Тавин жилийн өмнөх гурав хоногийн томилолт


Зүүн гар талаас хоёр дахь нь Ц.Намсрай

Намсрай гуайн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон сайхан дурсамж “Өнөөдөр” сонинд нийтлэгдлээ. Одоогоос 50-иад жилийн өмнө би энэ эрхэмтэй нэг машинд гурав хоног хамт аялсан дурсамжаа нэмэрлэе. 1970-аад оны эхээр юм даг. Тэр үед би Булган аймгийн “Дэвшилт” сонины газарт сурвалжлагч байлаа. Хаврын нэг өдөр манай эрхлэгч бидний өрөөнд ороод ирэв. Гурван сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн даргатайгаа нэг өрөөнд сууна. Эрхлэгчийн өрөө мэдээж тусдаа. Тэр хэлж байна аа, “Үнэн” сонины Намсрай гуай ирсэн гэнэ. Маргааш Тэшиг, Хутаг, Хантай явах юм байх. Аймгийн сониноос хүн хамт явуул гэж байна. Хэн чинь явах вэ” гэлээ. Тэр том хүнтэй явна гэхээс хүн бүр зүрхшээж буй бололтой, хэн нь ч дуугарсангүй, дор бүрнээ л өмнөх цаастайгаа зууралдсан дүр үзүүлж суув.

...“Үнэн” сонинд тус тусад нь мэдээ бичсэн хүн нь Ч даргыг анзаараагүй бололтой, нэрийг нь орхичихжээ. Маргааш нь дарга нөгөө хоёр арга хэмжээний мэдээг унштал хэлтсийн эрхлэгч, орлогч, яамдын сайд гээд бүгдийнх нь нэрийг дурдсан хэрнээ өөрийнх нь нэрийг хасчихсан байв гэнэ. Тэрхэн зуур их л эвгүй санагдаж, тэгээд Намсрай гуай руу утасдаад хэлтэл “Чи албан тушаалтайгаа хэвээр байгаа биз дээ. Юунд нь бухимдаад байгаа юм бэ. Чиний нэр тэнд байх ямар хэрэгтэй юм бэ” гэхэд нь Ч дарга өөдөөс нь юу ч хэлж чадаагүй гэнэ. Энэ түүхийг Ч дарга өөрөө яриад “Таныг ч барж идэхгүй хүн дээ” гээд инээж байсан сан...

Бидний хоёр нь дээд боловсролтой сэтгүүлч, хоёр нь дунд боловсролтой, миний хувьд аравдугаар анги төгссөнөөс цаашгүй тул надад хамаагүй, сониныхоо нэр нүүрийг бодоод эрхлэгч тэр хүнтэй мэргэжлийн сэтгүүлчээ явуулах биз гэж бодлоо. Ер нь ч тэгдэг байсан юм. Эрхлэгч бидний дуугарахыг хүлээж хэсэг зогссоноо “Шэйрав, чи явна байгаа” гэв. Шэйрав их сургуулийн сэтгүүлчийн анги төгссөн, аймгийн хэмжээний хамаг л албан ёсны арга хэмжээг сурвалжилдаг, бидний урдаа барьдаг ганц ажилтан. Гэтэл тэрбээр “Би явж чадахгүй байх аа. Эхнэр өнөө маргаашгүй төрөх болчихсон. Яаж ганцааранг нь орхих вэ” гэдэг байгаа. Уг нь Шэйравын авгай төрөх болоогүйг би сайн мэдэх юм хойно мань хашир сайхан бултлаа даа гэж бодов. Дахиад л таг чиг. Эрхлэгч нарийн бичгийн дарга руу хандаж “Тэгвэл Жамъян чи явах уу даа” гэж тушаах бус, аргадав. Цаадах нь “Та өөрөө явсан нь дээр дээ” гэх нь тэр.

“Намайг маргааш товчооны хуралд суу гэсэн шүү дээ. Чи Дэмбээгээ аваад явчих” гэж түрүүчээсээ эрс өөр, бүр тулгасан аястай хэлэв. Дэмбээ гэдэг нь би л дээ. Жамъяндаа хань болоод хажуугаар нь сурвалжилгаа хийлгээд ир гэсэн санаа. Нөгөөх нь бултах гарцгүй болсноо ойлгоод толгой дохиж харагдав. Ташрамд хэлэхэд, манай эрхлэгчийг Лувсанцэрэн гэдэг байв. Юмнаас бултаж сугарах талаараа тун ч сурцтай нэгэн бөгөөд сайн ч редактор байж билээ. Гэм нь сонины элдэв чимэглэлийг үздэггүй, зүгээр л шууд, шууд тавиад нүүрийг боочих гээд байдаг сан. Материал редакторлохдоо их няхуур үзнэ. Ухаандаа “доод эрүүндээ” гэхийг “доод” гэдэг нь илүүц гээд авч хаяна. “Малчдын хот” гэвэл “Малчны хот” гэж засна. Давхар дагавар, сул үг мэтийг хог буртаг гээд сайхан цэвэрлээд

өгнө. Энэ талаараа Намсрай гуайд нэлээд дөхөх хүн сэн. Ингээд маргааш нь Жамъян бид хоёр Намсрай гуайн улаан дугаартай шинэхэн УАЗ-469-д суугаад Хутаг, Тэшигийг зорив оо. Хавар, намрын хар пальтотой, дунд эргэм насны бор хүн байв. Анх зүс үзэхэд тийм ч ялдамхан хүн байгаагүй санагдана. Булганы хойд чиглэлийн сумын зам нь аймгийн онгоцны буудлын хажуугаар дайрдаг юм. Яагаад ч билээ, бид тэнд түр зогсож бууцгаав. Энэ далимыг ашиглаад Жамъян маань нэг шил архи гаргаж задаллаа. Жаахан зальтай, сэргэлэн хүн л дээ. Бодвол Намсрай гуайг яах нь вэ гэж янзыг нь үзсэн бололтой. Намсрай гуай “Хөөе, юун айхавтар юм, хаанаас гаргаад ирэв” гэхэд Жамъян “Нутгийн идээгээ танд амсуулъя гэж бодсон юм” гээд хундагалж барив. Намсрай гуай ядам хуруугаа архинд дүрж сэржим өргөөд уруулаа хүргэн амталж үзээд буцааж өгөхдөө “Танай архи хэтэрхий байвантай юм. Мэргэжлийн технологичгүй юм уу даа. Архийг ч гэсэн аятайхан хийчих хэрэгтэй шүү дээ” гэв. Жамъян дарга маань хөдөөнөөс ирээд энэ асуудлыг намын хороонд, намын хороо яаманд тавьснаар манай аймаг төдөлгүй шинэхэн хүнсний технологичтой болж билээ.

Ингэж л явсан газар бүхэндээ буянаа хайрладаг тун ч гэгээн мөртэй хүн байж дээ. Бид Хантай суманд нэг айлд зочилсон юм. Сум, нэгдлийн дарга нар нь тэр айлд үдийн зоог бэлдүүлсэн хэрэг. Том таваг дүүрэн өөх, тос нь халиурсан тарган мах чанаж, шимийн архи сөгнөсөн байлаа. Жолооч нь зайлуул дотор муутай хүн байв уу, яав бараан юм хайж, энэ тэрхнийг барьж, тавиад идэж чадахгүй суухыг гэрийн эзэд хараад, санаа зовсон байдалтай хавчигнаж байгааг Намсрай гуай ажиглаад “Чи айлын сэтгэл гаргаад чанаад өгсөн хоолыг юуг нь голж шилээд байгаа юм бэ. Май, үүнийг ид” гээд тэгэхээс тэгэх гэсэн юм шиг зурхай дээрээ гурван хуруу зузаан өөхтэй хавирга аваад өгч билээ. Жолооч яаж ч чадалгүй авч, бид инээлдэв. Дараа нь жолоочоо өрөвдсөн биз. “Дотор чинь яаж байна” гэж асууж явсан. Монгол ахуй, ёс заншлаа мэддэг, баримталдаг, жинхэнэ жудагтай эр хүн болохыг нь би үүнээс мэдсэн юм. Тээр хойно болтол Жамъян маань үүнийг байнга л хүнд бахархан ярьж, мөн ч лут ухаантай, буурьтай хүн дээ гэдэг сэн. Тэр үед Намсрай гуай өөрийгөө ч, жолоочоо ч эвгүй байдлаас эвтэйхэн аваад гарчихсан юм. Жинхэнэ дипломатч хүн л ингэж чадах биз.

Хөдөө бригадаар явж байгаад сумын буудалд ирэхэд хоол, цайгүй угтах нь элбэг. Тэгэхэд сумын дарга нар буудлын эрхлэгч, тогооч нарыг дуудаж авчраад загнана. Намсрай гуай тэднийг өмөөрч “Эднийг зэмлээд юу гэх вэ. Бидний хэзээ ирэхийг эд хэрхэн мэдэж, бэлдэх юм бэ” гэхэд цаадуул нь дуугаа хамхина. Одоотой адил гар утас, станц гэж ямар байсан биш, тэднийг буруутгах хэцүү л дээ. Хантай суманд нэг залуугийн суурь хонь нь хаврын шуурганд хашаагаа зад татан уруудаад нэлээд олон нь осгож үхсэн байв. Тэр айлд очоод Жамъян “Ёстой урагшгүй амьтад байна. Шөнө унтаж байгаад хоттой хонио шуурганд алдсан байна шүү дээ. Үүнийг сонинд шог найруулал болгож бич гэж” надад даалгав. Ингэхийг Намсрай гуай сонсоод “Хэрэггүй ээ, та нар битгий ингэж сүржигнэж бай, залуу улсын амьдралыг харлуулчихаар цаашдаа эд яаж хүний нүүрийг харах юм бэ. Алдаа, дутагдлыг сайн хэлж ойлгуул. өнөөдөр алдав ч маргааш баатар болчих ч юм бил үү. Түүнийг хэн мэдэж байгаа юм бэ” гэж хориглоход нүдээ бүлтэгнүүлэн сандарч байсан хоёр залуу баярлахдаа уйлж байж билээ. Ийм л энэрэнгүй, ноён нуруутай хүн аж.

Намын Төв Хороо (НТХ)-ны гишүүн болохоор сум орны ажилтай танилцах, ажилчин, албан хаагчидтай уулзах, хурал зөвлөгөөн хийх зэргээр зай завсаргүй ажиллана. Тэр болгонд Жамъян туслах (одоогийнхоор бол цүнх баригч), би зарлаг маягаар гүйнэ. Хутаг сумын буудалд нэг орой бид овоо эрт амарч билээ. Яг энэ үеэр Хөвсгөл аймгийг зорьж явсан НТХ-ны нэг том хэлтсийн эрхлэгч (нэрийг нь санадаггүй, Ч үсгээр эхэлсэн нэртэй шиг билээ) Намсрай гуайг тэнд байгааг дуулаад уулзахаар зам хазайж ирсэн юм. Энэ завшааныг ашиглаад Намсрай гуай машинаасаа нэг шил морь сарлаг (конъяк) авчруулж, биднийг дайлав. Ч дарга ч бас хариу барьсан. Хоёр дарга нэлээд удаан хөөрөлдөж, бид сонсож, бас хааяа инээд нэмэрлэж байв. Улаанбаатарт нэг өдөр хоёр чухал арга хэмжээ болсон юм байх. “Үнэн” сонинд тус тусад нь мэдээ бичсэн хүн нь Ч даргыг анзаараагүй бололтой, нэрийг нь орхичихжээ.

Маргааш нь дарга нөгөө хоёр арга хэмжээний мэдээг унштал хэлтсийн эрхлэгч, орлогч, яамдын сайд гээд бүгдийнх нь нэрийг дурдсан хэрнээ өөрийнх нь нэрийг хасчихсан байв гэнэ. Тэрхэн зуур их л эвгүй санагдаж, тэгээд Намсрай гуай руу утасдаад хэлтэл “Чи албан тушаалтайгаа хэвээр байгаа биз дээ. Юунд нь бухимдаад байгаа юм бэ. Чиний нэр тэнд байх ямар хэрэгтэй юм бэ” гэхэд нь Ч дарга өөдөөс нь юу ч хэлж чадаагүй гэнэ. Энэ түүхийг Ч дарга өөрөө яриад “Таныг ч барж идэхгүй хүн дээ” гээд инээж байсан сан. Олон ажилтандаа ирэх иймэрхүү цохилтыг биеэрээ хааж зайлуулсан л байж таарна. Намсрай гуайн дараахан Л.Түдэв эрхлэгчийн үед ч яг ийм асуудал гарч, тэр мөн өмнөх эрхлэгч шигээ часхийтэл дуугараад ажилтнаа аваад үлдэж байсан гэж би сонссон. Тэгэхлээр энэ нь бүр Намсрай гуайн үеэс уламжлал болчихсон юм уу гэлтэй. Л.Түдэв бол бас л агуу хүн. Ийм л хүчирхэг хүмүүс “Үнэн” сонины гал тогоог удирдаж явсан болохоор энэ сонин хүчтэй, нэр хүндтэй байж. Үнэндээ сонинд нэрээ тавьсангүй гэх төдийхнөөр заргалдах нь тэр үеийн томчуудын нэр төрөө бодсон сул тал, түүн дээр нь чадмаг тоглож, хожил авчирдаг нь энэ хоёр хүний давуу тал байжээ. Ухаантай, сийрэг толгойтой улс л ингэж чадна.

Тэр үдэш зочдыг явсны дараа Намсрай гуай амрах гэж яарсангүй, Жамъянтай энэ тэрийг ярьж байснаа “За сурвалжлагч хархүү сонины жанраас өөр юм сонирхож оролддог уу” гэж надаас гэнэт асуув. Би ганц нэг тууж, өгүүлэл, хэд гурван орчуулга хийж, төвийн сонин сэтгүүлд хэвлүүлснээ хэлтэл “Орчуулга гэв үү? Тухайлбал, хамгийн сүүлд юу орчуулсан бэ?” хэмээлээ. Зөвлөлтийн ахмад дайчин, зохиолч Г.М.Немовын “Толбот бор морь” гэдэг дурсамж өгүүллэгийг орчуулснаа өчив. Энэ нь Эх орны дайны үед фронтод их буу чирч байсан монгол морины тухай сэтгэл уярам дурсамж л даа. Намсрай гуай над руу духайн харж, “За тэр “Толбот бор”-ыгоо оросоор нь хэлээдэх” гэв ээ.

“Яблочный конь” гэхэд Намсрай гуай үл мэдэг мишээгээд, “Санаа нь зөв. Гэхдээ хэтэрхий махчилчихсан байна. “Цоохор морь” гэхэд монгол хүний чихэнд наалдацтай сонсогдоно доо” гэв. Ингэж тэр хүний агуу орчуулагч, хоёр хэлний гарамгай мэргэжилтэн болохыг мэдсэн юм. Энэ цагаас хойш намайг тоож, хааяа нэг хэд гурван үг солих болсон. Ялангуяа орос хэлний талаар тун унацтай зөвлөгөө өгнө. “Чи хэл сурах гэж байгаа бол орос, монгол хэлний граматикийн харьцааг сайн ажигла. Хоёр хэлний илэрхийлэх арга их адилхан байдаг юм” гэсэн зөвлөмжийг мөрдлөг болгож, орос хэлийг хичээн оролдсоор хожим найруулан бичиж овоо сураад “Эрдэнэт” сониныг хааяа орос хэлээр гаргаж байсан шүү. Үг бүр нь сэтгэлд хүрч үлддэг ийм л хаялгатай хүн сэн.

Булганд буцаж ирээд салахдаа Жамъянд “Энэ залуугийн ирээдүйг бодоорой. Сургууль, соёлд явбал дэмжиж өгөөрэй. Ер нь сургуульд явах, тушаал дэвших гэж байгаа хүнд саад хийх дэмий байдаг юм” гэж захиж билээ. Тэр үед би 28 настай байв. Хойтон жил нь их сургуульд орсон. Тэр цагтай зэрэгцээд Б.Жамъян маань “Дэвшилт” сонины эрхлэгч болсон юм. Тэр “За, Дэмбээ минь би сониноо бодвол чамайг бариад л байх байлаа. Гэхдээ Намсрай эрхлэгчийн хэлсэн үгийг мартдаггүй юм. Би чамайг дэмжинэ шүү” гэж билээ. Чухам тэгсэн, эсэхийг бүү мэд. Жамъян дарга маань намайг сурч байхад аймгийн Ардын хянан шалгах хорооны дарга, Намын хорооны товчооны гишүүн болоод гарч өгсөн ч, харамсалтай нь эрт бурхан болчихсон юм. Тэгж огцом өндөрт цойлсон нь Намсрай гуайн татуурга ч байсан юм бил үү, хэн мэдэх вэ.

Юу гэвэл, томилолтоос буцаж ирэхдээ тэр хоёр нэлээд “ходий болчихсон” “Намсрай даргыг гаргаж өгөөд ирлээ” гээд улаа бутарчихсан сууж байсан сан. Тэгж ойртон дотносоогүй бол Төв хорооны хэлтсийн эрхлэгчийн зиндаатай хүнийг нэг аймгийн сонины нарийн бичгийн дарга үдэж өгөөд архи задалсан гэвэл хэн ч үнэмшихгүй сэн. Энэ нь тэр үедээ боломжгүй зүйл байв. Юу ч атугай энэ ачит хүний сургамжийн үг биеллээ олж, Жамъян бид хоёрын нэг нь сургуульд явж, нөгөө нь тушаал дэвшихэд хэн ч саад хийгээгүй юм. Одоогоос 50 жилийн тэртээ азаар тэр сайхан хүнтэй охорхон хугацаанд дөрөө нийлүүлж явсан минь гэгээн дурсамж болон үлджээ. Тэр томилолтыг гэрчлэх хүн одоо бүгд байхгүй, цаг хугацааны шуурганд арчигдсаар би л ганцаараа үлдэв шив дээ.

Д.ДЭМБЭРЭЛДОРЖ

Түүхийн ухааны доктор, сэтгүүлч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)