Тав дахь үеийн удирдлагын шийдвэртэй алхам

Хятадын зүүн өмнөд нутгийн Чунцин хэмээх хотын намын байгууллагыг тэргүүлж байсан, Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны орлогч гишүүн асан Бо Силай шоронд сууна гэдэгт хятадууд одоо эргэлзэхээ нэгэнт больжээ. Түүнийг хахууль авсан, албан тушаалын байдлаа буруугаар ашигласан хэмээн буруутгаж байгаа. Ийм хэрэгт холбогдсон хүнд Хятадын хуулиар өршөөл байдаггүй. Саяхны баримт дурдвал БНХАУ-ын Төмөр замын сайд байсан Лю Чинцюнд 10 сая доллар завшсан хэргээр энэ оны долдугаар сарын эхээр цаазын ял оноосон. Бо Силайн гэх хэрэг өнгөрсөн оны хавраас сунжирч буй. Гуравдугаар сард түүнийг огцруулсан. Түүний ойр дотнын хүн болох Чунцин хотын захирагчийн орлогч бөгөөд цагдаагийн газрын дарга байсан Ван Лицюнь, гэргий Гу Кайлай нарыг нь шоронд суулгасан. Бо Силайн гэргийд алах ял өгөөд хорьж буй. Гэр бүлийнхээ анд, Английн бизнесмен Нил Хейв үд гэгчийг санаатайгаар алсан гэж түүнд шүүх ийм шийтгэл оноосон юм. Гу Кайлай болон түүний хүү Бо Гуагуа нар Хейвүдтэй дотно харилцаатай байсан ч мөнгө хөр өнгийн асуудлаас болж тэд муудалцсан аж. Хейвүдийг зочид буудалд согтуу байхад нь 2011 оны арваннэгдүгээр сарын 13-нд Бо Силайн гэргий Гу Кайлай урьж Чунцин хотод авчраад, хор өгсөн гэж шүүх үзсэн.

Бо Силайн орлогч байсан Юан Лицюнь даргаа хэрэгт холбогдож буй талаар мэдээлэл авмагцаа 2012 оны хоёрдугаар сард Чэндү хотод байдаг АНУын ерөнхий консулын газарт толгой хоргодох гэж очоод улс төрийн орогнол олгохыг зөвш өөрөөгүй тул тэндээс гарч явахад нь баривчилж, 15 жил хорих ял оноосон. 64 настай Бо Силайн хэргийг шүүх хурал энэ долоо хоногт болох ёстой. Хурлыг нээлттэй юм уу хаалттай хийх нь одоогоор тодорхой бус байна. Бо Силайг бүр Далянь хотын захирагч байхдаа л 25 сая юань буюу 3.26 сая доллар хахуульд авсан гэж буруутгаж буй. ХКН-ын сахилгын комисс түүний хэргийг шалгаад өнгөрсөн оны есдүгээр сард Улс төрийн товчооны хурлаар намаас хөөсөн юм. Энэ хэргийг шалгаж тогтоох үйл явц удааширч буй нь хээл хахууль авсан нь нотлогдсон хүмүүст оноох шийтгэлийн талаар тус улсын дээд удирдлагын хүрээнд санал зөрөлдөөн байгаагийн нотолгоо гэж гадаадын зарим хэвлэлд бичиж байна.

Хятад улс авлигатай дайн зарлаад байгаа. Си Жиньпин тэргүүтэй ХКН-ын шинэ удирдлага Төв хорооны ажлын арга барилыг өөрчлөх, хүнд сурталтай тэмцэхээ 2012 оны эцсээр зарлаж, дээд албан тушаалын хүм үүсийн баримтлах “арван дүрэм” баталсан. Дүрэм журам зөрчсөний учир 2012 онд 160 мянга гаруй албан тушаалтан шийтгэл хүлээсэн. Улсад учруулсан 7.83 тэрбум юань (1.26 тэрбум доллар)- ийн хохирлыг төлүүлсэн. Авлига, үрэлгэн байдалтай тэмцэх нь Хятадын тав дахь үеийн удирдлагын хувьд сайтар бодож төлөвлөсөн улс төрийн алхам болж байгаа юм.


Р.ЖАРГАЛАНТ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)