С.Цэрэнчимэд “Оросын цом”-ын хошой аварга боллоо


Энэ жил их спортдоо эргэн ирсэн, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд дэлхийн дэвжээнээс дөрвөн өөр насны ангилалд медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон билээ. ДАШТ-ий найман медальтай тэрбээр ялалтаа Оросын дэвжээнд үргэлжүүлэн, түрүүлэв. 

С.Цэрэнчимэд хоёр жилийн өмнө “Оросын цом”-д манлайлсан амжилтаа баталж, хошой аварга болсон нь энэ. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ө.Ууганбаярын удирдлагад найман тамирчин зодоглосноос бас нэг бөх Төрийн дууллаа эгшиглүүлсэн нь “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Болортуяа. Эмэгтэйчүүдийн 65 кг-д өрсөлдсөн тэрбээр өнгөрсөн жил тус тэмцээнд үзүүрлэсэн амжилтаа ахиулав.

Мөн 50 кг-д “Хасу мегастарс” клубийн бөх Ц.Намуунцэцэг, 53 кг-д дэлхийн дэд аварга, “Хилчин” спорт хорооны Э.Сумъяа, 59 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, “Хасу мегастарс” клубийн Б.Шоовдор, 62 кг-д ОУХМ А.Батцэцэг, 68 кг-д ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Насанбурмаа нар хүрэл медалийн эзэн боллоо. Оросын дэвжээнд сойсон бөхчүүдээс ганзага хоосон хоцорсон Э.Гантуяа хагас шигшээд А.Батцэцэгт 4:3-аар дийлдсэн юм.

“Оросын цом”-ыг таван удаа зохион байгуулахад өсвөр үе, залуучуудын Азийн болон дэлхийн аварга, 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ий мөнгөн медальт А.Батцэцэг бүгдээс нь медаль хүртсэн төдийгүй дөрвөн өөр жинд (53, 55, 57, 62 кг)-д амжилт гаргасныг нь давтахад бэрх. Үүний сацуу тус тэмцээнээс О.Насанбурмаа гавьяат гурав (2016, 2017 онд түрүүлсэн), Э.Сумъяа (хоёр жилийн өмнө алт), Б.Шоовдор (2015 онд хүрэл) нар хоёр, Ц.Намуунцэцэг анхны медалиа хүртлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)