ТАВАНТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ УИХ-д өргөн барихаар боллоо

Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, холбогдох бичиг баримтыг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ. Гэрээ нь 19 бүлэг, 144 зүйлээс бүрдэж буй аж. Энэ талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос тодрууллаа.

-2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн есдүгээр тогтоолоор Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчмыг тогтоосон. Энэ оны гуравдугаар сард Ажлын хэсгийг шинэчилж, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, ЗТБХБЯны ажилтнуудаас оролцуулсан.

Ингээд хөрөнгө оруулалтын гэрээний, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тавантолгойн ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл, Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох, урьдчилан шалгаруулах тухай бичиг баримтыг УИХ-д өргөн барихаар болж байна. Эдгээр баримт бичгээр өмнө нь батлагдсан 40 дүгээр тогтоолыг баяжуулсан. Яриа хэлэлцээний дүнд зарим асуудал илүү тодорхой болсон учир хуульд өөрчлөлт оруулъя гэсэн юм. Мөн сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулах учир холбогдох бичиг баримтаа УИХ-д танилцуулаад хэвлэлээр зарлана.

Эдгээрийг ҮАБЗ-өөр энэ сарын 18-нд хэлэлцээд УИХ-д өргөн барихыг дэмжсэн. Баримт бичгийг боловсруулахдаа иргэд, төр, үндэсний аж ахуйн нэгжийн ашиг сонирхлыг тусгах зарчим баримталсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх болно.

Өмнөд говийн дэд бүтцийг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвл өгөөний төслийг бас хамт өргөн барина. Үүнд зам, тээвэр, эрчим хүч, хот байгуулалт, байгаль орчин, боловсрол гэх мэт өргөн хүрээтэй асуудлыг тусгасан. Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад ч ийм асуудал хөндөгдсөн. Засгийн газраас төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг өргөн барьж УИХ-аар хэлэлцэж байгаа.

Үүний адилаар Тавантолгойн асуудалтай хамт Өмнийн говийн дэд бүтцийг хэрэгжүүлэх хөтөлбөрийг өргөн барьж байгаа юм.

-УИХ-д өргөн барихаар болсон бичиг баримтуудыг боловсруулахдаа ямар гол зарчим баримталсан бэ?

-Стратегийн ордоо төр мэдэлдээ авах ёстой гэсэн зарчим баримталж байгаа. Үүний дагуу баримт бичгээ боловсруулсан. Монгол Улсын эрх ашгийг хангасан төсөл. Тодорхой өөрчлөлт орсон. УИХд өргөн барьсны дараа нарийн судлах боломж Та бүхэнд олдох байх.

-Ашигт малтмалын тухай хуульд ямар өөрчлөлт оруулж байна вэ?

-Товчхон ганц заалт нэмсэн. Одоогийн хуулиар төрийн өмчийн “Эрдэнэс MGL” компани бизнес эзэмшигчидтэй гэрээ байгуулдаг. Тухайн ордыг хамтран ашиглаж буй компанийн оруулсан хөрөнгийг хөрөнгө оруулагчтай баталгаажуулах заалт байхгүй. Тиймээс гурав дагч этгээд лиценз эзэмшигчидтэй хамтрахаар болсон бол хоёр талаас хүсэлт гаргасны үндсэн дээр гурвалсан гэрээ байгуулж болно гэсэн заалт нэмж байгаа юм.

-Үндэсний компаниудын эрх ашгийг бодолцсон гэлээ. Энэ зарчим “Монгол 999+” компанитай яаж уялдах вэ?

-Иргэд, аж ахуйн нэгжээс гаргасан саналыг бид анхааралтай судалж байна. Үндэсний компаниуд хэрхэн оролцох тухай зохицуулалтыг баримт бичигт тусгасан. Гэхдээ аль нэг талыг илүүд үзэж, давуу эрх олголгүйгээр сонгон шалгаруулалт хийх болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)