С.Цэрэнчимэд: Спортдоо эргэн ирсний дараа авсан медаль бүхэн ямар “амттай” байсан гэж санана


Дэлхийн дэвжээнд 19 насандаа түрүүлж, дараа жил нь үзүүрлэн, монгол түмнээ баярлуулсан, Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэдийг “Өнөөдөр”-ийн зочнынхоо хойморт урьж, ярилцлаа. М-Ти-Эс групп, “Алдар” спорт хорооны тамирчин, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан тэрбээр хэдхэн хоногийн өмнө Румынд болсон 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. 

Ингэснээр армийн дэлхийн аварга С.Цэрэнчимэд ДАШТ-ээс дөрвөн өөр насны ангилал (өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх нас болон насанд хүрэгчид)-д медаль авсан Монголын анхны бөх болов. ДАШТ-ий найман медальтай, 23 настай С.Цэрэнчимэд Риогийн олимпын дараа үрийн зулай үнэрлэн, энэ оны гуравдугаар сард дэвжээндээ эргэн ирсэн юм.

-ДАШТ-д шахуу хуваарийн дагуу оролцсон гэж сонслоо. Тэмцээний дараа хэд хоног амрах болов уу гэж бодож байв. Эх орондоо ирэнгүүтээ бэлтгэлдээ орсон гэсэн, амарч амжив уу?

-Юуны өмнө “Өнөөдөр” сонины уншигчдад болон монгол түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Би 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-д анх удаа оролцон, хүрэл медаль хүртлээ. Зургаа хоногийн дотор тэмцээнд зодоглоод, эх орондоо ирсэн. Нэлээд ядарсан ч гэртээ ирэн, хүүгээ хараад тэр бүхнийг мартсан. Хүү минь намайг цэнэглэлээ. 

Тэмцээнд оролцохоор явахдаа эмээ, аав хоёрт нь үлдээсэн юм. Зав гарангуут л фэйсбүүкээр холбогдон, санасан сэтгэлээ тайтгаруулж явлаа. Намайг манай гэрийнхэн үргэлж дэмждэг. Өнөөгийн амжилт төдийгүй дэвжээндээ эргэн ирснээ тэдэнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Би ер нь хэр баргийн юманд шантарч, халширдаггүй.

Амжилт гаргаж, зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр шаргуу хөдөлмөрлөх учиртай. Тиймээс ядарлаа гээд бэлтгэлээ цалгардуулах эрх байхгүй. Бэлтгэлээ одоохондоо долоо хоногийн зургаан өдөр, нэг цагаар хийж эхэлсэн.

-Насанд хүрэгчдийн ДАШТ-д түрүүлж, үзүүрлэн, дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтсан танд 23 хүртэлх насны ангиллынхны өрсөлдөөн “хялбар” санагдсан болов уу. Түүхэн амжилтын эзэн боллоо гэх бахдал, түрүүлж чадсангүй хэмээх харууслын аль нь илүү төрөв?

-Тэмцээн л бол тэмцээн. Том, жижиг, чансаа багатай гэж ялган, өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй. Хүүгээ төрүүлээд жил гаруй тэмцээнд оролцоогүй. ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ Хосоо (Ц.Хосбаяр) багшийнхаа удирдлагад базаасан. Хүрэл медаль хүртсэндээ үнэхээр баяртай байна, чамлахгүй. 

Уг нь түрүүлэх боломж байсан. Гэвч хагас шигшээд Канадын А.Тоунд 15:3-аар дийлдлээ. Түүхэн амжилт гаргаснаас дутахгүй дэмждэг хүмүүсийнхээ итгэлийг хөсөрдүүлэлгүй, тэднийгээ баярлуулсандаа сэтгэл өндөр байна.

-Украины бөхтэй хүч сорихдоо мөрөө эвгүй болгочихсон нь барилдаанд тань хэр нөлөөлөв?

-Нуруу, дал хоёрын завсар юм хавчуулагдсаны улмаас мэдрэлийн судас дарагдан, хүзүү, цээж мэдээгүй болчихсон. Ер хөдлөхгүй, хөшчихсөн л дөө. Тамирчны амжилтын чөдөр бол яах аргагүй бэртэл, гэмтэл. Барилдахынхаа өмнө япон илээчийг гуйж байгаад иллэг хийлгэн, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан багшийн зөвлөсний дагуу халуун жин сайн тавьсан.

Энэ гэмтэл Канадын бөхтэй хийсэн барилдаанд их нөлөөлсөн. Хэдийгээр хүзүү хөдлөхгүй, зовиуртай байсан ч шүд зуугаад л барилдлаа. Би давхар хамах дархан мэхтэй. Мэхээ гүйцэтгэхэд сэжих их чухал. Гэтэл хүзүү хөшөөд сэжиж болохгүй байсны улмаас мэхээ даацтай хийж чадсангүй.

-Манай тамирчид тэмцээнд эмчгүй оролцсон гэж дуулсан. Яагаад эмч хамт яваагүй юм бол?

-Энэ талаар сайн мэдэхгүй. Өвчин хэлж бус, хийсэж ирдэг гэдэг шиг бэртэх эрсдэл тамирчдыг үргэлж дагадаг. Тэмцээн гэлтгүй бэлтгэлийн үеэр ч гэмтэх эрсдэлтэй. Тийм үед эмч зайлшгүй шаардлагатай. ДАШТ-д оролцсон тамирчид зардлаа хувиасаа гаргасан. 

Миний зардлыг П.Бат-Эрдэнэ захиралтай М-Ти-Эс групп, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нутгийн зөвлөлийнхөн даалаа. Тэднийхээ дэмжлэг, буянаар анхдагч болов.

ЖИРЭМСЭН БОЛСНОО ГУРВАН САРЫН ДАРАА БАГШДАА ХЭЛСЭН

-Бэлтгэл, тэмцээнтэй үед хүүг тань эмээ нь хардаг уу?

-Тэгдэг. Хүү минь ээжийн амь. Эмээ нь зээгээ ёстой сайн хардаг, үргэлж хамт тоглодог, ярилцдаг.

Энэ үеэр Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр “Заримдаа Чимэдээ хүүгээ бэлтгэл дээр авчирдаг юм. Тэр үед нь би харна. Мөөмгүй, сахалтай эмээ нь, би” хэмээн инээмсэглэв.

-Эмэгтэй хүн эх болохоороо ээжийнхээ ачийг, жаргал, зовлонг нь илүү ухаардаг гэдэг.

-Үнэнийг хэлэхэд хамгийн түрүүнд “Яана аа, бэлтгэл хийх боломжгүй болох нь. Ээж, багш нар загнах байх даа” гээд уйлсан. Тэгээд хэлж зүрхлэхгүй нэлээд явсан. Зүрхэлж байгаад эгчдээ хэллээ. Тэгсэн чинь эгч шууд л ээжид хэлчихдэг байгаа. 

Зүрх золтой л амаар гарчихаагүй. Ээж “Эмэгтэй хүн болж төрсний хамгийн сайхан нь эх болох, хүүхэд төрүүлэх. Охиндоо баяр хүргэе, ашгүй дээ” гэхэд нь сэтгэл тайвширсан. За, ямар ч байсан ээж зөвшөөрлөө гээд баярласан ч хоёр багш (Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр) юу гэх бол гэхээс санаа зовж, айсан гэж жигтэйхэн. Жирэмслээд гурван сар болсны хойно Цогоо багшид хэлсэн чинь “Баяр хүргэе. Цаг хугацааны хувьд аятайхан таарлаа. 2018 онд бэлтгэлдээ ороход сүүлчээр нь юм уу дараа жилийнх нь эхээр жигдрэн, Токиогийн олимпод амжилт гаргахын төлөө зүтгэхэд бэлэн болчихно. Хамгийн гол нь биеэ сайн бодоорой, хүүхдээ эрүүл бойжуулаарай” гээд зөвшөөрсөн. 

Тэгээд л сэтгэл амарсан даа. Хүүгээ таван сартай болтол нь бараг өөртөө итгээгүй. Нээрэн, би ийм хөөрхөн хүүхэдтэй болчихлоо гэж үү хэмээн бодоод л. Бэлтгэл тарангуут хүү рүүгээ яарсаар харих, хөөрхөн инээн, шулагнаад суухыг нь харах хамгийн сайхан. 

Одоо ой, нэг сартай. Тэнтэр, тунтар алхдаг болсон. Цүнхээ даахгүй шахам ядраад харьсан ч хүүгээ хараад л сэргэчихдэг, цуцсанаа ч умартдаг. Хүү минь яг над шиг инээдэг юм.

-Ээж болоод танд гарсан хамгийн том өөрчлөлт юү вэ?

-Өмнөхөөсөө илүү уужуу, тайван, хүлээцтэй, уян, зөөлөн болсон. Уурлаж, бухимдмаар зүйл тохиолдсон ч аль болох эергээр харж, хүлээцтэй ханддаг болдог юм билээ. Хүүтэй, ханьтай болсноор миний амьдрал бүр ч илүү утга учиртай болсон. 

Тэмцээний шагналын мөнгө, цалингаараа өөртөө гэхээсээ илүү хүүхэддээ аятайхан хувцас авч өгөн, чанартай бүтээгдэхүүн хэрэглүүлэхийг хүсдэг. Юуны түрүүнд хүүгээ эмээгээр нь сайхан хүмүүжүүлээдэхье. Том болохоор нь боловсролд нь нэлээд анхаарна. Энэ талаар судалж, ном уншиж байгаа. Миний ээж юунд ч шантардаггүй. Ямар ч зүйл тохиолдоход болгоно, бүтээнэ гэсэн өөдрөг үзэлтэй. Дайчин, зарчимч, хөдөлмөрч, зоригтой, тууштай, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг чанарыг нь би дуурайсан. 

Зөвхөн би гэлтгүй манай ах, эгч нар тэгж хүмүүжсэн. Энэ бол ямар ч алт, мөнгө, үнэт эдлэлээр үнэлэгдэж, хэмжигдэшгүй чухал зүйл. Өнөөдөр бид хүний дайтай амьдран, хүн болж төлөвшихөд хамгийн их хэрэг болсон. Хүү минь миний гэхээс илүүтэй эмээгийнхээ хүмүүжлээр хүмүүжиж байгаа. Үйл хөдлөл нь яг эмээ. Харахаар л инээд хүрээд байдаг юм.

-Таны нөхөр С.Билгүүн чөлөөт бөхөөр барилддаг. Тамирчны жаргал, зовлонг амсаж яваа тул биенээ сайн ойлгодог байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Зөвхөн спортын гэлтгүй ямар ч салбарт амжилттай яваа хүний ар талд найдвартай хамтрагч, түшиг тулгуур болсон хань, гэр бүлийнхэн байдаг. Нөхөр минь намайг үргэлж дэмждэг, хэнээс ч илүү ойлгодог. Бид нэг зорилго, мөрөөдөлтэй.

Бэлтгэлээ хамт хийн, бие биедээ алдаа, оноог нь хэлдэг. Энэ жил бэлтгэлдээ эргэн орох үеэр ээж Солонгос явж таараад. Тухайн үед үдээс өмнө би, үдээс хойш манай хүн бэлтгэл хийн, хүүгээ ээлжилж харсан. Анхандаа нялх биетэй болоод ч тэр үү, үнэхээр их ядарсан. Нөхөр минь намайг бага ядраан, амраахын тулд нэг хэсэг бэлтгэлдээ яваагүй.

-Чимэдээ Монголын бахархал болсон тамирчдын нэг. Харин хэр сайн ээж, гэргий вэ?

-(Инээв). Үүнийг манай хүн л сайн мэдэх байх даа.

Энэ үеэр түүнийг ярилцлагаа түр зогсоон, цугларалтад жагсахыг дарга нь үүрэгдэв. Учир нь уржигдар (пүрэв гаригт) “Алдар” спорт хороонд харьяалагддаг тамирчдын нэгдсэн цугларалт болсон юм. Хорооныхоо дөрөвдүгээр давхарт орших чөлөөт бөхийн танхимаас гаднах талбай руу жирийлгэсэн С.Цэрэнчимэд төд удалгүй амьсгаадсаар ирэв.

-Цугларалт нь нэлээд удах болов уу гэж бодож байлаа. Тарчихав уу?

-Үгүй ээ, тарах болоогүй байна. Таныг удаан хүлээлгэчих болов уу, ажлыг нь уячих байх гэж санаа зовоод даргаас гуйчихлаа. Яарсандаа сая дөрвөн давхар руу гүйгээд гараад ирсэн.

Хөөрхөн ааштай, хүүхэд зангаараа, эвдрээгүй... Энэ тодорхойлолт С.Цэрэнчимэд гавьяатад яг тохирно. Зарим тамирчин амжилтдаа эрдэн, буруу замаар ордог. Тэгэхгүй юм гэхэд амжилтын үзүүрээс хагас дутуу атгангуутаа хамраа сөхөн, биеэ тоох нь цөөнгүй. Харин хоёр багшийнхаа удирдлагад уналт, өнхрөлт заалган, чөлөөт бөхтэй амьдралаа холбохдоо ч, дэлхийн аварга болж, монгол түмнээ баярлуулахдаа ч Чимэдээ нэг л зангаараа байсан. Одоо ч хэвээрээ. Энэ нь түүний амжилтын төдийгүй олны хүндлэлийг хүлээдгийн нэг үндэс болов уу. 


ДЭВЖЭЭГЭЭ, БАРИЛДААНАА ИХ САНАСАН

-Хоёр жил шахам хугацаанд тэмцээнд оролцохгүй, нам гүм амьдрах ямар байв. Зарим тамирчин мартагдахаас айдаг. Та тэгж эмээсэн үү?

-Огт тэгээгүй. Амжилт, алдар нэр мөнх бус. Тамирчид гэлтгүй ямар ч салбарын хүн амжилт гаргавал бусдын хайрыг татна, магтуулна. Тэгэхгүй бол цаг хугацааны аясаар мартагдах нь хорвоогийн жам.

-Амаржсан хүнийг формонд нь оруулах амаргүй, их ажиллагаа ордог гэж цөөнгүй дасгалжуулагчаас дуулсан. Одоо формондоо хэр оров?

-Амаргүй, нэлээд хэцүү гэж бодож байлаа. Төсөөлснийг бодоход миний бие хурдан дасаж, формондоо орсоор байгаа. Ер нь бэлтгэл үргэлж сайтай, тогтвортой байх боломжгүй. Унаж, сэргэх нь хэвийн үзэгдэл. 

Хүүгээ төрүүлээд удаагүй байхдаа УАШТ зурагтаар үзсэн минь санаанаас ер гарахгүй юм. Тэгэхэд сэтгэл их хөдөлсөн, чөлөөт бөхийн спортод ямар их дуртай, хайртайгаа улам мэдэрсэн. Бэлтгэлдээ хурдан орох сон гэж яарсаар хүүгээ гурван сартай байхад нь хийж эхэлсэн.

Мэх, техникээ өмнөх шигээ гүйцэтгэн, тэсэрч чадаж буйдаа олзуурхаж байна. Хоёр багш минь намайг зөв системээр бэлтгэж буйн ач. Дэвжээгээ, барилдаанаа их саналаа. Энэ жил “Mongolia open”-д түрүүлэн, армийн ДАШТ-ээс хүрэл медаль аваад хэчнээн их баярласан гэж санана. Өмнө нь эдгээр тэмцээнд түрүүлж байсан ч тэс өөр мэдрэмж төрж, урам авлаа.

НАМАЙГ ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГТ АВААГҮЙ

-Дэвжээндээ эргэн ирж, олон улсын хоёр ч тэмцээнд өндөр амжилт гаргасан таныг насанд хүрэгчдийн ДАШТ-д юм дуулгах болов уу гэж спортын хорхойтнууд таамаглаж байсан ч сорил тэмцээнд А.Батцэцэгт дийлдсэн. Сэтгэлээр унасан уу, эсвэл өөрийгөө улам хурцалсан уу?

-Мэдээж сорил тэмцээнээс ДАШТ-д оролцох эрх авахыг зорьсон ч чадаагүй. Хэтэрхий хичээсний улмаас бэлтгэл “цөмөрчих” шиг болсон. А.Батцэцэгт ялагдан дэвжээнээс буухад сэтгэлээр унасан ч “За, хүү дээрээ очъё доо” л гэж бодсон. 

Тэгээд л хүүгээ үнсээд тайтгарсан. Өмнө нь ялагдсандаа харамсан, сэтгэлээр унаад хэд хоног гундуу явдаг байсан шүү дээ. Одоо больсон. Хүү минь амьдралд маань өнгө, гэрэл нэмэхийн зэрэгцээ урам өгдөг.

-Энэ жил насанд хүрэгчдийн ДАШТ-ий өмнө үндэсний шигшээ багийн тамирчдыг бүрдүүлсэн ч та багтаагүйд олон хүн гайхаж байна. Тамирчдыг амжилтаар нь эрэмбэлбэл шигшээд хамгийн түрүүнд таныг авах нь гарцаагүй. Монголын нүүр царай болсон тамирчнаа чөлөөт бөхийнхөн яагаад шигшээд багтаагаагүй юм бол?

-Энэ талаар би элдэв юм хэлэх нь илүүц байх. Бүх бичиг баримтаа бүрдүүлж өгөн, шигшээ багт багтана гэдэгтээ итгэлтэй байсан ч санаснаар болсонгүй. Бэлтгэлдээ эргэж ороод чамлахааргүй амжилт гаргасан, өмнөх амжилт минь ямар билээ. 

Үндэсний шигшээ багт аваагүйд гомдсон, уйлсан. Нөхөр минь зорилгодоо хүрэхийн тулд бэлтгэлдээ бүх анхаарлаа хандуулдаг, өөр ажил хийдэггүй. Хүү бид гурав миний харьяалагддаг М-Ти-Эс групп, “Алдар” спорт хорооны цалингаар л болгож байна. 

Уг нь шигшээ багийн тамирчин болсон бол цалин нь амьдралд нэлээд дэм болохгүй юү. Миний оронд орсон тамирчны амьдралд нэмэр болж, амжилтад нь дэм болбол болоо доо. Юм нэгээр дуусах биш, дахин монгол түмнээ баярлуулж, шигшээгийн тамирчин болох боломж гарах байх.

-Өнөөгийн нийгэмд тэр тусмаа Улаанбаатар хотод амьдрахад өртөг өндөр. Цалин нь гэр бүлд нь хангалттай хүрдэг үү?

-Ээ, дээ, хэцүүхэн дээ. Жаахан хүүхэд өсгөхөд мөнгө нэлээд шаарддаг юм байна. Үүний сацуу тэмцээнд оролцон, бэлтгэл хийхэд санхүүгийн бэрхшээлтэй тулгарах үе зөндөө.

2016 ОН ХАР ДАРСАН ЗҮҮД ШИГ ЖИЛ БАЙСАН

-ДАШТ-д хоёр жил дараалан аваргын төлөө барилдан, гялалзсан ч Риогийн олимпод оролцохын төлөөх өрсөлдөөнд Монголоосоо шалгарч чадаагүй. Алдаагаа хэрхэн дүгнэв?

-Ер нь алдаагаа өөрөөсөө л хайдаг. 2015 оны сүүлчээс бэлтгэл минь яльгүй суларсан тал бий. Ганцаарчилж ажиллах дасгалжуулагч хэрэгтэйг ойлгосон.

Хоёр багш маань мундаг ч нэг удаагийн бэлтгэл дээр бүх тамирчинтай тулж ажиллан, үйл хөдлөлийг нь харах боломж хомс. 2016 он миний хувьд хар дарсан зүүд шиг жил байсан. Амьдралд минь тохиолдсон хамгийн хүнд үе байлаа. Тэр бүхэн одоо бол эсрэгээрээ надад улам хичээх эрч хүч өгч байна.

-Риогийн олимпод 58 кг-д өрсөлдөхийн төлөөх гол өрсөлдөөн Гавьяат тамирчин П.Орхон та хоёрын дунд өрнөсөн. Биенийхээ дээлийнх нь захыг мушгин, төдийгөөс өдий хүртэл хоёр багшийнхаа удирдлагад зүтгэж яваа бөхчүүд тамирчны хувиар өрсөлдөхөд ямар байх юм бэ?

-Амаргүй юм билээ. П.Орхон эгчийг өнөөгийн амжилтад хүрэхэд нэлээд нөлөөлсөн хүн бол Лхамгармаа ах. Бэлтгэлээ үргэлж найз залуутайгаа хамт хийснийхээ үр дүнд ганцхан жилийн дотор мэргэжлийн түвшинд хүрсэн.

-Тамирчны амжилт залуу насных. Инженер болох мөрөөдлийнхөө дагуу сурах бодол бий юү. ШУТИС-иас өгсөн урилгаараа сурсан уу?

-Сураагүй. Одоо ХААИС-д маркетинг, менежментийн чиглэлээр сурч байна. Энэ жил төгсөнө. Би багаасаа инженерийн зэрэгцээ эмч болохыг мөрөөдсөн. Тиймээс зодог тайлсныхаа дараа эмч мэргэжлээр сурах, өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг. Би чөлөөт бөхөд дуртай болохоороо л өдий хүртэл зүтгэж яваа. 

Эмч болох хүслээ орхиогүй. Ойрын хугацаанд оролцохоор төлөвлөсөн тэмцээн байхгүй. Он гараад УАШТ болно. Зарим байгууллага тамирчдыг амжилт гаргахад нь дэмжээд, уруудахад нь нүүр буруулдаг. 

Жирэмсэн байхад ч намайг цалинжуулан, өдий хүртэл дэмжиж яваа П.Бат-Эрдэнэ захиралтай М-Ти-Эс группийн хамт олон болон хурандаа Г.Өсөхбаяр даргатай “Алдар” спорт хороо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Т.Хэрүүга захиралтай ХААИС-ийнхандаа, Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр багшдаа, Г.Мандахнаран ахдаа, гэр бүлийнхэндээ, монгол түмэндээ, хэнтийчүүддээ баярлаж явдгаа энэ ташрамд илэрхийлье.

БИ ХЭР БАРГИЙН ЮМАНД ШАНТАРДАГГҮЙ

-Чимэдээд чөлөөт бөхөөр барилдахаас өөр авьяас бий юү?

-Өө, байхгүй, байхгүй. Чөлөөт бөх л миний ганц чаддаг зүйл. Чөлөөт цагаараа аялан, ууланд алхах дуртай. Жирэмсэн байхдаа зүүн аймгуудаар аялсан л даа. Миний сэтгэлийг Хар зүрхний Хөх нуур их татсан. Тэгж байгаад буриад түмэн амьдардаг нутгуудаар болон Хөвсгөл аймгаар аялна. Бас Австри, Канад улсад өвлийн улиралд аялбал гоё доо.

-Та дэвжээн дээр арслан шиг хүчирхэг, зоригтой, дайчин байж чаддаг. Харин амьдрал дээр тэгж чаддаг уу?

-Чаддаг. Аливаа зүйлийг дуустал нь хийхийг илүүд үздэг. Хэр баргийн зүйлд шантардаггүй нь миний давуу тал. Ер нь ямар ч юмыг хэний ч өмнө нүүр бардам хийх сайхан. Олон жилийн дараа хүү минь “Ээж минь ийм мундаг хүн байсан. Тийм амжилт гаргаж, ийм зүйл бүтээсэн” гээд бахархвал том олз. 

Нээрэн, би бичиг баримттай холбоотой ажил хөөцөлдөхдөө сайн. Яаж, ийж байгаад л бүтээчихдэг. Ер нь манай гэрийнхэн бүгд эртэч. Товлосон ажилгүй байсан ч эрт босож, юу хийхээ төлөвлөдөг. Тэдэнтэйгээ ширээ тойрон сууж, багын дурсамжаа, мөрөөдлөө ярих дуртай. Сүүлийн үед чөлөөт цагаараа ном уншиж байгаа. Хамгийн сүүлд “Морь унасан толгойгүй хүн”-ийг уншлаа. Ээж саяхан “Өглөөний хүн” тэргүүтэй нэлээд хэдэн ном авч өгсөн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)