Ван Чен Хунд 13, Д.Амгаланд 13 жил гурван сар, А.Мөнхжаранд 13 жил хорих ял оноосон юм. Тэдний ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр тус шүүх шийдвэрлэсэн. Уг ялыг дээрх гурван холбогдогч болон тэдний өмгөөлөгч нар эсэргүүцэн давж заалдах гомдол гаргаад буй юм билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)