С.Ямаахай: Хөгжмөөр эмчлэх аргыг маань дэмжих нэгэн байхад, тоогоогүй нь олон

Анагаах ухааны доктор, профессор С.Ямаахайтай ярилцлаа. Анагаахын шинжлэх ухаанд насны амьдралаа зориулж, эмчилгээний олон аргыг анхлан нэвтрүүлсэн ч алдар гавьяаг нь өөртөө нялзаагаагүй, эгэл даруу буурай ажээ.

-Сайхан зусаж байна уу, Та. Хөгжмөөр эмчлэх аргыг тэтгэвэрт гарсан хойноо, нэлээд хожуу туршиж эхэлсэн гэсэн. Ярилцлагаа эндээс эхлэх үү?

-Би эмч мэргэжилтэй. Хүнийг хөгжмөөр эмчилж болдог тухай анх биологийн тухай номоос уншсан. Монголчууд, ялангуяа эмч нарт хөгжмийн боловсрол хэрэгтэй гэж боддог. Анагаах ухааны хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн даргын алба хашиж байхдаа секторын эрхлэгч нарт хөгжмөөр хүнийг эмчилж болдог тухай уншсанаа сонирхуулж хэлсэн. Тэд гайхсанаас бус нэг их тоогоогүй.

Тэгэхээр нь ажлынхаа Алтанцэцэгтэй холбоо барьж, нөхрийнх нь утасны дугаарыг авсан. Нөхөр нь хөгжмийн зохиолч П.Хаянхярваа. Түүн рүү ярьж манай эмч нарт хөгжмийн тухай ярьж өгөхийг хүссэн. Ингээд нэг хэсэг дөрөв дэх өдөр болгон Дуурь бүжгийн эрдмийн театрт ажилтнууддаа зориулан төгөлдөр хуур тоглуулж, лекц уншуулсан. Дуучдаар сонгодог бүтээлүүдийг дуулуулдаг байсан. Энэ бол эхлэл. Давхар ажилтай тул энэ үүнийгээ үргэлжлүүлж чадаагүй тэтгэвэрт гартлаа бодож явсан. Сүүлдээ СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн захирал Г.Ганцэцэг, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл зэрэг хүнтэй танилцаж, хөгжмийг илүү судалсан. Нөгөө талаар би хөгжимд маш их дуртай. 

Багадаа мандолин, домбр, баллайк, гитар, хийл, шанз тоглодог байв. Сурсан хөгжим болгоныг аав минь авч өгсөн. Хүнд аз таарвал сайн багш заяана. Сайн багшийн шавь сайн л байдаг. Тиймээс энэ бол сургуулийн хөгжмийн багшийн гавьяа. Аав цэргийн оёдлын үйлдвэрт ажилчин, ижий минь I сургуульд цэвэрлэгч хийдэг байсан. Би ажилчин гэр бүлийн хүүхэд. Заавал, дээд боловсролтой, соёлтой байж хүүхдэдээ санаа тавих албагүй. Эцэг, эх болгон хүүхдэдээ санаа тавих ёстой.

-Тэтгэвэрт гараад ямар хүмүүсийг хамгийн түрүүнд эмчлэв?

-Надад хамт олон хэрэгтэй байсан. Тиймээс “Ахмадууд” нэртэй төрийн бус байгууллага байгууллаа. Ахмадууддаа зориулж номын сан байгуулан, түүндээ ахмадуудыг цуглуулж, эрүүл мэндийн боловсрол олгож эхэлсэн. Энэ бол 1990-ээд он. “Өтлөлт ба хөдөлгөөн”, “Наслалт ба хооллолт”, “Наслалт ба сэтгэл” хөтөлбөрийг гурван жил хэрэгжүүлсэн. Ахмадуудтай ажилласан туршлагадаа тулгуурлан “Өтлөлт өөрөөс чинь эхэлнэ” номоо бичсэн. Хөгшчүүд анх ирэхдээ ойр алхдаг байсан. “40 см зайтай алхаарай” гэхэд л “Яасан том алхах юм бэ” гэдэг байв. Тэдний алхмын зайг томруулж, булчинг нь суллахаас эхэлж ажил ундарсан. 

Эрүүл мэнд цэх алхахаас эхэлдэг. Тэр үед талоноор талх, архи авдаг байлаа. Хүмүүсийг хүчээр тэтгэвэрт эрт гаргачихсан, олонхын сэтгэл санаа гундуу. Тиймээс сэтгэлийг нь өөд татахын тулд хөгжмөөр эмчилж эхэлсэн. Нэг эмчилгээний дараа “За бүгдээрээ дуулъя” гэхэд тэд “Тэгье” гэсэн. Мандолин, баянхуур тоглодог хүн байна уу гэхэд хэд хэдэн хүн гар өргөсөн. Ингээд хамт дуулж, тоглож, хөгжимдсөн. Хүмүүс “Ямар гоё юм бэ, дахиад дуулъя” гээд сэтгэл нь илт сэргэсэн шүү. Сүүлдээ ахмадын тоо 140 гаруй болж, өрөөнд багтахаа байж, долоо хоногт хуваарь гаргаж ээлжилж хөгжмөөр эмчилсэн. Аажимдаа бөөнөөрөө Зайсан руу явган явж хөгжимтэй дасгал хийдэг болов.

Эмээ нар авдартаа хадгалсан дээлээ гаргаж өмсөн, уруулаа будаж, өвгөчүүд хослолоор гангарах болсон. Зарим нь магнитофон авчирч, бүжиглэдэг. Би хүн бүрт карт нээн, сэтгэл санааны ямар өөрчлөлт гарсныг нэгбүрчлэн тэмдэглэж байсан.

-Хүний боловсрол, хүмүүжилд хөгжим эергээр нөлөөлдөг нь мэдээж. Та ямар шинэ зүйл олж мэдэв?

-Хөгжмийн бүтээл хүний эрүүл мэнд, хүүхэд, залуучуудын хүмүүжил төлөвшил, настнуудын сэтгэлийн амар амгалан байдлыг тогтуун байлгадгаараа онцгой. Хөгжим хүнийг тайвшруулж, идэвхжүүлэх, бие махбодын булчин, шөрмөсийг сулруулан зөөлрүүлэх эсвэл чангаруулж эрчимжүүлдэг. Мөн хамт олны харилцааг эерэгжүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлнэ. Гэр бүлийн тав тухыг бүрдүүлж, хүүхэд, хөгшдийн сэтгэлд баяр баясгалан нэмэх, хэн нэгний уур уцаар, сэтгэлийн түгшүүрийг хөөн зайлуулах, унтаж амрахад хөгжмийг ашиглаж болно.

-НҮБ-аас хөгжмөөр эмчлэх аргыг тань дэмжсэн гэл үү?

-Ахмадуудыг хөгжмөөр эмчилж буйг олон хүн мэддэг болсон. Улмаар НҮБ-ын Сайн дурын төлөөлөгчийн газрынханд хандаж, ажлаа танилцуулсан. Тэд намайг дэмжсэн. Төсөл хэрэгжүүлэх санхүүгийн дэмжлэг авлаа. Энэ мөнгөөрөө 20 хүнийг сонгон авч, эмчилгээгээ үргэжлүүлэх багаж тоног төхөөрөмжтэй ч боллоо. Туршилтын үр дүнтэй танилцаад “Оны сайн дурын хүн” гэж өргөмжилсөн. НҮБ-ын байгууллагын санхүүжилтээр авсан эдгээр тоног төхөөрөмжөө аль нэг байгууллагад шилжүүлнэ дээ. Миний нас өндөр болжээ, өөрийгөө мэдэхгүй явж болохгүй.

-Өөр байгуулага, хувь хүн дэмжсэн үү?

-Тухайн үед С.Чинзориг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд байсан. Тэрбээр НҮБ-ын олон улсын сайн дурынхны өдрөөр миний хийж буй ажилтай танилцаад дэмжихээ илэрхийлсэн. Хэлсэндээ хүрч төсөл хэрэгжүүлэх эрхийн бичиг өгсөн. Гэтэл ХНХЯ-ны санхүүгийн албаны нягтлан бодогч нь намайг зад загнаад санхүүжилт өгөөгүй. Сайд нь гарын үсгээ зураад өгсөн байтал доод албаны хүн ахмадуудыг хөгжмөөр эмчлэхийг дэмжээгүй. Үе үеийн Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, А.Цогцэцэг нар дэмжсэн. 

Тус яамны мэргэжилтэн Баярмаа, Долгорсүрэн гэж хүмүүс дээр очоод гацсан. Сайд нь хэлээд байхад доод тушаалын албан тушаалтнууд нь хэрэгжүүлдэггүй. Уг нь би мөнгө нэхээгүй. “Нэг өрөө гаргаад өгөөч. Хүмүүсийг үнэгүй эмчилье. Залгамж халаагаа бэлтгэе” гэсэн юм. Зарим хүний хандлага, хэлсэн үг надад эвгүй санагдсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн даргатай нь уулзаад цагдаа нарыг хөгжмөөр тайвшруулъя гэсэн. Цагдаа нар байнга муу зүйлтэй тулгарч, шөнөжин согтуу хөлчүү хүн, хэрэгтэнтэй зууралддаг. Маргааш нь эхнэр, хүүхдүүдтэйгээ таагүй харилцах магадлалтай учраас үнэгүй хичээл заая гэсэн юм. Бас байрныхаа хажуугийн 25 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид хандаж бага насныханд хөгжмийн боловсрол олгоё гэсэн ч тоогоогүй. Өглөө цэцэрлэгт хонь хурга нийлсэн аятай уйлаан майлаан болдог. 

Өрхийн эмч дээр ороод “Нялх хүүхэдтэй ээж нарыг цуглуулж өгөөч сайхан хөгжим сонсгоё” гэсэн авч бас л сонсоогүй. Уг нь чадлаараа хүмүүст хөгжмийн боловсрол олгоё. Эмчлэх аргыг нь заая, үнэгүй эмчилье гэсэн. Хөгжим хүнд үнэхээр хэрэгтэй. Нэрт морин хуурч Ц.Батчулуун энэ ажлыг маань дэмжиж хамтарч ажиллахаар төлөвлөж байсан. Даанч миний аз дутахад дүү минь өнгөрчихлөө. Ганц дайчин ганцаардахгүй гэдэг ч ганцаарддаг л юм байна.

-Та нийт хэчнээн хүн эмчилсэн бэ?

-Олон хүнийг эмчилгээнд хамрууллаа. Сэтгэцийн өвчтэй хүнийг ч эмчилсэн. Тэр хүн эрүүл саруул болж, гэрлэж, үр хүүхэдтэй болсон.

-Хөгжмөөр эмчилдэг гаднын туршлагыг судлав уу?

-Япон эмээ нар Монголын морин хуур хөгжмийг сурах их дуртай. Сурснаа эрүүл мэнддээ ашигладаг. Монголоос морин хуур байнга захидаг юм билээ. 2017 онд нэг япон танил маань надад Токио хотод болох хөгжмөөр эмчлэгчдийн нийгэмлэг, холбоодын XV их хурлын урилга өгсөн. Дөрвөн жилд нэг удаа болдог том хурал. “Танай улс яаж дэмждэг вэ” гэж асуух болов уу гэж зовоод очоогүй. Нөгөөтээгүүр, зөвхөн бүртгүүлэхэд нэг сая гаруй төгрөг хэрэгтэй болсон. Тэтгэврийн би ийм хэмжээний мөнгийг яаж гаргах вэ. 

Дэлхийн 50 гаруй оронд хөгжмөөр эмчлэгчдийн холбоо бий. Хөгжмийг, түүний дотор сонгодог хөгжмийн бүтээлийг эрүүл мэндийн зориулалтаар ашиглах аргыг боловсруулан зохих журмын дагуу бүрдүүлэлт хийж, Оюуны өмчийн газарт 2014 онд бүртгүүлж, зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан. Хөгжмийн урлагийн бүтээлийг хүний эрүүл мэндэд ашиглах мэргэжлийн асуудал манай нөхцөлд анх удаа зохиогчийн эрхийн хэмжээнд бүрдсэн.

-Таны “Хөгжмөөр анагаахуй” номд хөгжим урагт сайнаар нөлөөлдөг гэж бичсэн байсан?

-Хэвлий дэх ураг хөдөлж эхлэх үеэс хөгжим сонсговол тохиромжтой гэж үздэг. Үүний тулд юуны өмнө ээж болох бүсгүйд хөгжим ямар ач холбогдолтойг сайн ойлгуулах, үнэн зөв мэдээлэл өгч, итгэл үнэмшил төрүүлэх нь чухал. Эх, хүүхдийн эрүүл мэндэд ач холбогдол бүхий энэ аргыг олон улсад хэрэглэдэг. Сайн үр дүн гардгийг унших бүрт монгол ээж нарт хэрэглэх аргыг нь зааж, туслах юм сан гэсэн болдол байнга төрдөг. Иймээс өөрийнхөө зээ охидод хэрэглэсэн аргаа бичиж үлдээвэл бусдад буян болно гэж үзсэн. 

Тухайлбал, жирэмсэн бүсгүйчүүд цаг зав гаргаж дуулах хэрэгтэй. Дуулж байгаа хүн зөв амьсгалж чаддаг тул ургийн хүчилтөрөгчийн хангамж сайжирна. Нөгөөтээгүүр өөрийнх нь дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа нь авианы хэмнэлээр идэвхждэг. Хүүхдийн тархи мэдээллийг загварчилсан хэлбэрээр илүү сайн хадгалдаг тул хөгжим сонссоны ач холбогдол заавал гарна. Хөгжмийг чичиргээ доргионы нэг хэлбэр гэдгээс үүдэн хүүхдийг төрсний дараа тохирсон ая сонсгож байх нь тархинд эергээр нөлөөлнө. Жирэмсний таван сартайгаас ураг сонсож, мэдээлэл хүлээн авдаг болсон үеэс хөгжим сонсгож болно. Сонсох хөгжмийг сонгох хэрэгтэй. Сонголтод хөгжмөөр эмчлэгч эмчийн туслалцаа чухал.

-Хөгжмөөр эмчлэхдээ ихэвчлэн ямар ая ашигладаг вэ?

-Монголын зохиолчдын гайхалтай, сайхан хөгжмийн бүтээл олон бий. Зохиогчийн эрхэд дураар халдаж болохгүй тул ашигладаггүй. Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл дөрвөн цомгоо надад бэлэглэсэн. Тэрбээр “Та миний бүтээлийг эмчилгээндээ ашиглаж болно” гэж хэлсэн. Түүний “Аргамаг” бүтээлээр өөрийнхөө зүрхийг эмчилсэн. Зүрх минь үе үе хурдан цохилохоо больсон. Мөн гадаад явах бүртээ хөгжмийн цомог авдаг. Ач нар минь намайг “Манай эмээ их соёлтой. Хувцас, гоёл ердөө тоохгүй. Зөвхөн цомог л авдаг” гэж цаашлуулдаг юм.

-Хөгжмөөр хүнийг эмчлэхээс гадна Таныг анагаах ухааны салбарт олон шинэчлэл хийсэн гэж эмч нар ярих юм билээ.

-Би анагаах ухаанд насны амьдралаа зориулсан. Миний сайных биш. Дарга нар надад даалгавар өгөх дуртай байснаас олон зүйлд анхдагчдын нэг болсон. Жишээ нь, сургуулиа төгсөөд I амаржих газарт их эмчээр ажиллаж байсан юм. 1961 оны өвөл Эрүүл мэндийн сайд асан Г.Туваан намайг дуудаж, даалгавар өгч, чиглүүлсэн. Бидний залууд ахмад үеэ маш их хүндэлдэг. “Сайд аа” гээд сулхан дуугарсан чинь “Ямар ч үг хүлээж авахгүй. Юу хэлэх гэж байгааг чинь мэднэ. Эмнэлгийн даргатай чинь ярьсан. Олон хүн судалсан. Чи л тохирно” гээд баахан магтаж гаргасан. Ингээд лаборатори байгуулахаар улсын нэгдсэн I эмнэлэгт нэг жил орчим ажилласан. 

Лаборатори байгуулах бэлтгэл ажил хангаад есдүгээр сард нь Орост мэргэжил дээшлүүлэхээр нэг жил суралцсан. Тухайн үедээ буцаж ажил дээрээ очоод ерөнхий эмчийн өрөөнд ороод уйлсан. Ерөнхий эмч “Томилолт авахаасаа өмнө хэлэхгүй дээ. Асууж үздэг байж уу. Надаас чиний тухай асуусан болохоос ийш тийш явуулна гэж хэлээгүй” гэж намайг аргадаж байж билээ. Ингэж I амаржих газраас улсын нэгдсэн I эмнэлгийн био лабораторийг байгуулахаар шилжсэн түүхтэй. Монголын анхны биохимийн лабораторийг үүсгэн байгуулсан хүмүүс бол Б.Лувсанноров бид хоёр. Б.Лувсанноров их чадварлаг, бид хоёр гар нийлж идэвхтэй ажилласан. Г.Туваан сайдад насан туршдаа баярладаг.

-Монголд анх зүрхний мэс засал хийхэд Таныг чухал үүрэг гүйцэтгэсэн гэх юм?

-Хүний зүрхэнд мэс засал хийх ажиллагааг Монголд нэвтрүүлэх судалгаа хийлгэхээр 1967 онд намайг Анагаах ухааны хүрээлэнд шилжүүлсэн. Зүрхний мэс заслын үед биохимийн шинжилгээ хийх хүн хэрэгтэй болсон юм билээ. Дахиад л Москвагийн Зүрх судасны мэс заслын төвд ажиллан мэргэжил дээшлүүлсэн. Хутга мэс барьж, арьс зүсэхгүй ч өвчтөнд шинжилгээ хийх, онош тавих, мэс засал хийх, эсэх гээд бүх судалгаа шинжилгээнд хамт байж энэ ажлын ард гарсан. Хэд хэдэн мэргэжлийн хүнтэй баг болж ажилласан.

Анагаах ухааны салбарт оруулсан бас нэг хувь нэмэр бол Монголд зүрхний мэс засал эхлүүлэхэд оролцсон явдал юм. I амаржих газарт ажиллаж байхдаа “Монгол эрүүл эмэгтэйчүүдийн болон жирэмсний хордлоготой эмэгтэйчүүдийн цусан дахь уургийн хэмжээний өөрчлөлт”, “Савны гадуурх жирэмслэлт” зэрэг сэдвээр судалгаа хийсэн минь энэ ажилд “дайчлагдахад” нөлөөлсөн байх. 1968 онд Анагаах ухааны хүрээлэнгийнхэн зүрхний мэс заслыг Монголд эхлүүлсэн. 1969 онд Улсын нэгдсэн III эмнэлэгт Зүрхний мэс заслын тасаг нээсэн. Тус тасгийн 50 жилийн ой энэ жил тохиож байна.

-Сургууль төгсөөд мэргэжлээрээ хэр удаан ажилласан бэ?

-I амаржих газарт 1959-1961 онд ажиллаж, жуух бичгээр шагнуулж, хотын депутат болсон. Судалгаа их хийдэг, жижүүрт олон гардаг байв. Орос эмч нартай ажиллаж их зүйл сурсан. Хоёр жилийн дотор эмэгтэйчүүдэд хийх бүх мэс заслыг сурсан байлаа. Санал хүсэлтийн дэвтэрт миний тухай ээжүүд их сайшааж бичдэг сэн. Сайдын жуух авсан. Тэр үеийн жуух одоогийн их том шагналтай дүйнэ. Мэс засал хийснээ тэмдэглэдэг байсан. Гурван жилд хийсвэр хагалгаагаар 300 гаруй эх төрүүлсэн. Хэвийн төрүүлсэн эх маш олон. Тоог нь гаргаагүй.

-Яагаад эмч болсон юм бэ?

-Ижий, аав тэр бүр өвддөггүй, эрүүл саруул байдаг байсан. Тэр үед автобус унаа гэх биш. Усны гудамжаас аав дугуйгаар, ээж ажилдаа явган авдаг байв. Одоогийнхтой адил өрхийн эмч гэж байгаагүй. Намайг есдүгээр ангид орох жил аав айхавтар өвдсөн. Сүхбаатар гэж, хожим нь миний багш болсон хүн аавын өвчнийг цусан хатгалгаа гэж оношлон, гэрээр тарьж эдгээсэн. Ээж, бид хоёр шөнө ээлжилж аавыг асардаг байсан. Аав бүсээр гараа оосорлоод хэрэгтэй бол уяагаа татдаг байсан. Тэр үед Сүхбаатар гуай аавыг эдгээлээ. Эмчийн мэргэжил их чухал юм гэж ойлгосон доо. Дунд сургуулиа төгсөөд эмч болохоор шулуудсан.

-Цөөнгүй судалгаа хийж, олон ажил хавсарч хийдэг байжээ. Ажил, ар гэрийн амьдралаа хэрхэн зохицуулдаг байв?

-Улсын нэгдсэн III эмнэлэгт лабораторийн ерөнхий мэргэжилтнээс гадна 1971-1979 онд Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын алба давхар хашиж байсан. Мөн элэгний судалгаа оношилгоо хийнэ, оюутнуудын эрдмийн ажил удирдана. Дээрээс нь хүрээлэнгийн Ардын эмнэлэг, рашаан сувиллын секторыг хариуцдаг байв. Давхар ажил хийлээ гээд илүү цалин авч байгаагүй. 

Тэр үед хойлог шувууг судлах даалгавар өгсөн. Хүмүүс хойлог шувууны махыг идвэл шархадсан үед цус алдахгүй, шарх хурдан эдгэнэ гэж ярьдаг. Тиймээс хойлог шувууны амьдрал, махных нь найрлага, бүтэц, түүнийг нь эмчилгээнд хэрэглэж болох, эсэхийг нэгбүрчлэн судалж тогтоо гэсэн. Улмаар хойлог шувууны талаар судлах хүнийг ажилд ав гэлээ. Маш олон хүн судалсан. Одоо бодоход маш олон ажил хийж байжээ.

-Хойлог шувуу судлахад нөхрийн (Төрийн шагналт, зураглаач О.Уртнасан) тань дэм тус их байсан байх даа.

-Ихэнхдээ хөдөөгүүр ажилтай явдаг нөхөр минь гэртээ байж таарсан. Гэртээ ирээд нөхрөөсөө “Хойлог шувуу мэдэх үү” гэсэн. “Байгаль, амьтнаар “өвчилсөн” юм чинь “Ёстой гоё сэдэв байна. Хариуцах хүнээ надтай танилцуулаарай. Мэдэх зүйлээ хэлж өгнө” гэсэн. Ингээд Г.Зоригийг сонгож, хойлог шувуу судлах эрдэм шинжилгээний ажлыг нь удирдсан.

-Үр дүн нь яаж гарсан бэ?

-Бид 10 жилийн дараа хойлог шувууны талаарх эрдэм шинжилгээний иж бүрэн ажлаа дууссан. Сүүлдээ багш шавь биш, эгч дүү болсон доо. Би эмч, эмнэлгийн хүн учраас эрдмийн ажлаа хамгаалахад биологийн мэргэжилтэй удирдагч хэрэг болсон. Их сургуулийн захирал О.Шагдарсүрэнг удирдагчаа болгосон. “Эрдэм шинжилгээний бэлэн болсон ажил байна” хамтран удирдагч болооч гэж гуйсан. Г.Зориг 100 хувийн саналаар шинжлэх ухааны доктор болсон. Би олон хүнийг эрдмийн зэрэгт хүргэсэн. Энэ ганц л жишээ юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)