Таван хувийн зээлийг санхүүжүүлэх боломжгүй гэв

Монголбанк ипотекийн таван хувийн хүүтэй зээлийг санхүүжүүлэх боломжгүй болсноо Засгийн газар болон арилжааны банкуудад мэдэгдсэн байна. Энэ нь Төвбанкны хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлоготой холбоотой аж. Өөрөөр хэлбэл, Үнэ тогтворжуулах болон “сайн” хөтөлбөрүүдэд олгосон санхүүжилт нь төгрөгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн учир цаашид эдийн засагт их хэмжээний мөнгө нийлүүлэхгүй байх шаардлага тулгарсан гэж Төвбанкнаас мэдээллээ.

Монголбанк өнгөрсөн сард бодлогын хүүгээ өсгөж, мөнгөний хатуу бодлого баримтлах болсон. Хэрэв таван хувийн хөтөлбөрөөр дамжуулан зах зээлд мөнгө нийлүүлбэл дээрх бодлого үр дүнгүй болж, долларын ханш эргэн өсөхөөр байгаа аж. Иймд бодлогын уялдааг хангах зорилгоор таван хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрт мөнгө нийлүүлэхгүй гэж тогтжээ. Мөн ипотекийн таван хувийн зээлийн хөтөлбөр нь Засгийн газраас батлагдсан журмын дагуу хэрэгждэг. Тиймээс Засгийн газар эх үүсвэр гарган, энэ хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх боломжтой гэнэ. Өнгөрсөн хугацаанд таван хувийн хүүтэй зээлд 3900 иргэн хамрагдаж, 173 тэрбум төгрөгийн зээл авсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)