Тавантолгойн цахилгаан станцыг ирэх онд барьж эхэлнэ

Тавантолгойн цахилгаан станцыг барьж, байгуулах Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээг Засгийн газар, “Оюутолгой” компани өнгөрсөн сарын 31-нд байгууллаа. Энэ нь Оюутолгойн уурхай, Өмнөговь аймгийн зарим хэрэглэгчийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах ач холбогдолтой юм. 

Уг гэрээнд Оюутолгойн эрчим хүчийг дотоодоос хангах шийдлийн суурь зарчим, төслийн ерөнхий дизайн, талуудын үүрэг зэргийг тусгажээ. Тус гэрээний хүрээнд 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний ордод түшиглэн 2020 оны нэгдүгээр улиралд барьж эхлэх аж. Эрчим хүчний ерөнхий шийдэлд сэргээгдэх эх үүсвэрийг хэрхэн ашиглаж болохыг талууд судлахаар болсон байна. 

“Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Армандо Торрес “Энэ гэрээг байгуулснаар “Оюутолгой” компани Тавантолгойн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх замын зураглалыг тодорхойлж, өмнөд бүсийг урт хугацаанд эрчим хүчээр хангах шийдлийг баталгаажуулж байгаа юм. 

Энэ нь гүний уурхайн тогтвортой, аюулгүй үйлдвэрлэлийг хангах нөхцөл бүрдүүлнэ. Гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэлийг 2021 онд эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээн ярилаа. Дээрх станцыг 2023 оны дунд үед ашиглалтад оруулахаар төлөвлөж буй бөгөөд дийлэнх хувийг нь “Оюутолгой” компани эзэмших аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)