Тагнуулч нь нотлогдвол бүх насаар нь хорих ял оноож магадгүй

Гадаадынхантай хамтарч Монголд тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй Б.Эрдэнэбат, Б.Эрдэнэбаяр нарт холбогдох маш нууцын зэрэглэлтэй хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцэж эхэлсэн ч хойшлууллаа. Тодруулбал, хэргийг ирэх сарын 18-нд хэлэлцэхээр товлов. Улмаар дараагийн шүүх хурал болтол тэднийг 461 дүгээр хаалттай хорих ангид саатуулах захирамжийг шүүгч гаргав. Эрүүгийн хуулийн 19.4-2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол 12-20 жил хүртэлх хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, НПГ-аас тэдэнд гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх зүйл ангиар ял төлөвлөсөн байна. Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадаас манай улсын иргэдийг хамтран ажиллахыг ятгах, тохиролцох, улмаар төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлуулах буюу дамжуулж авах тохиолдол гарах болсон гэнэ. Өнгөрсөн жил ч манай улсын иргэд гадаадынхантай хамтран Монголд тагнуул хийгээд баригдаж байв. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны долдугаар сард гадаадын тагнуул В, Монгол Улсын иргэн А, М нарт 13 жил хорих ял оноож байсан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (21)