С.Эрдэнэ: Үндсэн хуулийн цэц 17 мянган иргэнийхээ эрх ашгийг уландаа гишгэчихлээ

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааны шийдвэртэй холбоотой асуудлаар АН-ын дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "МАН-ын өөрийнх нь угшилтай хүнээр дамжуулж Д.Гантулгын хийсэн хэрэгтэй холбоотой асуудлаар гомдол гаргасан. Тэгээд нийгмийн эсэргүүцэлтэй тулгарч, хүчирхийллийн асуудал сөхөгдөөд ирэхээр тэд өөр үндэслэл хайсан. Энэ тухай бидэнд мэдээлэл ирсэн. Өчигдөр Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гарсан. Харин сонгууль зарласан буюу зардалтай холбоотой холбогдох заалтыг хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн. Тэгэхээр УИХ ҮХЦ-ийн энэхүү шийдвэрийг хүлээж авсан ч, эс авсан ч Хэнтийн нөхөн сонгууль явагдахгүй гэж бодож байна. Хүлээж авлаа гэхэд шууд сонгууль явагдах боломжгүй. Хүлээж авахгүй байлаа гэхэд Үндсэн хуулийн цэц нэгэнт Дунд суудлын хуралдаанаар гаргасан шийдвэрээ Их суудлын хуралдаанаар баталгаажуулах байх. Иймд аль ч шатанд явагдахгүй нөхөл байдал үүссэн. 

Ер нь эрх баригч намын хувьд үнэхээр ичгүүртэй, тун хариуцлагагүй үйлдэл болж байна. Өчигдрийн цэцийн дүгнэлтэд маш ойлгомжгүй тайлбаруудыг хийсэн. Үүнээс гадна УИХ-ын гишүүн зөвхөн сонгогдсон тойргийнхоо сонгогчдыг төлөөлөх бус бүх ард түмний элч төлөөлөгч байна гэсэн үндэслэлээр одоо байгаа 75 гишүүн бүх ард түмнийг төлөөлж чадна гэсэн үндэслэлийг дахин дахин хэлээд байна лээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чадамж бол 57 ба түүнээс дээш гишүүн байгаа тохиолдолд их хурал бүрэн чадамжтай ажиллана гэсэн үг. Үүгээр бол Хэнтийн 42 дугаар тойрог төлөөлөлтэй байсан байгаагүй ялгаагүй тойргийн хоосон орон зайг нөхөөд ажиллаад явах боломжтой хэмээн тайлбарлаж байгаа. 

Хэнтийн 17 000 сонгогчдын эрх ашгийг ҮХЦ уландаа дэвсэлж байна. Үндсэн хуулийн манаанд зогсох ёстой Үндсэн хуулийн цэц бол үүргээ умартаад эрх баригчдын эрх ашгийн хамгаалж, тэдний хүслийг гүйцэтгэдэг байгууллага болсон гэдгээ ил тод харууллаа.

Бид 42 дугаар тойрог дээр гурван удаа судалгаа авсан. Гурвууланд нь нэгээр АН ба Ж.Оюунбаатар, хоёроор МАН ба У.Хүрэлсүх, гурваар МАХН ба Н.Энхбаяр нар гарч байсан" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)