Тагнуулын байгууллага экстремист ажиллагааг зогсоолоо

“Монголын үндэсний фронт” гэх хөдөлгөөн Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулж, УИХ-ын даргад хандан УИХ-ыг тарааж, парламентын бүрэн эрхийг Ардын түр хуралд шилжүүлэн өгөх шаардлага тавиад байсан билээ. Монголын нийгэмд улс төрийн тодорхой шаардлага тавьсан жагсаал цуглаан цөөнгүй болж байсан. Тэднээс ялгаатай нь “Үндэсний фронт” гэх хөдөлгөөнийхөн жагсагчдыг нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал руу түлхэж, барилга байшин галдан шатаана, хүмүүсийг цаазаар авна гэх зэргээр гэмт хэрэгт уруу татсан зүйлд уриалсан нь иргэдэд тодорхой хэмжээний айдас төрүүлсэн нь гарцаагүй. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 8-нд болсон анхны цуглааныхаа үеэр “Үндэсний фронт” гэх хөдөлгөөнд нэгдсэн, “Гал үндэстэн” холбооны гишүүн Г.Болдбаатар зурагтаар согтуудаа үг хэлж, олон нийтийг үймээн самуунд уриалсан. Мөн тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр хамгаалалтын хашааг даван Төрийн ордон руу дайрна хэмээн мэдэгдсэнд олон нийт эвгүйцэж байв.

Фронт гэж өөрсдийгөө нэрлэгчид энэ сарын 15-нд УИХ-ын даргад өгсөн шаардлагынхаа хариуг авна гэдгээ мэдэгдсэн бөгөөд тухайн өдөр мөн л Төв талбайд өмнөхөөсөө ширүүн тэмцэл эхлүүлнэ гэж байсан юм. Монгол Улсын Эрүүгийн хуульд Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, ийм үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан хүмүүст хариуцлага тооцох заалт бий. Тиймээс жагсаал, цуглаан болохын өмнөх өдөр Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д.Гэрэл “Монголын үндэсний фронт” гэх хөдөлгөөнд албан шаардлага хүргүүлж, Монгол Улс төртэй, хуулийн байгууллагууд хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулах эрхтэйг сануулж, хөдөлгөөний эмх замбараагүй үйл ажиллагааг таслан зогсоож чадсан. ТЕГ-ын даргын шаардлагад “Энэ шаардлагыг эс биелүүлж, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрдүүлэх, үүнд олон нийтийг уриалах, өдөөн турхирсан аливаа үйлдэл гаргах тохиолдолд хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд зохих арга хэмжээ авахыг тагнуулын байгууллага мэдэгдэж байна” хэмээн дурдсан. 

Мөн шаардлагад фронтын тэргүүн гэх нөхөд алдаатай үйл ажиллагаа хийвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн гурван зүйлд заасны дагуу шийтгэл хүлээлгэхийг сануулсан байв. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 19.2-1 дэх хэсэгт “Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Мөн 19.3-1-т “Монгол Улсын төр, засгийг бусниулан доройтуулах зорилгоор улс төр, төрийн үйл ажиллагаатай нь холбогдуулан төрийн өндөр албан тушаалтны эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 19.3-2 дахь хэсэгт “Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан зорилгоор төрийн өндөр албан тушаалтныг хөнөөсөн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэсэн байгаа.

Эрүүгийн хуульд “Экстремист үйл ажиллагаа явуулах” гэсэн шинэ нэр томьёо орж ирсэн. Тагнуулын байгууллагын мэдэгдэлд нь уг зүйл заалтыг зөрчвөл хариуцлага хүлээлгэх талаар онцолсон байсан. Хуульд юу гэж заасан бэ гэхээр дээрх хуулийн 19.8-1 дэх хэсэгт “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэ үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Туйлширсан, өдөөн турхирсан үйлдэл гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан аж.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12.1.15 дугаар зүйлд “ТЕГ нь заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, тэдгээрийг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид заавал биелүүлэх шаардлага, иргэнд сэрэмжлүүлэг өгөх эрхтэй” хэмээн заасан байдаг. ТЕГ-ын дарга дээрх албан шаардлагыг хуулийн уг заалтад тулгуурлан гаргасан гэдгээ мэдэгдсэн байсан. Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч тухайн иргэн хуулиас давсан үйл ажиллагаа явуулж, өөрийн эрх ашгийн төлөө бусдынхыг хохироох учиргүй гэдгийг сайтар сануулж, Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилго агуулсан экстремист шинж чанартай фронтын үйл ажиллагааг төрийн тусгай байгууллагынхан саармагжуулж чаджээ.

Бэлтгэсэн: Г.Орчлон


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)