Тавантолгойн “хэрүүлийн алим”-ыг хэн идэх вэ

Тавантолгойг тал талаас нь чангаасан хэрүүл дахиад л эхэллээ. Монголд Оюутолгой, Тавантолгой гэсэн эдийн засгийг өөд нь татаж, түмний халаасанд хэдэн төгрөг хийдэг “хоёр толгой” бий. Даанч энэ хоёрын үйлийн үр барагдахгүй. Үйлийн үрийг өдөөгч нь улстөрчдийн хүсэл, шунал. УИХ-ын дарга асан, АН-ын лидерүүдийн нэг З.Энхболд “Тавантолгойн 30 хувийг нэг тэрбум ам.доллароор хувьчлах нь буруу. Өөрийн хөрөнгөөр төслүүдээ хэрэгжүүлэх боломжтой. Уг нь таван тэрбум ам.доллароор худалдах тооцоо гаргасан байсан” гэсэн “хэрүүлийн алим” шидээд хэд хонолоо. Улстөрчид “алим” шидэхдээ ард түмэн, олон нийтийн нийтлэг эрх ашгийн төлөө гэж ярьдаг. Гэвч үзэл бодол нь олны төлөөх зовнил уу, өрсөлдөгчөөсөө өс хонзон авах зэвсэг үү, хувийн эрх ашгаа хангах өнгөлөн далдлалт уу гэдэг нь ялгардаггүй. Хөшигний ардах “нууц” мэдээллийг тандаж, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудын амнаас ямар хий гарахыг сайтар анзаарахгүй бол бодитой дүгнэх боломжгүй.

Шидсэн “алим”-ын талаар хэн, юу гэж дуугарсныг нь шинжлэхээс өмнө Тавантолгойн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид арилжих шийдвэрийн талаар товч мэдээлэл хүргэе. Хүмүүс таг мартсан байж магад. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Тавантолгойн ордыг үр дүнтэй ашиглах зөвлөмж гаргасан. Зөвлөмж нууц байдаг. Гэвч Засгийн газар ямар “хөдөлгөөн” хийснийг харж, зөвлөмжөөр өгсөн даалгаврыг баримжаалж болно.

“Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь эзэмшдэг. Эл компани тус ордын Цанхийн баруун, зүүн хэсэгт уурхай нээн коксжих нүүрс олборлож буй. Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой”-н охин компани “Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийг үүсгэн байгуулсан. Шинэ байгуулсан компанидаа Цанхийн зүүн уурхайг эзэмшүүлнэ. Цанхийн зүүн уурхайг эзэмших болсон “Эрдэнэс Тавантолгой майнинг” компани өдгөө Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан хувьцааныхаа 30 хувийг олон улсын зах зээлд арилжих судалгаа хийж байна.

Одоогоор тус компанийн хувьцааны 30 хувь 1.3-1.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэх тооцоо гарчээ. Босгосон хөрөнгөөрөө “Эрдэнэс Тавантолгой майнинг” нүүрс баяжуулах үйлдвэр барина. Үйлдвэрээ усаар хангах, нүүрс олборлолтын туузан дамжуулгын төсөл хэрэгжүүлэх юм. Цаашлаад кокс, химийн үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө бий. ҮАБЗ-өөс ийм зөвлөмж өгсөн учраас Засгийн газар хэрэгжүүлж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

З.Энхболд байр сууриа илэрхийлэхдээ “Эрдэнэс Тавантолгой майнинг” биш, “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувь” гэж ярьж байгаа. Бас хувьцааны 30 хувийг арилжих биш, “Тавантолгойн 30 хувийг хувьчлах” гэсэн үг сонгон ярьж байна. Саяхныг хүртэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж, ҮАБЗ-ийн хурал бүрт сууж байсан тэрбээр нарийн учрыг нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч үгээр “тоглоод” байгаа ч юм шиг. Том зүйлийг гажуудуулах оролдлого жижиг юмнаас илрэх нь бишгүй.

З.Энхболдын байр суурьтай холбогдуулж хэн, юу хэлснийг сонирхъё. Гол шийдвэрийг гаргасан ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх “Тавантолгойн орд дээр IPO хийх нь шинэ асуудал биш, үүнийг анх УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн байдаг. Түүний дагуу асуудлыг ҮАБЗ дахин хэлэлцээд олон улсын хөрөнгийн биржид хувьцааг нь гаргах зарчим зөв гэж үзсэн. УИХ дахин 2018 онд энэ асуудлыг хэлэлцээд 73 дугаар тогтоолоор IPO хийхийг Засгийн газарт даалгасан байна. Тэгэхээр 2010 оноос хойш яригдаж байгаа асуудлыг одоогийн Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Төрийн залгамж чанар гэж байдаг биз дээ” хэмээжээ. Тавантолгойн ордыг хөгжүүлэх хөрөнгийг олон улсын биржээс татахыг анх 2010 онд шийдвэрлэсэн, үүнийг ҮАБЗ хэлэлцээд, зөв зарчим гэж үзсэнийг тэрбээр тайлбарлажээ. Дээрээс нь Засгийн газар төрийн бодлогын залгамж чанарыг хадгалан ажиллаж байгаагаа дурдав. Түүний ярианаас ҮАБЗ гаргасан зөвлөмжөөсөө ухраагүй, Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж буйг ойлгож болно. Тэгэхээр ҮАБЗ-өөс “Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн IPO-г дэмжиж байна, тийм үү.

Тавантолгойн IPO-ны талаар дорвитой байр суурь илэрхийлсэн өөр нэгэн бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт хэвлэлийн хурал хийхдээ “Эрдэнэс Тавантолгой” компани одоо ашигтай ажиллаж байгаа учраас заавал IPO хийхгүйгээр төмөр замын суурь бүтцээ барих боломжтой гэж Засгийн газар үзсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэ Засгийн газрын үед IPO хийхийг зөвшөөрөхгүй” гэж тодорхой хэлсэн. Тиймээс IPO хийх асуудал байхгүй. Мөн зөвлөмжөө цуцалчихвал IPO хийх судалгаа ч зогсоно. “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувийг тэрбум ам.доллароор зарах гэж байна гэдэг буруу мэдээлэл” гэж тайлбарлав. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой майнинг” компани гэсэн нэршлийг мөн л хэрэглээгүй байгаа биз. Анхаарал татах л асуудал. Тус компанийн Олон нийттэй харилцах албаны төлөөлөл “З.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” гэж яриад байгаа юм чинь бид ч үгээр тоглож болно шүү дээ” гэсэн нь зүгээр нэг егөө биш бололтой. Б.Ганхуягийн үгнээс өлгөж авах гол зүйл бол Ерөнхий сайдын даалгавар. Тэгэхээр УИХ-ын сонгуулиас өмнө IPO хийхгүй нь.

УИХ-ын энэ оны сонгуульд улс төрийн аль хүчин ялахыг тааварлашгүй. Сонгуулийн үр дүн төрийн бодлогыг хааш нь ч эргүүлж мэднэ. Үүнийг үл хэрэгсээд Б.Ганхуягийн тайлбарыг үргэлжлүүлье. “ҮАБЗ Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх зөвлөмж гаргасан. Ингэхийн тулд найман төсөл хэрэгжүүлэх шаардлагатай. Бид төслүүдийг хэрэгжүүлэхэд таван тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо хийсэн. Олон улсын санхүүгийн байгууллагууд тооцоог нарийвчлаад 3.7 тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн. Үүний нэг тэрбум ам.долларын санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” компани хийх боломжтой. Энэ жил төмөр замаа санхүүжүүлнэ. 2021 оноос баяжуулах үйлдвэрээ барьж эхэлнэ. Төмөр замаа санхүүжүүлэх мөнгө байгаа учраас энэ Засгийн газрын үед IPO хийх шаардлагагүй” гэв. Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхэд “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тэрбум ам.доллароор санхүүжилт хийх боломжтой гэнэ. Тэгэхээр төслүүдээ хэрэгжүүлэх үлдсэн 2.7 тэрбум ам.долларыг хаа нэгтээгээс олох хэрэгтэй болно. ҮАБЗ-ийн зөв гэж үзсэний дагуу IPO хийх нь хөрөнгө оруулалт татах тохиромжтой арга мөн. Дээрх эрхмүүдийн амнаас гарсан хийнээс “Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн хувьцааг олон улсын биржид арилжих төрийн бодлого хувираагүй нь баталгаатай болов.

З.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” компани 2021 оноос нүүрс баяжуулах үйлдвэр барихад 500, хайгуул, судалгаа хийхэд 150, ус хангамжийн төсөлд мөн 150, туузан дамжуулах систем байгуулахад 75 сая ам.доллар хэрэгтэй. Нийт 875 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Компани ийм хэмжээний мөнгө гаргах боломжтой учраас IPO хийх шаардлагагүй” гэж тайлбарлалаа. “Эрдэнэс Тавантолгой” компани сүүлийн гурван жилд ийм хэмжээний ашиг олсон нь үнэн. Цаашдаа ч жил бүр чамлахааргүй их ашиг олно. Гэхдээ тус компани ашгаараа дээрх төслүүдийг биш, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг санхүүжүүлнэ. Бас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 410 км төмөр замын суурь бүтцийг санхүүжүүлэх юм. Хоёр төмөр зам тавих санхүүжилт нийт хоёр тэрбум ам.доллар гэдгийг мэдэж аваад, харьцуулалт хийхэд гэмгүй. IPO хийхгүй бол баяжуулах үйлдвэр барих төсөл Б.Ганхуягийн хэлсэнчлэн дөрвөн жилээр хойшлох бололтой.

“Страто” компани “Эрдэнэс Тавантолгой”-гоос 150 мянган тонн нүүрс худалдан авч, угааж экспортлох хоёр удаагийн гэрээ байгуулжээ. Тус компани эхний үүргээ биелүүлээгүй учраас гэрээг цуцалж, барьцаа төлбөрийг “Эрдэнэс Тавантолгой” авсан байна. “Страто”-гийнхон үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд ханджээ. Гэрээгээ биелүүлээгүй гэх уг компани З.Энхболдын төрсөн дүүгийн мэдлийнх гэсэн мэдээлэл түгэв. Тэрбээр үүнийг эрс няцааж байгаа ч учир мэдэх хүмүүс холбоотой гэдгийг нь баталсаар байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Монголын төрийн бодлого ялах уу, “Страто” компани ялах уу, цаг хугацаа харуулна аа” гэж “жиргэсэн” удаатай. З.Энхболд хувийн эрх ашгийнхаа төлөө, “Страто” компанийг уснаас хуурай гаргахын тулд том маргаан эхлүүлсэн хэрэг үү. “Страто”-гийн эрх ашгийг гүйцэлдүүлсэн тохиолдолд IPO хийх нь буруу, зөв гэсэн маргаан намжих учиртай юм уу. Тэгэхээр “Хэрүүлийн алим”-ыг идэх эзэн нь “Эрдэнэс Тавантолгой” байх нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)