Тавантолгойн цахилгаан станцын санхүүжилт, бүтээн байгуулалтыг Засгийн газар хариуцахаар тохиролцжээ

Оюутолгойн ордыг эрчим хүчээр хангах “Тавантолгойн цахилгаан станц” төслийн санхүүжилт, бүтээн байгуулалтыг Монгол Улсын Засгийн газар хариуцахаар “Rio tinto”-той тохиролцсон тухай тус групп цахим хуудсандаа мэдээллээ. Талууд 2018 оны эцэст Тавантолгойн цахилгаан станцыг барих талаар байгуулсан Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээнд өөрчлөлт оруулж буй аж. Тэд эрчим хүч худалдан авах гэрээг ирэх жилийн гуравдугаар сар гэхэд эцэслэн байгуулахаар болов. Мөн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг 2021 оны долдугаар сарын 1-нээс өмнө эхлүүлэн, дөрвөн жилийн хугацаанд багтаан ашиглалтад оруулахаар тохиролцсон гэнэ. Уг станцыг ашиглалтад оруултал ӨМӨЗО-оос эрчим хүч импортолсон хэвээр байх юм. 450 МВт-ын хүчин чадалтай, төрийн өмчийн Тавантолгойн цахилгаан станцыг барихад шаардлагатай хөрөнгийг төсвөөс гаргах, эсвэл олон улсаас хөнгөлөлттэй зээл авах, эсэх зэргийг Сангийн яам шийднэ гэдгийг эх сурвалж хэллээ.