Тавантолгойг “талхиж”, төгрөг тараасан дөрвөн сонгууль

Сонгогчдын саналыг худалдаж авах ажиллагаа үргэлжилсээр. Сүүлчийн хэд хэдэн удаагийн сонгууль бүрээр эрчээ авч, илүү боловсон хэлбэрт шилжиж буй эл “жүжгийн” ээлжит нэгэн үзэгдэл нь “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшигч иргэн бүрт 96480 төгрөгийг ногдол ашиг болгон тараах шийдвэр болж байна. 2008 оны сонгуулиар МАХН буюу өнөөгийн МАН “Эх орны хишиг” нэрээр 1.5, АН “Эрдэнийн хувь” тодотголтойгоор нэг сая төгрөг хүн бүрт амлаж, нэлэнхүйд нь тарааснаас зарчмын ялгаа алга, үүнд. Тухайн үед их мөнгөний үнэр авсан улстөрчид хуулийн хязгаарлалт, хориглолтгүйг далимдуулан амандаа орсноо бурж байсан бол өдгөө хийдэл, цоорхойг нь ашиглан сонгогчдын саналыг худалдан авах ажиллагааг хэн хүнгүй явуулж байна.

“Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь”-тай холбоотой тоо, мөнгөн дүн дурдаад өнгөрөх бус, тэр их хөрөнгийг баялаг бүтээдэг салбарт оруулж, үйлдвэрлэлийг үндэсний хэмжээнд дэмжиж, тэндээс “өдөлсөн” үйлвэрлэгчдийн олгох цалин, бий болгох ажлын байр, тэдгээрийн ард буй ам бүл, өрх гэрийн амьжиргааг өөд нь татсан бол алс хэтдээ, том “зургаараа”, нийт нийгэм, улс орны амьдрал тэр хэрээр хөнгөрч, дэвжих байсан гэж бодох тусам харамсам. Олон хүн ийм харамсал тээдэг. Тэр ч бүү хэл алдагдсан боломжийн өртгийг нь тооцож, хамгийн их гасалж, хашгирдаг хүмүүс нь улстөрчид.

Тиймээс ч мөнгө, эд хөрөнгө, үүнтэй холбоотой эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, ажлын байранд зуучлах, ажилд оруулахтай холбоотой аливаа амлалтыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгахыг улс төрийн намууд, нэр дэвшигчдэд хуулиар хориглосон. Цаашлаад нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан ажил, амлалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг зөрчиж буй, эсэх талаар төрийн аудитын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулахаар хуульчилсан. Нөгөө талаас ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор явуулахыг хориглосон үйл ажиллагааны жагсаалтад “хишиг, хувь, хувьцаа өгөх, мөнгө, эд зүйл тараах” заалт уг хуульд бий. Гэвч одоо эрх барьж байгаа, сөрөг хүчин, УИХ-д суудалтай, эсэхээс үл хамааран “аашилж” байгааг нь харвал ингэж харамсах цаг хугацаа ард үлдэх бус, урд минь хүлээж буй бололтой.

Өдгөө, 10 жилийн дараа анх удаа ногдол ашиг тараах гэж буй 1072 ширхэг хувьцааг 2011 онд Монгол Улсын иргэн бүрт тараасан. Иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэж амласандаа “зөв харж инээн, буруу харж уйлан” байж хүрэх гэсэн эрх баригчдын хийсэн “ажил” ингэж эхэлсэн. Эхлээд 2008 оны сонгуулиар УИХ-д олонх болсон МАН, С.Батболдын Засгийн газар Тавантолгой ордыг барьцаалж Хятадын “Чалко” компаниас зээлсэн 350 сая ам.доллар, Хөгжлийн банкнаас авсан 200 тэрбум төгрөгийг иргэн бүрт 500 мянгаар нь тараасан. Иргэн бүрт их хэмжээний бэлэн мөнгө тараах энэхүү ажлыг 2010-2012 онд буюу дараагийн сонгууль хүртэл хийсэн гэхэд болно. Ингээд амласнаа хүн бүрт бүтнээр нь өгч дийлэхгүйд хүрэнгүүт өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үлдсэн сая төгрөгийг нь өгөв. Харин үлдсэн хүмүүстээ 1072 хувьцааг эзэмшүүлснээр Тавантолгойг “талхих” эхлэл тавигдсан юм. “Чалко” болон Хөгжлийн банкнаас зээлж, ард түмэнд бэлнээр тараасан 800 тэрбум төгрөгийн өр “Эрдэнэс Тавантолгой”-д л үлдсэн. Ингээд 2012 оны сонгуультай золгов. Эрх барьж байсан Ардын намынхан бүх иргэнд тараасан 500 мянга, заримд нь өгсөн 1.5 саяараа сайрхаж, 1072 хувьцаа эзэмшүүлснээ ихэд онцлох “тактик” барьж сонгуульд оролцсон ч ялагдсан юм.

Улмаар АН-ынхан эрх барьсан ч аанай л Тавантолгойг “талхисан” хэвээр. Тэд зарим иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, оюутны сургалтын төлбөрийг суутган “хариуцах” замаар 1072 хувьцааг нь “амилуулав”. Эцэст нь, 2016 оны сонгуулийн өмнө З.Энхболдын даргалсан УИХ, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын нэрээр АН-ынхан “Сайн хувьцаа” хөтөлбөр хэрэгжүүлж, зарим иргэнээс “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны 30 хувь буюу 323 ширхэгийг нь 300 мянган төгрөгөөр худалдаж авсан юм. Энэ нь сонгуулийн өмнө сонгогчдод мөнгө “тарааж”, саналыг нь худалдан авах гэсэн заль байв. Иргэд хувьцаагаа 300 мянган төгрөгөөр худалдах хүсэлт гаргаж, иргэний үнэмлэхийн хуулбараа өгөхөд л долоо хоногийн дараагаас мөнгө дансанд нь орж байлаа. Хувьцаагаа хэдэн ч хамаагүй төгрөгөөр өгөх гэж Урт цагааны гудамжинд урт дараалал үүсгэн, хонон өнжин горьдож суусан олон хүнд энэ бол сайн мэдээ байсан юм. Арилжааны банкныхан ч жигтэйхэн уриалгахан болчихсон байж билээ. Орон нутгийн зарим төрийн байгууллагад банкныхан хувилагч машинтайгаа “конторлож”, “vip” зэрэглэлээр үйлчилсэн юм даг. Гэвч гэнэт мөнгөтэй болох гэж байгаа, түүнийг дамжуулах гэж буй нөхдийн баярт мөч тийм удаан үргэлжлээгүй ээ. “Сайн хувьцаа” бол 2016 оны сонгуулийн өмнө газар авсан “сайн” тодотголтой, гоё нэртэй хөтөлбөрүүдийн нэг нь л байсан юм. Хот, суурин газрын гэр хорооллын иргэдэд банкнаас арван сая хүртэлх төгрөгийг таван жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлэх боломж бүрдүүлсэн “Сайн хашаа”, оюутнуудын бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Сайн оюутан”, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг сайжруулж, малчид, фермерийн орлогыг нэмэгдүүлэх “Сайн малчин” зэрэг “романтик” зорилготой хөтөлбөрүүдийг хэдхэн сарын хугацаанд “үйлдвэрлэсэн” түүхтэй. Гэвч АН ялагдаж, Ардын намынхан үнэмлэхүй олонх болсныг мартах учиргүй. Мөн одоо эдгээр хөтөлбөрийн санхүүжилтийг мөнгө хэвлэж “босгосон” хэрэгт тухайн үеийн нэр бүхий албан тушаалтнууд буруутгагдан шалгуулж буйг сануулъя.

Засгийн газар, УИХ-ын нэрээр кампанит ажил өрнүүлж, сонгогчдын санал худалдаж авахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг нь аливаа эрх баригчдын нийтлэг төрх. Сонгогчдоос санал авах гэж сайхан зүйл ярьж, түүнийгээ албажуулан шийдвэрлэсэн болгох гэж хөнгөн хуумгай хандан, хөрөнгө мөнгөөр “зодож”, хүчээр хэрэгжүүлэх гэдэг нь аль ч сонгуулийн өмнө моодонд ордог болчихож. “Сэхээнийхээс энгийн тасаг руу шилжлээ” хэмээн эдийн засгаа зүйрлэх атал иргэдэд гэнэт хэдэн зуугаар нь мөнгө өгөх тухай ярьж, саймширч байна.Эрх баригчид сонгуульд ялахын тулд бэлэн мөнгө амлаж, хувь, хувьцаа өгөхөөр шоудаж буйгаа Засгийн газрын үйл ажиллагаа мэт харагдахаар өнгөлөн далдалж буй нь хэнд ч тодорхой аж. Уг нь өнгөрсөн сонгуулиар ИЗНН эрх баригчид “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг 300 мянган төгрөгөөр худалдсан нь хууль зөрчсөн хэмээн шүүхэд хандаж байв. Өдгөө “Эрдэнэс Тавантолгой”-н 15 тэрбум хувьцааны 15 хувийг иргэд эзэмшиж буй. 85 хувийг нь дээд дурдсан арга замаар буюу сонгуулийн “шоу” болгон үе үеийн эрх баригчид Засгийн газартаа худалдаад авчихсан гэсэн үг. 200 орчим тэрбум төгрөгөөр ногдол ашиг тараах болсноо уржигдар мэдэгдэж, мэдээлэл хийхдээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Засгийн газраас чиглэл өгсний дагуу “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-өөс ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа” хэмээн тодотгосон нь ч дээрхийг батлах биз ээ. 

Саяхан УИХ-ын намрын чуулганаар баталсан Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль ч үүний жишээ. 2016 оны сонгуулийн өмнө АН-ынхан “Сайн малчин” хөтөлбөр хэрэгжүүлж “малчны” гэх тодотголтой зээлийн хүү жилийн бараг 30 хувь байсныг арав, арван хувиар даруй хоёр удаа буюу бараг гурав дахин бууруулж байсан бол одоо бүр тэтгэвэр барьцаалсан зээлийг нь тэглэлээ. Тэтгэврээ барьцаалан авсан зээлээс нь зургаан сая хүртэлх дүнгээр төр төлж, зээл аваагүйд нь нэг сая төгрөгийн үнэт цаас олгох энэ шийдвэрийг 900 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ. Хэрэв тэтгэвэр авагчийн зээлийн үлдэгдэл нэг сая төгрөгөөс бага бол тэрийг нь төрөөс төлөөд зогсохгүй зээлгүй ахмадуудад олгох үнэт цаасны мөнгөн дүнтэй тэнцүүлэн зөрүүг нь мөн олгохоор буй. Үндсэндээ ахмадуудад багадаа нэг, ихдээ зургаан сая төгрөг өгөх агуулгатай эл хуулийг яаж ч тайлбарласан сонгуулийн амлалтаас зайлахгүй. Эх орныхоо эрдэнэс баялгийн өгөөжөөс ахмад буурлуудынхаа ачийг санаж, ачааг хөнгөлөх зорилгоор ийм хууль баталсан гээд ч нэмэргүй. УИХ-ын дарга “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заасан монгол хүн бүр байгалийн баялгийнхаа эзэн байх, үр өгөөжийг нь тэгш, шударга хүртэх зүйл, заалтыг шууд хэрэгжүүлсэн анхны жишиг нь энэ хууль боллоо” хэмээн онцолсон нь ч өнөөгийн нөхцөлд үнэмшилгүй. Энэ “марафон” “итгэлийн зээл” гэх мэт илт сонгууль үнэртсэн “үзэгдлээр” ч үргэлжилж магадгүй.

Эрх барьж байгаа нь ингэж аашлах нэг хэрэг. АН тэргүүтэй бусад нам юу гэж амлах бол. 2016 оны сонгуулийн өмнө АН-ынхан эрх барьж байгаагийн хувьд амжчихсан болохоос МАН-ынхан ч 1072 хувьцааг нэг сая төгрөгөөр худалдан авах тогтоолын төсөл санаачлан, яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газарт хүргүүлж байсан түүхтэй. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцаа нэг бүрийг 933 төгрөгөөр үнэлэн сая төгрөгөөр худалдан авах ажлыг сар хүрэхгүй хугацаанд зохион байгуулах даалгаврыг Засгийн газарт үүрэг болгох агуулгатай тогтоолын төслийг сонгуульд нэр дэвшээгүй гишүүд болох Д.Дэмбэрэл, Су.Батболд, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр нараар санаачлуулж байлаа. Юутай ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албаа тушаасан З.Энхболд АН-ыг сонгуульд удирдан орох С.Эрдэнэ даргад зөвлөх болсон. Ийнхүү улс төр, сонгуулийн ажилд ханцуй шамлан орсон тэрбээр “Тавантолгойг танд үлдээсний таван жилийн ойн мэнд хүргэе” хэмээн цахим орчинд байр сууриа илэрхийлсэн харагдана лээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр ч Тавантолгойн тодорхой хэсгийг ч болов төрд үлдээх гэснийхээ төлөө намын журмын нөхөдтэй тангараг тасарснаа үе үе хуучилдаг.

1072 хувьцааг үнэ цэнтэй болгох амлалт аль аль намын мөрийн хөтөлбөрт хэдийн орчихсон. 10 жилийн дараа анх удаа ногдол ашиг тараах гэж буйг нь ч буруутгах гэсэнгүй. Гагцхүү их хэмжээний санхүүжилт шаардлагатай, түүнийг нь дахиад л өр тавих замаар шийдвэрлэхээс аргагүй мөнгөн амлалтуудын ард юу болохыг намууд тооцдог баймаар. Тавантолгойг “талхиж”, төгрөг тараасан дөрвөн сонгуулийн сургамж их ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)