Тавантолгойн тендерийн хураангуй жагсаалтыг энэ сарын 15-нд гаргана

Тавантолгойн нүүрсний уурхайн төслийг урагш ахиулах олон улсын сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн даваа гаригт дахин эхлүүллээ. Дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ унаснаас, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурсны улмаас элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэргээх алхам хэмээн олон улсын шинжээчид энэ үйл явцыг үзэж байна.

Зах зээлд нүүрсний үнэ тааруу байгаа ч Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, үндэсний “Mongolia Mining Corporation” болон АНУ-д төвтэй “Peabody Energy”, Японы “Itochu” корпорац энэ сарын 1-нд багтааж сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа хүргүүлсэн байна. Тавантолгойн уурхай 7.5 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй, үүгээрээ дэлхийд толгой цохидог боловч 2011 онд олон улсын энэхүү сонгон шалгаруулалт гацсанаас хойш “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн ордын Цанхийн зүүн хэсгээс бага хэмжээгээр нүүрс экспортолж ирсэн юм.

“Energy Resources” нэрээр нь Та, бидний сайн мэдэх “Mongolian Mining Corporation” Хятадын “China Shenhua Energy” болон Японы “Sumitomo” корпорацтай хамтарч, консорциум байгуулан тендерт оролцож байгаа аж. Шаардлагатай материалыг энэ сарын 1-нд авч дууссан олон улсын энэхүү сонгон шалгаруулалтад тунаж үлдэх оролцогчдын хураангуй жагсаалтыг энэ сарын 15-нд зарлана хэмээн Ажлын хэсгээс мэдээлсэн байна.

Эргэн сануулахад, 2011 онд Тавантолгойн уурхайн Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах олон улсын тендерт АНУ-ын “Peabody”, ОХУ-ын “Оросын төмөр зам” болон Хятадын нүүрсний хамгийн том олборлогч “Shenhua” компанийг шалгаруулсан боловч Японы, БНСУ-ын өрсөлдөгчид нь уг шийдвэрийг шударга бус хэмээн үзсэнээр тендерийн үр дүнг хүчингүй болгож байсан билээ.

Америкийн “Peabody” компани одоогийн энэхүү тендерт “идэвхтэй оролцоно” хэмээн мэдэгдсэнийг компанийн хэвлэлийн төлөөлөгч Крис Каррэн “Reuters” агентлагт мэдэгдсэн байна. 2011 онд зарласан сонгон шалгаруулалтад оролцсон БНСУ-ын “Daewoo International” болон “LG International” энэ удаа оролцохгүй гэдгээ уламжилжээ.

Оюутолгойн адил Тавантолгой нь Монгол Улсын эрдс баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад үлэмж нөлөөтэй, мега төсөл. Монгол Улсын шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улсын “унаж буй” эдийн засгийг эрчимжүүлэхэд нэн чухал төсөл хэмээн Тавантолгойг тодорхойлсон. Түүнчлэн Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайер “Энэ бол Монгол Улсад үлэмж нөлөө бүхий цөөн төслийн нэг. Монголын эдийн засагт итгэх итгэлийг сэргээхийн тулд Ерөнхий сайд эхний зургаан сарын дотор эргэлтэд оруулах ёстой” хэмээн тодотгожээ.

Б.ЦЭЦЭГСҮРЭН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)