С.Чинзориг: 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг дахин нэмнэ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээрийг өчигдөр баталлаа. Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог төлөөлж тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоог төлөөлж Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин нар хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Өмнөх жилийн хэлэлцээрийн хэрэгжилт хэдэн хувьтай гарсан бэ?

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилт 83.2 хувьтай. 2014 оноос хойш “хөдлөөгүй” цалин хөлсийг нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргаснаар төрийн албан хаагчдын сарын дундаж цалин 916 000 төгрөг болсон.

Энэ нь 2014 оны түвшнээс 27.5 хувиар өссөн үзүүлэлт. Цалин нэмэх хоёр удаагийн арга хэмжээний үр дүнд эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлагийн салбарт ажиллагсдын цалин дунджаар 20 хувиар өссөн.

-Энэ удаагийн хэлэлцээрт хэчнээн заалт тусгав?

-Нийт зургаан бүлэг 51 зүйлтэй. Хэлэлцээрийг баталснаар нэн тэргүүнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин орлогыг нэмэгдүүлэх, ажиллагсдын цалин, нийгмийн баталгааг хангах нь хэлэлцээрийн гол зорилго.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 онд 320 000, 2020 онд 420 000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшнээс багагүй хэмжээгээр дахин нэмнэ, удаан жилийн нэмэгдэл олгоно хэмээн зөвшилцөж гарын үсэг зурсан. Оны төгсгөлд төсөв хэлэлцэхээс урьтаж энэ талаар дахин зөвшилцөнө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)