Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх ажил тасралтгүй өрнөсөөр

Одоогоос 10 жилийн өмнө буюу 2010 оны наймдугаар сарын 27-нд Тавантолгойн ордод экскаваторын “шанагаа тавин” үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Эрдэнэс Тавантолгой” компанид өдгөө 800 гаруй мэргэжилтэн, уурхайчин ажиллаж байна. Туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчийг оролцуулбал 20 000 хүнийг ажил, орлоготой байлгаж буй үндэсний хэмжээний тус компани дээрх хугацаанд 65 сая тонн нүүрс олборлосон бол 2019 онд нэг тэрбум ам.долларын бүтээгдэхүүн борлуулж, 1.8 их наяд төгрөгийн ашиг олсон нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг манлайлсан дүн болсон.

“Эрдэнэс Тавантолгой” нь Тавантолгойн бүлэг ордод түшиглэсэн уурхайн хотхон, аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалт, дээрх ордоос Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил, “Тавантолгой түлш” компанийн гол санхүүжүүлэгчээр оролцож буй. Мөн нийт хувьцааных нь 14.5 хувийг эзэмшдэг 2.5 сая гаруй иргэнд 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгосон. Тус компанийн болон Тавантолгойн ордын бүтээн байгуулалтын ажлын явц, уурхайчдын ажил, амьдралтай Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын зарим гишүүн өнгөрсөн пүрэв гарагт танилцсан бөгөөд үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөгөө “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг товч тайлагнасан юм.

Тавантолгойн бүлэг ордыг цогцоор нь хөгжүүлэх зорилгоор нүүрс угаах, баяжуулах үйлдвэр байгуулах, холбогдох дэд бүтцийг нь барих төлөвлөгөө, зураг, төслийг гурван удаа хийжээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Цагаан-Овоо” багийн нутгийг хамруулж, төмөр болон авто замаар бүтээгдэхүүн тээвэрлэх маршрутыг тооцон, төлөвлөгөөг нь эцэслэн гаргажээ. Шинэ суурьшлын бүсийг 1000 га хэмжээтэй байхаар тооцон үйлдвэр, төмөр замын өртөө, бүтээгдэхүүн ачиж, буулгах талбай, орон нутгийн иргэд, уурхай, үйлдвэрийн ажилчдын орон сууц, кэмп, үйлчилгээний төв, сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөн, ажлаа эхлүүлсэн юм. Улмаар суурьшлын бүсийн талбайг 2300 га хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэнэ. Урьдчилан төлөвлөснөөр “Эрдэнэсийн хот” хэмээн нэрлэсэн шинэ хотхонд 50 000 орчим хүн амьдрах ба дэд бүтэц, цахилгаан станц, усан хангамж, үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт зэрэгт нийт 4.5 тэрбум ам.доллар шаардлагатайг Б.Ганхуяг дурдлаа. Үүнээс нэг тэрбумыг нь “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд санхүүгийн чадамжтай гэдгээ ч илэрхийлсэн. Тус компани IPO гаргах бэлтгэл ажлын хүрээнд сүүлийн хоёр жилд олон улсын зөвлөх үйлчилгээний компаниуд, мэргэжилтнүүдтэй хамтран ажилласны үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдад үйл ажиллагаа, ордын ирээдүйн өгөөжийн талаар мэдээлэл өгч, хамтран ажиллах цөөнгүй санал авч чаджээ. Мөн бүтээн байгуулалтын зарим ажлыг дотоодын аж ахуйн нэгж, олон улсын хамтарсан компаниуд, төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөн, анхан шатны гэрээ, хэлцэл хийснийг дурдав.

Тавантолгойн ордод жилд 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах нь эн тэргүүний зорилт бөгөөд 270 сая ам.доллароор барих уг үйлдвэрийн хөрөнгийг оптек гэрээгээр олох тухай Засгийн газрын гишүүдэд тайлбарлав. Нүүрсийг угааж баяжуулан, экспортолбол нэг тонн тутмаас олох орлогыг 30-40 хувиар өсгөх, төмөр замаар тээвэрлэвэл зардлаа одоогийнхоос гурав дахин бууруулах боломж бүрдэх аж. Тавантолгойн ордоос Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлд нийт 600 гаруй км төмөр зам барьж буй бөгөөд 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд Зүүнбаян хүрэх төмөр замын ажилд одоогоор 700 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Цаашид шаардлагатай 800 орчим тэрбум төгрөгийг гаргахын өмнө тус төмөр замын 66 хувийг эзэмших сонирхолтойгоо Б.Ганхуяг онцлов. Тавантолгойн ордыг цогцоор хөгжүүлэх, аж үйлдвэрүүдийг барихад олон улсын хөрөнгө оруулалт хэрэгтэй учраас 414 км үргэлжлэх төмөр замын 66-гаас багагүй хувийг үндсэн хөрөнгө оруулагч нь буюу “Эрдэнэс Тавантолгой” эзэмших учиртай гэнэ. 

Ингэснээр хөрөнгө оруулагчдыг татах, зардлаа богино хугацаанд нөхөх боломжтой хэмээн тооцжээ. Харин Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монголын төмөр зам” компани төмөр замын 51-ээс доошгүй хувийг эзэмших журам бий. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам” компани шинээр барьж буй замын ашиглалт, эзэмшлийн хувийг хэрхэн шийдвэрлэх тухай Засгийн газрын түвшинд, хуулийн хүрээнд хэлэлцэх шаардлагатай. Шинэ төмөр замын 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” эзэмшинэ гэж шууд хэлэх боломжгүй” гэлээ. Түүнчлэн Тавантолгойн ордыг цахилгаан, усаар хэрхэн хангах, байгууламжуудыг нь хаана, хэр өртгөөр барих, цаашид аж ахуйн нэгжүүд ямар оролцоотойгоор эзэмших талаар холбогдох байгууллагууд, орон нутгийн удирдлага хооронд зөвшилцөж чадаагүй байгааг Б.Ганхуяг тэмдэглэв. Уурхайн хотхон, үйлдвэрүүдийг тасралтгүй хангахын тулд 270 литр/сек ус гаргах байгууламж, 450 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барих хэрэгтэй юм байна. Урьдчилсан байдлаар Өмнөговь аймгийн нутаг дахь Загийн усны хоолой, Дундговийн Цагаанцав зэрэг газраас ус татах байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэлийг гаргасан ч нэгдмэл байр суурьд хүрээгүй байгаа гэнэ.

Хэрэв шийдвэрт хүрч чадвал энэ онд багтаан усан хангамжийн байгууламжийн ажлыг эхлүүлэхээр тооцжээ. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эрдэнэс Тавантолгой” компанийн сүүлийн жилүүдийн орлого, цэвэр ашгийн зарцуулалт, цаашид аль төсөл, хөтөлбөрт, хэдэн төгрөг хэрэгтэйг тодруулав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайчид, хамт олон сайн ажиллаж байна. Үүний нэг илэрхийлэл нь Тавантолгойн ордыг хөгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг тасалдуулахгүй, төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэх боломжийг хангаж буй явдал. Мөн “Тавантолгой түлш” компанийг байгуулж, “Энержи ресурс” түүхий эдийг нь нийлүүлсний үр дүнд Улаанбаатарын утааг багасгах, агаарын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Нийслэлийн утааг 2019-2020 онд 50 орчим хувиар багасгасан бол ирэх өвөл 80 хүртэлх хувиар бууруулна. Түүнчлэн олон зуун хүнийг ажлын байраар ханган, их бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхийн зэрэгцээ сүүлийн гурван жилд ашигтай ажиллан, түүхэндээ анх удаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хүртээлээ. Цаашид санхүүгийн сахилга батаа улам сайжруулж, орлого, ашгаа нэмэгдүүлж, илүү үр бүтээлтэй ажиллана гэдэгт найдаж байна. Газрын хэвлийн баялаг бол бүх ард түмний өмч бөгөөд иргэн болгон орлоготой, өрх бүр сайхан амьдрахад уул уурхайн компаниуд дэм болж, улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулах хэрэгтэй, үүрэгтэйг онцолъё” хэмээв.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-“Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн эзэмшиж буй хувьцааны үнэ цэнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ. IPO гаргахаа больсон, эсэх талаар тодруулна уу?

-Хоёрдагч зах зээлийн арилжаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гаргахгүй гэсэн шийдвэр байхгүй. Коронавирусийн тархалтын нөлөөгөөр хилийн хорио тогтоосны улмаас олон улс, Засгийн газрын түвшинд ярьж байсан ажил түр зогссон гэж ойлгож болно. Мөн Засгийн газраас Тавантолгойн ордын хөгжүүлэлтэд шаардлагатай санхүүжилтийг хөрөнгийн зах зээлийн арилжаанаас өөр байдлаар босгохоор төлөвлөсөн нь бий.

Манай компанийн нэгж хувьцааг 90 төгрөгөөр үнэлсэн. Цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, төмөр замуудаа барьж дуусгасны дараа компанийн олох орлого, ашиг ч өснө. Тэр хэрээр нэгж хувьцааны үнэ ч нэмэгдэх боломжтой. Ирэх 2-3 жилд бүтээн байгуулалтын ажлуудаа дуусгахаар шамдаж байгаа учраас 2023 оноос иргэд нэгж хувьцаандаа илүү их ашиг хүртэх, эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгийн зах зээлд оролцох боломж бүрдэх болов уу.

-Зөвхөн урд хөрш рүү гэлтгүй ОХУ, гуравдагч орон руу нүүрс экспортлох тухай ярьж буй. Экспортын хэмжээгээ өсгөх ямар боломж байна вэ?

-Манай нүүрс чанар сайтай учраас олон улсын сонирхлыг татдаг. Бид ОХУ, Энэтхэг, БНСУ руу шууд болон транзит тээвэр хийх боломжтой. Эрэлт ч их байгаа. Хамгийн гол нь дээрх орнууд руу хагас боловсруулсан, эсвэл эцсийн бүтээгдэхүүн л нийлүүлнэ. ОХУ хоёр ч компанитай бүтээгдэхүүн худалдах, худалдан авах санамж бичиг байгуулсан. Цаг үеийн байдлаас шалтгаалж ажил түр зогссон гэж ойлгож болно. Юуны түрүүнд бид дэд бүтцээ сайжруулж, боловсруулах үйлдвэрээ барих хэрэгтэй.

-Коронавирусийн тархалтын нөлөө уурхайн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна. Экспортын орлого, төлөвлөгөөний биелэлт хэр байгаа вэ?

-Манайх энэ онд 40 сая тонн бүтээгдэхүүн олборлон, 90 гаруй хувийг нь экспортлохоор төлөвлөсөн. Хилийн хорио тогтоосноор төлөвлөгөөгөө танаж, 13 орчим сая тонныг олборлон, 12 саяыг нь экспортлох боломжтой гэж тооцсон. Оны эхний зургаан сард төлөвлөгөө 74 хувиар тасарсан ч наймдугаар сарын байдлаар урд хөрш рүү 3.2 сая тонн бүтээгдэхүүн нийлүүлжээ. Ялангуяа долоо, наймдугаар сард өдөрт 1300-1500 автомашин нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй адил дүн юм. Энэ жилийг дуустал ийм хэмжээгээр гаргаад байвал борлуулалтын орлогын тасалдлаа багасгах боломжтой.

-Тавантолгойн ордын хөгжүүлэлтийг бүрэн хийж дуусахад нэлээд хөрөнгө шаардлагатай. IPO гарган, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах төлөвлөгөө хойшилжээ. Өөр ямар байдлаар хөрөнгө босгох бол. Олон улс “Эрдэнэс Тавантолгой”-г хэр сонирхож байна?

-Манай улс 2011, 2012 онд стратегийн хөрөнгө оруулагчдыг олох нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Тэр үед “Эрдэнэс Тавантолгой” компани өр ихтэй, олборлолтоо өөрсдөө хийдэггүй байсан. Мөн ордыг боомтуудтай холбох төмөр замыг ямар компани, хэзээ тавих нь тодорхойгүй, хүний нөөцийн хувьд ч хангалтгүй хэмээн гологдон үр дүнд хүрээгүй. Тэгвэл өдгөө ордоос хоёр чиглэлд төмөр зам тавих ажлыг эхлүүлж, санхүүгийн чадавхиа өсгөн, олборлолтоо өөрсдөө хийдэг болсон. Мөн УИХ, Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой” гэсэн гурван тал нэгдмэл байр суурьтай байж, дунд, урт хугацаанд хөрөнгө оруулагчдад ээлтэй, харилцан ашигтай ажиллахаа илэрхийлж чадаж буй. Түүнчлэн хүний нөөц, нарийн мэргэшсэн инженер, ажилтнуудтай болсон тул хөрөнгө оруулалт татахад бэрхшээл төдийлөн үүсэхгүй болов уу.

-Уурхайн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, экспортоо нэмэх болон дагуул хотын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Юуны түрүүнд хилийн хориог нэрлэх хэрэгтэй. Олон улсад үүссэн нөхцөл байдлын улмаас бид энэ оны эхний гурван сард тэг зогсолт хийж, хагас жилийн төлөвлөгөөнийхөө 30 хувийг л биелүүлсэн. Алдагдсан боломжоо нөхөх, экспортын хэмжээгээ бууруулахгүй байх, улмаар өсгөх тухай БНХАУ-ын холбогдох байгууллагатай хэлэлцэж байна. Цахилгаан болон усан хангамжийг хэрхэн шийдвэрлэх, шинэ төмөр замыг аль компани давуу эрхтэй эзэмших талаар зөвшилцөж, шийдэлд хүрч чадаагүй байгаа. Манайх Засгийн газрын чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ч бизнесийн байгууллага гэдэг утгаараа дунд, урт хугацааны өгөөжөө тооцон, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, тусгай үүргийн компаниудад ямар хувь эзэмших талаар өөрсдийн саналаа гаргасан. Бидний төлөвлөгөө, мэргэжилтнүүдийн байр суурийг холбогдох албан тушаалтан, байгууллагууд нь сонсон, зөв шийдвэр гаргавал “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч аж ахуйн нэгж, төр, 2.5 сая гаруй хүн буюу нийт ард түмэнд ашигтай шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)