Таван удаа хаасан хэргээ зургаа дахиа сэргээхээр судалж эхэллээ

“Өнөөдөр” сонины редакцад зовсон зүдэрсэн, баярласан олон хүн ханддаг юм. Хэд хоногийн өмнө иргэн Ч.Ганболд манай редакцад ирлээ. Түүний дүү Ч.Б 2015 оны нэгдүгээр сарын 3-нд цаг бусаар амиа алдсан аж. Гэвч энэ хэргийг шийдэлгүй өдий хүртэл сунжруулж, удаасан гэнэ. Тэрбээр “Би Чингэлтэй дүүргийн IX хорооны нутаг, Тасганы овооны орчимд авто засварын газар, Баянгол дүүргийн Энхтайвны гүүрний баруун талд байрлах сэлбэгийн худалдааны төвийг дүүтэйгээ хамтран ажиллуулдаг байлаа. Харамсалтай нь, дүү минь автомашин засварын газартаа бусдын гарт амиа алдсан юм. Тухайн хэрэг гарах үед дүү минь гэр бүлийнхээ хүнтэй таарамжгүй байсан. Улмаар эхнэр нь гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд өргөдөл гаргасан гэсэн. Шүүгчид эхний хэлэлцүүлгээ хийж, эвлэрэх хугацаа өгсөн бололтой юм билээ. Гэвч асуудлаа шийдэж чадалгүй, дараагийн шатны шүүх хуралд бэлтгэж байв. 

Энэ үедээ амиа алдсан. Хууль хяналтын байгууллагынхан дүүг минь амиа хорлосон гэж үзсэн нь үнэхээр харамсалтай. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн анхны дүгнэлтэд “Хүн хоолойгоо гурвантаа хэрчиж тасдах, гэдсэн тус газартаа олон удаа хутгалах боломжгүй, мөн цогцсыг угааж цэвэрлэжээ” гэж бичсэн. Гэвч дараагийн удаа дүгнэлт хийхдээ эхний дүгнэлтээ үгүйсгэсэн нь хачирхалтай. Угаас энэ хэргийг прокурорын байгууллага тав нээж, хаалаа. Тэд иргэнийхээ зөрчигдсөн эрхийг хамгаалах бус, харин гэмт хэрэгтэнтэй хуйвалдаж хэргийг баллуурдахыг хичээж байна. Сүүлдээ хяналт тавьж буй прокурорын нэрийг сонсоод надад үйлчлэх өмгөөлөгч ч олдохоо болилоо. Энэ хэргийн шүүх хурал болж, үнэнийг тогтооно гэж ээж минь итгэж, хүлээсээр 87 насандаа таалал төгссөн” хэмээн хэрэг явдлын талаар ярьсан юм. Хэрэг гарсны дараа Ч.Ганболд дүүгийнхээ цогцсыг хараад цус харвасан гэнэ. Улмаар сүүлийн гурван жилд биеэ эмчлүүлэхийн тулд орон байраа зарж, байгаа бүхнээ шавхжээ. Өдгөө груп (хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж)-ийн мөнгөөр амь зуудаг.

Хэрэг гарах үед талийгаачийн эхнэр У хамт байсан гэнэ. Тиймээс Ч.Ганболд энэ хэрэгт У-г холбоотой хэмээн хардсаар өдий хүрч. Учир нь Тасганы овоон дахь авто засварын газар, 60 машины дулаан гарааш, 80*18 хэмжээтэй барилга, 0.087 га газар болон Энхтайвны гүүрний баруун талд байрлах сэлбэгийн худалдааны төвийн барилга, газар зэрэг нь талийгаачийн нэр дээр бүртгэлтэй. Мөн хадгаламжид нь дөрвөн тэрбум төгрөг байсан аж. Ч.Ганболд нь дээрх хөрөнгийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, бэлэглэлийн гэрээ хийсэн байж. Энэ бүх хөрөнгө ах дүү хоёрын 30 жилийн хөдөлмөрөөр бүтсэн гэнэ. Харин У-г БНСУ-ын иргэнтэй амрагийн холбоотой гэж талийгаачийн ах үздэг бөгөөд салахаар өргөдөл өгөх үедээ Монгол, Солонгосын хамтарсан эмнэлэг байгуулна, хөрөнгөө хуваана хэмээн маргаан гаргаж байсан нь ийнхүү хардах үндэслэл болсон аж.

Өдгөө дээрх хөрөнгийг У захиран зарцуулж буй. Тиймээс Ч.Ганболд Иргэний хэргийн шүүхэд хандаж, хөрөнгийн маргаан үүсээд байна. Ч.Ганболд биеэ тэнхэрснээс хойш сүүлийн нэг жилийн хугацаанд олон газарт ханджээ. Мөн нийслэлийн Прокурорын газрын гадна өлсгөлөн зарлаж, суулт хийсэн байна.

Мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс нийслэлийн Прокурорын газар болон Мөрдөн байцаах албанд хандаж, эл хэргийн талаар тодруулсан юм. МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэг “10 гаруй хавтаст хэрэг бий. Хамгийн сүүлд өнгөрсөн оны сүүлчээр найман хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг томилж ажиллуулсан. Манайхан хэргийг хуулийн дагуу шалгаж, прокурорын даалгаврын дагуу хийх ёстой мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Ингээд хэргийг НПГ-т шилжүүлсэн” гэлээ.

УЕПГ-Т ХЭРГИЙГ ХЯНАЖ БАЙНА

НПГ-ын хяналтын прокурор Д.Эрдэнэсувдаас хэргийн талаар тодруулахад дараах хариултыг өгөв.

-Иргэн Ч.Ганболд прокурорын байгууллагад удаа дараа хандаж, хаасан хэргийг сэргээн шалгуулахыг хүсжээ. Гэвч хэргийг одоо болтол шийдээгүй гэх юм. Үүнд хариулт өгнө үү?

-Хэрэгт Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг хаах саналтай НПГ-т ирүүлсэн. Прокурор хэргийг хянаад 2019 оны арванхоёрдугаар сард хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Одоо уг хэргийг хохирогчийн ах, эгчийн гаргасан гомдлын дагуу УЕПГ-т хянаж байна.

-Нэг хэргийг тав нээж, мөн тоогоор хааж болдог уу. Сүүлд Т.Мандахнаран прокуророос ирүүлсэн хариуг нь харахад хэргийг бас л хаахаар болжээ.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь прокурорын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол дээд шатны прокурорт гомдол гаргаж шийдвэрийг хянуулах эрхтэй. Хэргийг үндэслэлгүйгээр хаасан, мөн нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзвэл дээд шатны прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан шийдвэрийг хүчингүй болгож, шалгаж болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг удаа дараа нээж, хааж болохгүй гэх хориглосон зохицуулалт байхгүй. Харин гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж заасан байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)