Тавантолгойн хоёр толгой

Дэлхийд эхний 10-т багтах баялаг нөөцтэй хэмээн монголчуудын бахархан ярих дуртай Тавантолгойн коксжих нүүрсний орд хоёр толгойтой болоод удлаа. Энэ бол таван толгойнх нь гурвыг хэн нэгэн тасдаад авчихсан, эсвэл гэнэт алга болгочихсон тухай ойлголт огт биш. Зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй, дор хаяж 100 жил “идэх” боломжтой гэгддэг Тавантолгойн ордыг ашиглаж байгаа “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс” компанийн үйл ажиллагаа, хэтийн бодлогын зөрүүний тухай юм. Товчхондоо, дээрх компаниуд Тавантолгойн орд дээр хоёр өөр толгойгоор ажиллаад буй хэрэг. “Хоёр толгой”-н ялгарлын цөм нь нүүрсний үнэ.

Тэдний нүүрсний үнийн баримжааг харж буй өнцөг өөр өөр. “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан Хятадын “Чалко”-той байгуулсан гэрээний дагуу таваарын ханшийн дөрвөн индексээр нүүрснийхээ үнийг улирлаар тогтоодог. Гэхдээ аль индексийг хэрэглэдэг, ямар аргачлалаар тогтоодог нь нууц. Ямартай ч өнгөрсөн есдүгээр сард нүүрсний үнэ дэлхийн зах зээлд огцом өссөнөөс улбаалан энэ улиралд тонныг нь “Чалко” болон TTJVСo-д уурхайн амнаас 32.94 ам.доллароор нийлүүлж байна. Өмнөх улиралд тэдний нүүрсний үнэ 27 ам.доллар байсантай харьцуулбал өндийсөн үзүүлэлт. Гэвч үүнээс ч өндөр үнээр борлуулах зах зээлийн боломж бий гэнэ.

Энэ тухай “Гложекс” компанийн ерөнхий захирал, эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар, “Монгол нүүрс” ассоциацын гүйцэтгэх захирал Т.Наран нар тодорхой байр суурь илэрхийлж буй. Тэд “Тавантолгойн нүүрсийг уурхайн амнаас 51 ам.доллароор борлуулах боломжтой. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” компани ашиглахгүй байна” гэж ярьдаг. “Энержи ресурс”- ийнхэн ийм боломж байгааг ил хэлдэггүй ч тойруугаар ойлгуулахыг хичээдэг нь ч нууц биш. Тэд нүүрсээ яагаад өнөөгийнхөөс 20 ам.доллароор үнэтэй борлуулах боломжтой гэж яриад байна вэ?

Өвөрмонголын Бугат хот дэлхийн төмөрлөгийн үйлдвэрийн томоохон төвүүдийн нэг. Тэндхийн төмөрлөгийн үйлдвэрүүд жилд зургаан сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг. Тавантолгойн ордтой хамгийн ойр зах зээл юм. Иймээс Тавантолгойгоос олборлосон нүүрсний дийлэнхийг тийш нь тээвэрлэдэг. Ялангуяа “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс тэндхийн үйлдвэрүүдийн гол түүхий эд болно. Хятадууд “Эрдэнэс Тавантолгой”-гоос хямд үнээр авсан сайн чанарын түүхий нүүрсээ дотоодынхоо муутай хольж баяжуулаад Бугат болон хойд бүсдээ оршдог бусад төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлж, их хэмжээний ашиг олдог нь бодит үнэн.

“Бид Тавантолгойн нүүрсээ уурхайн амнаас 51 ам.доллароор л зарна” гээд суучихвал Хятадын хойд бүсийн төмөрлөгийн үйлдвэрүүд манайхаас худалдаж авахаас өөр гарцгүй юмсанж. Өмнөд бүсээсээ нүүрс авбал илүү үнэтэй, зардал өндөр тусах учраас манайхыг сонгох нь аргагүй. Хятадын өмнөд бүс, далайн боомтуудад нүүрсний ханш 200 ам.доллар давсан нь манайханд үнэд хүргэж борлуулах боломж олгожээ. Даанч “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс” хоёр нэгдсэн бодлогогүй учраас ийм боломжийг ашиглаж чадахгүй байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Чалко” болон ТТJVCo-той байгуулсан гэрээ энэ боломжийг хаасаар байгаа юм. Тэднийх “Чалко”-д 90, ТТJVCo-д 50 сая ам.доллар төлөхийн төлөө л ажиллаж буй компани гэлтэй. Гар хөлийг нь хөштөл өрөөр дөнгөлчихсөн учраас зах зээлд уян хатан “тоглолт” хийх чадал чансаа алга. “Эрдэнэс Тавантолгой”-г хүний эрхэнд ортол “шоглосон” хүмүүс бол улстөрчид. Тэд иргэн бүрт мөнгө тараах “алдарт популизм”-аа санхүүжүүлэхийн тулд тус компанийн “ирээдүй”-г барьцаалан “Чалко”-гоос 350 сая ам.доллар зээлэн, нүүрс мөнхөд үнэтэй байх мэт сэтгэж, ТТJVCo-той асар өндөр үнээр олборлолт хийх гэрээ байгуулсан. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ гурав дахин хямдрахад “Чалко”-д төлөх өрийнхөө хугацааг сунгаж, гэрээт олборлогчийнхоо хөлсийг төлж чадахгүй хуримтлуулсан. Ингэж “Эрдэнэс Тавантолгой”-н хувь заяа бүрхэг болсон юм. Өрөө дарсан ч тэднийх дөнгөнөөсөө мөд салахгүй. Дахиад 5-10 жил дээрх хоёр компанитай хамтарч ажиллах гэрээ бий. Гэрээгээ шинэчлэх, эсвэл цуцлахгүй бол “Эрдэнэс Тавантолгой”-д найдлага тавихад бэрх. Эцсийн бүлэгт улс орны эрх ашгийн үүднээс биш, эрх мэдэлтэй, зөөлөн сэнтийдээ үлдэх гэсэн улстөрчдийн адын хүслээс төрсөн шийдвэр “Тавантолгой”-г доройтуулсаар байгааг сануулъя.

“Энержи ресурс” компани Тавантолгойн ордод “Нэг цонхны бодлого” явуулах санаачилгыг удаа дараа гаргаж байгаа. Харин тэдний адил нөхцөлөөр, ижил үнээр нүүрсээ экспортлох санал ажил хэрэг болсон удаагүй. Хамгийн том тээг нь “Эрдэнэс Тавантолгой”-н дөнгө. Түүх сөхвөл, “Эрдэнэс Тавантолгой” компани “Энержи ресурс”-ийн баяжуулах үйлдвэрт нүүрсээ угааж байсан удаа бий. Тэд “Сайн чанарын нүүрсийг маань маш муу баяжуулж, бага гарцтай гаргалаа” гэж гомдол мэдүүлсэн. “Энержи ресурс”-ийнхэн “Чанаргүй нүүрсээ авчирч угаалгачихаад манай үйлдвэрийг муулсан” гэж хариу барьдаг. Нүүрсээ хамтарч угаан, экспортлох “ажиллагаа” ийн маргаанаар өндөрлөсөн түүхтэй.

“Энержи ресурс” компани нөөцөө бүрэн ашиглах зорилгоор 0, III, IV давхаргын нүүрсээ хольж, баяжуулан 50 хувийн гарцтай коксжих нүүрс борлуулж байгаа. Харин “Эрдэнэс Тавантолгой” зөвхөн хамгийн сайн чанарын буюу IV давхаргын нүүрсээ олборлож, өртэй компаниуддаа нийлүүлдэг. Хэдийгээр өртэй компаниудынхаа шаардлагад нийцүүлж буй ч энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 35.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд түүнийг зөвхөн ашиг олох зорилгоор сорчлон ашиглахыг хориглоно” гэснийг зөрчиж буй үйлдэл юм.

АНУ-ын “Норвест” компаниас 2012 онд гаргасан JORC стандартын нөөцийн тайланд “Эрдэнэс Тавантолгой”-н Зүүн, Баруун Цанхи ил уурхайн аргаар олборлох боломжтой 599 сая тонн нүүрстэй гэжээ. Үүнээс 200 сая орчим нь IV давхаргын сайн чанарын коксжих нүүрс аж. Тэднийх эдүгээ нийт 20 гаруй сая тонн сайн чанарын коксжих нүүрс экспортлоод буйгаа дуулгасан. Нөөцөө сорчлон олборлосоор байвал энэ ордыг ашиглах хугацаа богиносож, олох үр ашиг нь эрс багасна.

Мөнөөх л “Энержи ресурс”-ийнхэн “Нэг цонхны бодлого” баримталж, нүүрснийхээ үнийг өсгөх санал гаргасан байдаг. Бас ажил хэрэг болоогүй. Болох ч нөхцөл байхгүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг саяхан байгуулагдаж, экспортын нүүрсний үнийг өсгөх талаар ярилцсан гэнэ. Энэ үеэр “Энержи ресурс” компани ТТJVCo-д нийлүүлж буй нүүрсийг худалдаж авах санал гаргасныг эх сурвалж дуулгав. Ашигт малтмалын тухай хуулийн 35.11-д “Олборлосон, баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа боловсруулах үйлдвэрт тэргүүн ээлжинд зах зээлийн үнээр нийлүүлнэ” гэж заасан байдаг. Тэд хуулийн дээрх заалтыг үндэслэл болгож байгаа аж. “Эрдэнэс Тавантолгой” олборлосон нүүрснийхээ 65 хувийг нь TTJV­Co-д, 35-ыг нь “Чалко”-д өгдөг. Тэгвэл ТТJVCo нь Хятадын “Винсвэй”-д ногдсон нүүрсээ 32.94 ам.доллароор борлуулж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компани энэ жил таван сая тонн нүүрс олборлосон. Тэгэхээр гурван саяыг нь “Винсвэй” авсан гэсэн үг. ТТJVCo-гийн нүүрсийг “Энержи ресурс”-т нийлүүлбэл Монголд ногдох үр ашиг нь нэмэгдэнэ.

Төр л хуулиа мөрдүүлж, үүнийг зохицуулах шаардлагатай. Тавантолгойн ордоо брэнд болгож, нүүрсийг нь үнэд хүргэн борлуулах, үр ашгийг нь нэмэгдүүлэх зохицуулалтыг ч төр л манлайлан хийх учиртай. Тавантолгойн нүүрсээ “брэнд” болгоё гэвэл олон толгойн зөрүүтэй санаа, гажуу бодлого хэрэггүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)