Таван он дамжсан “ТОЛГОЙ”-ГҮЙ ХУУЛЬ

Хэн нэгний алдаа дутагдал, буруу үйлдлийг үзсэн ч үзээгүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй аятай өнгөрөөх нь тэднийг дэмжин, тол­гойг нь илж буйгаас ялгаагүй. Гэмийг нь өнгөлөн далдалж, өөгшүүлж байна л гэсэн үг. Манай улсын Засгийн га­зар, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулла­гынхан яг ийм байдлаар уул уурхайн­ханд найр тавьсаар өдий хүрлээ. 

Уул уурхайн компаниудын бай­галь орчинд учруулдаг хор хөнөөл зөвхөн газрын хөрс ухаж, сэндий­чихээр хязгаарлагдахгүй. Тэд ойн нөөцөөс хумсалж, гол, горхины ус бохирдуулан, амийг нь тасалдаг. Тэр дундаа амьдралыг тэжээн тэтгэгч эх ундарга, чандмань эрдэнэ хэмээн бидний хайрладаг усны нөөцөд хам­гийн хайр гамгүй, халтай нь тэд. “Уул уурхайнхны балгаар тэндхийн гол, горхи ширгэж байна. Тийм компани голын голдирлоос алт олборлон, бохи­рын далангаа сэтэлж, гол руу ний­лүүлдэг байжээ” гэх мэдээ сүүлийн үед байсхийгээд л дуулдах болов. Бүр хөхөө өвлийн хүйтнээр голын мөс хуулж, алт олборлохдоо хүрлээ. Сая­хан буюу өнгөрсөн өвөл ийм хэрэг хоёр ч удаа гарсан. Хамгийн жигтэй нь тэдгээр компанийн нэг нь ч голын ус бохирдуулсныхаа төлөө хариуц­лага хүлээдэггүй. Хүлээх ч ёсгүй юм шиг аягладаг. Тэдний энэ үйлдэлд хариуцлага тооцох тогтолцоо, эрх зүйн зохицуулалт манай улсад алга байна. 

Уг нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль манайд бий. Ийм хууль­тай болно, батална гэж олон жил ярьсны эцэст 2012 онд ажил хэрэг болгосон. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус бохирдуулсны төл­бөр ногдуулах, түүнийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн энэ хуульд бохирдуулагч бо­дисыг тав ангилсан байдаг. Ингэхдээ хаягдал усны эзлэхүүн, бохирдуулах бодисын агууламж зэргийг харгалзан төлбөрийн хэмжээг хэрхэн тогтоож, тооцоолох аргачлалыг маш тодорхой тусгажээ. Бусад хуультай харьцуу­лахад энэ нь оновчтой, бодитой судалгаанд тулгуурласан гэдгийг АМГТГ-ын мэргэжилтэн Г.Энхжаргал онцоллоо. Харамсалтай нь, эл хууль журамгүй гэх шалтгаанаар хэрэг­жилгүй таван жилийн нүүр үзэв. Журам бол аливаа хуулийг хэрхэн хэрэгжүүлж, дагаж мөрдүүлэх тухай баримт бичиг юм. Уул уурхайнхны хэллэгээр бол хуулийг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл гэсэн үг. Журамгүй хууль бол толгойгүй хүнтэй адил. Тэгэхээр манай Засгийн газар цаа­сан дээр л хэрэгждэг, зэрэмдэг хууль баталсан болж таарах нь. Тө­рийн байгууллага, орон нутгийн удирдлагууд ч үүнээс болоод уул уурхайнхны үйл ажиллагаанд хяналт тавьж чадахгүй, дөнгөлүүлдэг бо­лолтой.

Нэг баримт дурдъя. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тос­гонд хэдэн компани Ерөө голын голдирлоос алт олборлож, бохироо голын ус руу нийлүүлж байсныг орон нутгийн удирдлага өнгөрсөн сард шалгалтаар илрүүлжээ. Тэдэнд ямар арга хэмжээ авсан талаар сумын удирдлагаас тодруулахад “Техник хэрэгслийг нь хурааж, үйл ажиллагааг нь зогсоосон” гэв. Алтанд шунаж, голын “амь” таслахаар улайрч буй уул уурхайнханд оноосон шийтгэл нь ердөө энэ. Цөөн тохиолдолд л уул уурхайн компаниудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, зохих шийтгэл хүлээлгэдэг гэнэ. Уг нь “Танай компани энэ төрлийн бодисоор, ийм хэмжээний ус бохирдуулсан тул төдөн төгрөгийн төлбөр өгнө үү” гээд торгож, журамлах учиртай. Даанч тэгж хэлэх, шаардах эрх, нөхцөл одоохондоо бидний хэнд нь ч алга. 

Гол мөрний усыг зөвхөн уул уурхайн компани бохирдуулдаг юм биш. Гэвч тэдний балгаар хүн, мал ундаалах аргагүй болтлоо бохирдсон, урсац нь багассан, ширгэсэн олон гол, горхи бий учраас ийн онцолж байгаа юм. Уул уурхайнхны нөлөөнд автсан голуудыг нэрлэвэл Орхон, Туул, Хараа, Ерөө, Хүдэр, Онон гээд уртаас урт жагсаалт хөвөрнө. УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрынхны хэлж буйгаар Монголд уул уурхайн компанийн нөлөөнд өртсөн 120-иод гол, горхи бий бөгөөд үүний 40 гаруй хувийг нь нөхөн сэргээх боломжгүй гэсэн харамсалтай дүгнэлт гарчээ. 

Манай улс жилд дунджаар 450500 сая шоо метр ус ашигладгаас уул уурхайнхан 100-150 гаруй сая шоо метрийг нь “залгичихдаг” гэнэ. Гэтэл тэд усыг зүй зохистой хэ­рэглэж байна уу, үгүй юү гэдгийг хянаж, гол бохирдож, ширгэхээс сэргийлэхэд чухал үүрэгтэй ганц хууль нь журамгүй, амьгүй хэвээр. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуу­лийн журмыг батлахгүй дахиад хэдэн жил болоход хэчнээн гол, горхи амь тавьж, иргэд ундны усны эх үүсвэ­рээсээ хагацахыг тооцоолоход бэрх.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн журмыг батлуулах саналыг БОАЖЯ-ныхан өнгөрсөн хугацаанд Засгийн газарт дөрвөн удаа хүргүүлсэн ч аж ахуйн нэгж, байгууллагуудад эдийн засгийн дарамт учруулна гэсэн үндэслэлээр хойшлуулсан гэх. Ингээд өнгөрсөн хавраас холбогдох мэргэжилтнүүд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар судалж, хуулийн төсөл боловсруулж буйгаа дуулгасан. Үүнийгээ хаврын чуулганаар амжиж хэлэлцүүлж, журам батлуулах ажлыг шавдуулахаа мэдэгдэж байв. Эл хууль одоо л хэрэгжиж эхлэх нь гэсэн найдвар, горьдлого, хүлээлт дахин бий болсон. Гэтэл дахиад л саатсаныг БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган онцоллоо. Шалтгааныг нь түүнээс тодруулахад “Ерөн­хийлөгчийн сонгуультай холбоо­тойгоор түр хугацаанд хойшлуулсан. Аль болох түргэн батлуулахыг зорьж байгаа” гэсэн юм. Манай Засгийн газар зэрэмдэг хуулиа хэзээ “толгой”-той болгох нь тодорхойгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)