С.ЭРДЭНЭ: Хэн нэгнийг хайх, баривчлуулах эрх бидэнд байхгүй

АН-ын дарга С.Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийлээ. Засгийн газрын тогтоолын дагуу төрийн албан хаагчдын цалинг 279 000- 451 000 болгон нэмэхдээ шударга ёсны зарчмыг алдагдуулсан гэж тэрбээр тайлбарлаж байна. Мөн Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгох, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах болсон талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Төрийн албан хаагчдын цалинг нэмэх тухай тогтоолыг хүчингүй болгох шаардлага АН тавьж буй юм байна. Үүнд зарцуулах хөрөнгийг төсөвт суулгачихсан байсан юм биш үү?

-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид санхүүгийн эх үүсвэргүй болох эрсдэлтэй байна. Үүнд дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа учраас эрх баригчид гаргасан шийдвэрээ эргэж харах хэрэгтэй. Хүнд нөхцөлд ажиллаж буй эмч, сувилагч зэрэг хүний цалинг эхний ээлжид нэмэх ёстой гэж үзэж байгаа. Цаашид цалин, хөлс нэмэхдээ тооцоо судалгаанд үндэслэхийг мөн сануулсан.

-УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий юү?

-Уг нь УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолыг батлахдаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг 3-5 тэрбум ам.доллароор зарна гэж танилцуулсан. Гэтэл салбарын сайдын хэлснээр нэг тэрбум төгрөгөөр зарах гэж байна. Тиймээс энэ асуудлыг зөвхөн Засгийн газар биш, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй. УИХ-аар асуудал хэлэлцүүлэх, санал авах, боловсруулах гэж 2-3 сар зарцуулдаг. Хугацаа алдахгүйн тулд УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Монгол Улс тус ордоос төсвийн хөрөнгийнхөө багагүй хувийг бүрдүүлдэг. Тэгвэл Тавантолгойн ордын 30 хувийг нь эрсдэлд оруулах үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй.

-IPO хийх нь тус ордын 30 хувийг олон улсын зах зээлд гаргаж, ил тод байдлыг нь дээшлүүлнэ гэж УУХҮ-ийн сайд мэдээлсэн. Зах зээлд гаргахаас өөрөөр үр ашгийг нь нэмэх боломж байна уу?

-“Эрдэнэс Тавантолгой” компанийнхан сүүлийн жилүүдэд 1-2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Цаашид ч үүнийг нэмэгдүүлэх боломжтой. Гэтэл 30 хувийг нь зарчихаад, олсон ашгаа юунд зарцуулах гэж буй нь ч тодорхой бус байна. Эрх баригчид үүнийгээ тодорхойлохын оронд ерөнхий зарчим ярьчихаад суух нь зохисгүй. Оюутолгойн ордыг ийм шалтгаанаар алдагдалд оруулсан. Алдаагаа давтахгүйн тулд УИХ-аар асуудлыг хэлэлцүүлэх нь зөв. Эдийн засгийн байнгын хороо болон УИХ-ын чуулганыг ч яаралтай хуралдуулах шаардлагатай.

-Таныг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх болсон гэж зарим эх сурвалж мэдээлсэн. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-Сонгууль дөхөхөөр улс төрийн намууд нэгнийгээ гүтгэж, харлуулахыг хичээдэг. Хариуцлагатайгаар хэлье. Би ямар ч мэдүүлэг, байцаалт өгөөгүй. Яллагдагчаар татах үндэслэл ч байхгүй. Хэн нэгэнд ямар ч хохирол учруулаагүй. Үүнийгээ нотолж чадна. Дөрвөн хүнийг яллагдагчаар татах тухай мэдээг zaluu. com гэх сайтынхан эхлээд түгээсэн юм билээ. Үүнийг бусад сайтынхан ч цааш тараасан нь хууль бус үйлдэл. Хоёрдугаарт, прокурор, цагдаагийн аль ч байгууллагаас надад ямар ч мэдэгдэл ирүүлээгүй. Намайг яллагдагчаар татсан гэх мэдээлэл өмнө нь түгээснийг үндэслэлгүй гэдгийг тогтоолгосон. Хэнд ямар хохирол учруулсныг баталбал би хариуцлагаа хүлээнэ. Зугтах шаардлага байхгүй.

-Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг зарахыг завдсан гэх мэдээлэл бий. Таны байр суурь ямар байна вэ?

-АН-д байсан өндөр албан тушаалтнуудтай холбоотой үндэслэлгүй мэдээлэл гараад байгаа. Ц.Элбэгдорж 2009 онд АН-аас гарч, гишүүнчлэлээ сэргээгээгүй, нам бус хүн. Л.Оюун-Эрдэнэ “Тэр хүмүүсээ олж ир” гэж мэдээлэл хийсэн байна лээ. Эрх барьж байгаа юм бол өөрсдөө олж ир. Бид хууль, хяналтын байгууллагын ажлыг төлөөлөн гүйцэтгэдэг байгууллага биш. Төрийн чиг үүргийг улс төрийн намд хамаатуулах хэрэггүй. Л.Оюун-Эрдэнэ ээ, уучлаарай, хэн нэгнийг баривчлах, олж ирэх үүрэг бидэнд байхгүй. Энэ бол эрх барьж буй хүмүүсийн ажил. Ц.Элбэгдорж манай намын хүн биш. Төрийн тусгай хамгаалалтад байгаа хүн.

-Ч.Сайханбилэг өөр улсаас орогнох эрх хүссэн гэдэгтэй холбоотой мэдээлэл танд байна уу?

-Бид хэн нэг гишүүнтэй холбоотой асуудлыг мөрдөж, мөшгөх үүрэг хүлээхгүй. Намын гишүүнийх нь хувьд түүнийг шалгах эрх ч бидэнд байхгүй. Намын Үндсэн дүрмийн хороонд хэн нэгэн гишүүн гомдол гаргасан тохиолдолд үүнийг шийдвэрлэхийн тулд шалгаж болно. Ташрамд хэлэхэд, намайг үхсэн хүмүүсийн тэтгэврийг завшсан гэж олон жил гүтгэсэн. Нийгмийн даатгалын багц хуулийг 1995 онд хэрэгжүүлж эхэлснээс хойш Тэтгэврийн сан хоосон байсан. 25 жилийн турш нэг ч төгрөгийн үлдэгдэл байгаагүй. Одоо ч энэ санд мөнгө байхгүй. Өнөөдөр шимтгэл төлж буй хүмүүсийн мөнгөөр тэтгэвэр олгож байгаа. Тэр нь ч хүрдэггүй юм. Үлдсэнийг нь улсын төсвөөс гаргадаг. Төр тус санд 14 их наяд төгрөг төвлөрүүлэх ёстой. МАН дөрвөн жилийн турш есөн их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж ирсэн. Энэ мөнгийг Тэтгэврийн санд байршуулсан бол ирээдүйд тэтгэвэрт гарах иргэдийн эрсдэлийг бууруулах боломж байсан.

-Б.Хурц нарын хүмүүс танай намаас нэр дэвшихээр 100 сая төгрөг өгсөн гэдэг үнэн үү?

-Энэ бол дэнчин биш, урьдчилгаа татвар. Татварын талаарх мэдээ, тайлан бий. Бид жил бүр аудитын байгууллагад дотоод санхүүжилтээ тогтмол мэдээлж байгаа. Б.Хурц манай намд нэг ч төгрөг өгөөгүй. Ийм мэдээллийг ямар эх үүсвэрээс авсныг шалгуулна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)