Тавдугаар сургуулийн барилгыг акталжээ

Чингэлтэй дүүрэг дэх, Ататуркийн нэрэмжит V сургуулийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул актлах шийдвэрийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ. “Дүгнэлт гарсан тул сургуулийн барилгад үйл ажиллагаа явуулахыг хориглох нь зүйтэй. Холбогдох албаныхан зураг, төслийг удахгүй боловсруулж, барилгыг шинэчлэх байх” гэж тус газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ёндон хэллээ. Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Э.Баярмагнайгаас ажил хэзээ эхлэхийг тодруулахад “Үйл ажиллагааг нь зогсоож, барилгыг буулгах боломж одоохондоо алга. Шинэчлэх хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар ярьж байгаа” гэлээ.

Ташрамд дурдахад, “Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй цэцэрлэгийн 51, сургуулийн 29 барилга байна” гэсэн дүгнэлтийг 2010 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан. Тэдгээрээс 70 гаруй хувийг нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгө, гадаадын зээл тусламжаар шинэчлэн, барьсан аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)