Таван машин мөргөлдөж, дөрвөн хүн гэмтжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баянхошууны замд зуурмагийн машин онхолдсоны улмаас долоон машин мөргөлдөж, нэг хүн амиа алдан, олон хүн гэмтсэн. Тэгвэл өчигдөр 08.20 цагийн үед Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Баянзүрхийн хуучин товчооны зүүн талд зам, тээврийн ноцтой осол гарлаа. “Хино” маркийн хүнд даацын автомашин ачааны өөр нэг машинтай мөргөлдсөний улмаас зэрэгцэж явсан суудлын гурван машин өртөв. Хүнд даацын машины жолооч болон хажууд нь сууж явсан зорчигч хүнд бэртсэн учир түргэн тусламжийн машинаар ГССҮТ-д хүргэжээ. Мөн бусад тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хоёр хүн гэмтсэн байна. Осол гаргасан хүнд даацын машины жолооч согтуу байсан гэнэ. Нэг доор таван машин мөргөлдсөн уг ослын газарт аврагчид очиж, машины эд ангид дарагдсан жолооч нарыг гарган, анхан шатны тусламж үзүүлсэн байна. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Э.Энхболд “Замын хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осол гаргах нь цөөнгүй байна. Ялангуяа том оврын ачааны машины жолооч нар илүү анхаарал болгоомжтой зорчих хэрэгтэй. Ослын улмаас Налайх чиглэлийн шинэ автозам дээр түлш асгарсан. Энэ нь зам эвдэх аюултай” гэв.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар зам, тээврийн ослын улмаас 101 хүн эндэж, 675 хүн гэмтжээ. Хүн амиа алдсан ослын 11-т нь том оврын автомашины жолооч нарын буруу байсан аж.

Бэлтгэсэн:Ч.Туяа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)