С.Эрдэнэ: Төрийн албаны бүх шатанд гэмт хэрэг үйлдэгдэж байна

АН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр тус намын дарга С.Эрдэнэ "Ардчилсан нам сөрөг хүчнийхээ хувьд жижиг, том жагсаал цуглааныг хийж ирсэн. Өчигдрийн жагсаалд нэгдсэн байдлаар 30 мянга гаруй хүн оролцож эсэргүүцлээ илэрхийлсэн. Ер нь та бүхэн мэдэж байгаа байх. Төрийн албаны бүх шатанд гэмт хэрэг үйлдэгдэж байна. Манай улс шиг цөөн хүн амтай улс оронд хүний амь нас шиг чухал зүйл гэж үгүй. Гэтэл гуравхан сая хүн амтай улсад жилд 3000 гаруй хүн аваар ослын улмаас нас барж байгаа нь маш харамсалтай. Дайнтай улс оронд ч жилд ийм тооны хүн амь насаа алдахгүй байгаа. Өдөртөө 7-8 хүн нас барж байна. Золгүй байдлаар амь насаа алдсан хэргийн ард үргэлж хариуцлагын алдаа байдаг. Хариуцлага хүлээж байгаа нэг ч албан тушаалтан алга. Иймд ардчилсан нам УИХ, Засгийн газраас хариуцлага нэхэх шаардлагаа үргэлжлүүлсээр байх болно. Бидний зохион байгуулсан жагсаалыг янз бүрээр харлуулах гэж үзлээ. Энэ бүхэнтэй хариуцлага тооцно.

УИХ-ын чуулган дээр Оюутолгойн гэрээний асуудал яригдсан байсан. Тэр гэрээг байгуулсан Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдөр амьд сэрүүн байж байна. Би тухайн үеийн Эрдэс баялгийн сайд Зоригтийг огцруулах гэж хоёр удаа оролдоод олонхийн дэмжлэгийг авч чадаагүй. Мөн Оюутолгойн гэрээг ярьж байхад шударга хүний дүр бүтээгээд явж байгаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тухайн үед мөн л Хууль зүйн сайд байсан. Ц.Нямдоржийн хууль зүйн сайд байгаагүй үе гэж байхгүй. 22 жилийн турш Монголын хуулийн салбарыг толгойлсон хүн шүү дээ. Тэгсэн хэрнээ нийгэмд хор уршиг тарьсан хэрэг гараад ирэхээр би байгаагүй, мэдэхгүй, би зурагтгүй, орон сууцгүй гээд сууж байдаг.

Хоёрдугаарт, Монголын нэг номерын худалч сайд бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. 2016 оны Засгийн газрын эрх хүлээлгэх явцад Монгол Улсын гадаад өр 24.6 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 29.5 тэрбум ам.долларын өртэй болсон байна. Өдөр шөнөгүй өр төлөөд байдаг Сангийн сайд маань ямар өр төлчихсөн юм бэ. Засгийн газрын өр гэхэд л 3 тэрбум төгрөгөөр өссөн байна шүү дээ. 

Бид УИХ-д шаардлага тавихдаа хариуцлагагүй Засгийн газартаа хариуцлага тооц. Тэгж чадахгүй бол УИХ өөрөө тар гэдгийг л шаардсан. Энэхүү шаардлагаа эрх баригчдаас нэхсээр байх болно" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)