С.ЭНХЖАРГАЛ: Хандив нэрээр данс руугаа мөнгө шилжүүлж байна

2020 оны УИХ-ын сонгуулийн үйл явцыг хэрхэн ажиглаж буй талаар Нээлттэй нийгэм форумаас мэдээллээ. Тус форумынхан төрийн бус байгууллагуудыг нэгтгэн, “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналтын сүлжээ”-г 2008 онд байгуулсан аж. Тодруулбал, “Глоб интернэшнл”, МИДАС, “Сонгогчдын боловсрол олгох төв”, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд”, “Бодлогод залуусын хяналт” зэрэг иргэний нийгмийн байгууллага хамтран 2008 оноос хойших сонгуульд ажиглалт хийж иржээ. Энэ удаагийн ээлжит сонгуулиар Улаанбаатар хотод сонгуулийн 451 хэсгийн хороо ажиллах гэнэ. Тэдгээрийн 100-д нь дээрх сүлжээний 204 ажиглагч ажиллах юм. Түүнчлэн Баянхонгор, Дорноговь, Төв, Хэнтий, Дархан-Уул аймагт 30 хүнийг ажиглагчаар оролцуулах төлөвлөгөөтэй аж.

Сонгуулийн саналын хуудас хэвлэх, “хар машин”-ыг турших ажилд нам, эвслийн ажиглагчид идэвхгүй оролцож байгааг мэдээллийн үеэр онцоллоо. МИДАС төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Энхжаргал “Баянзүрх дүүрэг дэх хэсгийн 19 хорооны тавд нь бид ажиглалт хийсэн. Сонгогчдын нэрийн жагсаалт манай байгууллагуудад нээлттэй биш учраас энэ удаагийн сонгуульд өргөн хүрээнд хяналт тавих боломжгүй. Эдгээр хэсгийн хорооноос 11-ийнх нь сонгогчдын нэрийн жагсаалттай танилцахад мөн тооны хаягийн зөрчилтэй байж болзошгүй тохиолдол гарсан. Бусадтай нь танилцах боломж олгоогүй” хэмээв. Тэдгээр хэсгийн хороон дахь 25 122 иргэний мэдээллийг шалгахад зарим хаягт 10 иргэн бүртгэсэн хэдий ч гэрт нь хэн ч байхгүй, хүн амьдардаг шинжгүй байжээ. Мөн нэг хаягт 20 иргэнийг бүртгэсэн тул шалгаж үзэхэд хоёр сонгогч оршин сууж байгааг тогтоосон аж. Энэ нь өмнө нь оршин суусан иргэд хаягаа шилжүүлдэггүйтэй холбоотой гэнэ. Хандивын мөнгийг нэр, регистрийн дугаарын хамт бичиж шилжүүлэхийг хуульд тусгасан байдаг. Тиймээс нэр дэвшигчид иргэдийн регистрийн дугаарыг ашиглан, хандив нэрээр өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлж байгааг тус байгууллагынхан онцолж, ийм тохиолдолд иргэд хувийн мэдээллээ алдах эрсдэлтэйг анхааруулав.

Нэр дэвших магадлалтай хүмүүс хэрхэн сурталчилгаа явуулж буйг (дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31 хүртэлх хугацаанд) ажиглагчид судалжээ. Тус сүлжээний гишүүн, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн захирал Ц.Тамир “АН-ын З.Энхболд, МАН-ын Ж.Ганбаатар, МАХН-ын Э.Батшугар, ШИНЭН-ын Ж.Батзандан, ХҮН-ын З.Доржханд, бие даагч С.Даваасүрэн зэрэг 10 хүнийг сонгон ажигласан. Тэдгээр нэр дэвшигчийн тухай фэйсбүүк дэх гурван бичвэр тутмын нэг нь төлбөртэй байв. Үүнийг бид гурван цаг тутамд шалгасан бөгөөд өдөрт 3-44 удаа бичвэр оруулж, 1000-42 000 хариу үйлдэл авч, түүнд 129 мянгаас 4.7 сая төгрөг зарцуулсныг тооцсон” гэв. Сурталчилгаа эхэлсэн үед нэг нэр дэвшигч 60 минутад төлбөртэй 22 бичвэр явуулж буй аж. Үүнд өдөрт 50-100 доллар зарцуулж байна гэж тус байгууллагынхан тооцжээ.