Тайванд 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт болов

Тайванийн Гаосюн мужид өчигдөр 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас гэмтэл авсан хоёр хүн эмнэлэгт хүргэгдэж, зарим газар харилцаа холбоо түр хугацаагаар тасалджээ. Тайванийн Цаг уур, газар хөдлөлтийн товчооны захирал Го Кай Вен “Энд болсон газар хөдлөлт Чилийнхтэй ямар нэг холбоо байхгүй” гэлээ.     Газар хөдлөлт болсны дараахан Тайнань хотын оёдлын үйлдвэрт гал гарсан байна. Мөн Гаосюн мужид галт тэрэг замаасаа гарсны дараа хотын удирдлага метроны үйлчилгээг түр зогсоожээ. Газар хөдлөлтийн төв нь нийслэл Тайпейгаас 250 бээр орчим зайтай, өнгөрсөн наймдугаар сард хар салхинд сүйдсэн Жиашань хот орчим байсан байна. Хохирлын хэмжээ хараахан гараагүй байгаа ч мужийн албаны хүмүүс Тайванийн төв телевизэд өгсөн ярилцлагандаа “Цзяи хотод дугуйтай явж байгаад нурсан хананд дарагдсан бүсгүй болон модонд цохиулан гэмтсэн нэг хүнийг эмнэлэгт хүргэсэн” гэлээ.
Тайванийн Ерөнхийлөгч Ма Ин Зюгийн хэвлэлийн төлөөлөгч “Газар хөдлөлт болсны дараа Ерөнхийлөгч байдлыг яаралтай тодруулах үүрэг өгч, хохирлыг аль болох багасгах, түргэн шуурхай тусламж үзүүлэх арга хэмжээ авсан” гэж мэдэгдэв.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)