Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг 2021 онд ашиглалтад оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208.5 км төмөр замын ажлыг 2019 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлж, 2021 онд ашиглалтад оруулах шийдвэр гаргажээ. Уг шийдвэрийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан танилцуулав. 

Төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтэц, барих, ашиглахад шаардагдах хөрөнгийг тухай бүр техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлж байхаар шийдвэрлэв.

Мөн инженерийн байгууламж, эрчим хүч, усан хангамж, өртөө, зөрлөгийн болон дохиолол холбоо, бусад барилга байгууламж барихад шаардагдах зөвшөөрлийг тухай бүр нь шуурхай олгож байхыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт үүрэг болгов.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлэхийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа. Олон жил яригдсан дээрх чиглэлийн төмөр замыг тогтоосон хугацаанд нь барьж ашиглалтад оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд, агентлаг, компанийн удирдлагуудад онцгойлон анхааруулав.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар дайран өнгөрөх бөгөөд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн экспортлох боломжтой. 

  2013-2015 онд замын доод бүтцийн ажлын 51.8 хувь, газар шорооны ажлын 86.6 хувь, гүүр, хоолойн ажлын 52 хувийг хийж гүйцэтгэсэн. Гэсэн ч санхүүжилтгүйн улмаас 2015-2018 онд ажил нь зогсоод байсан юм.

Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл авто замаар нүүрс тээвэрлэхэд өртөг нь тонн тутамд 30-32 ам доллар байдаг. Төмөр замтай болсноор үнэ хоёр дахин буюу 14.9 ам.доллар болж буурах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)