С.ЦОГ: Багшийнхаа өвлүүлсэн ханан хасааг гэртээ эрдэнэ мэт залсан

Өвөг дээдсээс уламжилж ирсэн үндэсний наадгайн нэг бол шагайн харваа. Шагайн харваа нь тэвчээр шалгасан сонирхолтой тоглоом. Зөвхөн эрчүүд цэц мэргэнээ сорьдог энэ наадгайд татагдах хүмүүсийн хүрээ жилээс жилд нэмэгдсээр. Шагайн харваа XIII зуунд үүсэж, эхэн үедээ хаад, ноёд өргөөндөө зугаацдаг наадгай байсан бол яваандаа эрчүүд цэц мэргэнээ сорьдог болж, өнөө цагт спортын нэгэн төрөл болж хөгжжээ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, Монгол Улсын дархан мэргэн С.Цогтой ярилцлаа.

-Шагайн харваа нүүдэлчдийн ахуй амьдралаас улбаатай. Монгол наадгайн өв соёлыг тээсэн үндэсний спортод шагайн харваа зүй ёсоор багтдаг. Наадам хаяанд ирлээ. Харваачид тэмцээнээ хүлээн суугаа даа.

-Монголын шагай харваачид өвөг дээдээс уламжилж ирсэн өв соёлоо дээдэлж, түмэн олноороо цэнгэн нааддаг улсын баярт өндөр ач холбогдол өгсөөр ирсэн. Энэ жилийн шагайн харвааг наадамчин олон цахимаар үзэж, цомхон наадах боллоо. Монгол наадмын түүхэнд үзэгчгүй наадсан анхны тохиолдол. Бид түмэн олныг сайхан наадуулахын тулд нөхцөл байдалд тохируулан бэлтгэл сургуулилалтаа базааж эхэллээ. Шагай харвах нь утга учиртай. Монголчууд шагайн харвааны соёлыг 1206 оноос эхэлсэн гэж үздэг. Хөдөө арал буюу Хэрлэнбаян-Улаанд үүссэн хэмээн түүхийн эх сурвалжид тэмдэглэсэн нь бий. Тэгэхээр эрдэнийн шагайг цэнгүүлж харвуулна гэдэг Богд Чингис хааны түүхэн цаг хугацаанд зохиосон, дэлхийд хосгүй монгол соёл юм. Ахмадууд шагайн харвааг залуустаа өвлүүлж, эх орноо хамгаалах, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлийг оюун ухаанд нь төлөвшүүлж ирсэн. Залуус өвгөдийнхөө өв соёлыг түгээн дэлгэрүүлж, наадсаар байгаа нь бахархал юм.

-1999 онд шагайн харваа улсын их баяр наадмын дөрөв дэх төрөл болж, хөтөлбөрт нь албан ёсоор багтсан. Тэр үеэс наадамчин олон сонирхож үзэх болжээ. Таныг энэ спортод дуртай болоход хэн нөлөөлөв?

-Манай гэр бүл гурван үеэрээ шагай харваж байна. Хүүхэд байхад нагац ах минь шагай харваж, уухайлдаг байлаа. Манайх зун майхан барьчихна. Нутгийн хүмүүс ирж, шагай харван хийморио сэргээдэг байв. Ээж цай чанан, хуушуур хайрч зочдоо дайлна. Тэднийг шагай харваж байх нь надад наадам болж буй мэт байлаа. Надаас гадна хоёр дүү минь харвадаг. Нагац ах биднийг бага байхад шагайн харвааны үүх түүхийг сонирхуулан ярьж, дэг жаягаас нь сургасан. Би шагайн харваатай 40 гаруй жил нөхөрлөлөө. Халхын мэргэн харваачидтай мөр зэрэгцэн харваж явсандаа баярладаг. 1972 оноос Хэнтий аймгийн Батноров сумын харьяат Ж.Бүрнээгийн багт олон жил шагай харвасан. Хонхор нуурын тойром харваанд бид есөн жил дараалан түрүүлж, тухайн үедээ “Тэнгэр” баг хэмээн алдаршиж байв. Шагай харваачид наадам дөхөхөөр нутаг, нутагтаа дэгэлзэж суудаг. Шагай харвахад төрсөн жил, гараг, мэнгэ суудлыг нь сайтар зохицуулж, ивээл жилтэй, жил дагасан хүмүүсээр багаа бүрдүүлдэг. Энэ нь эртээс уламжилж ирсэн зан зүйлийн нэг.

-Шагайн харвааны хамгийн нандин увдис уухайд нь байдаг гэж ахмадууд ярьдаг. Сонсох тусам чихэнд чимэгтэй сонсогддог уухайд их учир бий байх.

-Уухайг домын шинж агуулсан гэж ярьдаг. Уухайн дуунд лус баярлаж, хураа хайрлан ган гачиг тайлагдан, байгаль дэлхий өнгөө засдаг гэдэг. Шагайн харваа болж буй газар хур элбэгшиж, зуншлага сайхан болдог нь ийм учиртай. Шагайн уухай нь бүс нутгийн түмэн олны зан үйл, соёл, хэв маягаас үүдэлтэй дөрвөн чиглэлд хуваагддаг. Төв халхын угалзуухай, боржигон уухай, Зуутын идэрийн уухай, баруун монгол буюу дархад уухай гэж төрөлжүүлэн ардын язгуур урлагийн төрөлд багтаан үндэсний соёлын үнэт өв хэмээн үздэг. Төв болон баруун аймгуудад шинийн 3-ны дотор хотондоо шагай харвуулсан айлын мал тэр жилдээ өсөж үрждэг, шагайн харвааны уухайн дууг сонссон хүний хийморь сэргэдэг хэмээн бэлгэддэг. Шагай харваж эхлэхдээ алтан зурхайд ханан хасаа өрж, ноён үеийнхээ дөрвөн харваачаар сум тавиулж, “Эх дэлхий, нутаг минь өнө мөнх бат оршиг, эрхий мэргэн харваачид нь зуун намрыг үзэж наслаарай. Төрийн минь сүлд мөнхөд өршөөг” гэж бэлгэдэн хэлдэг уламжлалтай. Шагайн харвааг уухайгаараа удирддаг. Харваачид өөр хоорондоо уухайгаар харилцаж, ойлголцоно. Зээ татах бэлэн боллоо, сумаа тавь гэсэн утгыг илэрхийлнэ. Зээ татангуут залгуулаад уухайлна. Уухайгаар сумны барил, буруу, зөв суусан, хашлагаа өндөр, нам барьсан, хасаа оносон, дутсаныг хэлдэг. Шагай харваад дуусахад уухайн дуу чихэнд хоногшиж, долоон хоног сонсогдоно. Шагайн харвааны уухай орчны жаврыг үргээж, эерэг уур амьсгал бүрдүүлдэг.

НАДАД Х.ЧОЙБАЛСАН, Ж.САМБУУ ГУАЙН ХУВАН ХАСАА БИЙ

-Таныг “Анчин” хэмээн алдаршсан мэргэн харваач Содном гуайн шавь гэж ярих юм билээ. Хасааны цуглуулгаа баяжуулж байна уу?

-Миний багш Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны хүн. Олноо “Анчин” хэмээн алдаршсан эрхий мэргэн харваач. Багшийнхаа өвлүүлсэн ханан хасааг гэртээ эрдэнэ мэт залсан. Би хасааны олон цуглуулгатай. Туулын хар шугуйд шагай харвадаг байсан Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Х.Чойбалсан, мөн Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуайн хуван хасаа бий. Намайг шагайн харваанд сэтгэл татагдаж, хорхойсон тоглодог болсон үед нутгийн нэгэн буурал Х.Чойбалсан гуайн хасааг уламжлан хадгалуулсан юм. Хувьсгалын болоод төр, түмний үйл хэрэгт бие, сэтгэлээ харамгүй зориулж, Монголын төрийг ухаанаараа түшилцэж явсан түүхэн хүмүүсийн хасаа болохоор бэлгэшээн дээдэлдэг.

-Багшийг тань “Анчин” хэмээн нэрлэдэг байсан нь ямар учиртай юм бол?

-Багш минь шагайн харвааны эрдмийг төгс эзэмшсэн. Манайх Хан-Уул дүүргийн 120 мянгатын нэг байранд амьдардаг байлаа. Намайг залуу байхад багш өглөө эрт гэрээс ирж аваад, орой хүргэж өгнө. Тэр үед “Намайг заавал ирж авах юм. Би өөрөө яваад оччихож чадна шүү дээ” гэж боддог байв. Миний амьдралыг түвшин амгалан явуулах гэж багш минь хичээдэг байсныг хожим ойлгосон. Багш бид хоёр Хөдөө аж ахуйн их сургууль хүртэл юм яриад алхана. Ингэж алхуулдаг байсан нь нэг талаар миний эрүүл мэндийг бодож, хөдөлгөөний дутагдалд оруулахаас сэргийлдэг байж, нөгөө талаар ойр орчмын газраа ажиглаж судлах ухаанд сургадаг байсныг мэдэж билээ. Надад шагайн харвааны өв соёлыг өөрийн биеэр үлгэрлэн эзэмшүүлсэн багшдаа одоо ч талархаж явдаг. Багш минь ан ав хийдэггүй байсан. Шагайн баг болгонд нэг буу буюу чавх байдаг. Шагайн чавхаар мэргэн онодог, ер бусын эрдэмтэй хүн байсан болохоор харваачид “Анчин” хэмээн өргөмжилсөн гэдэг. Багшийн харвасан сум ойгоод алга болчихно. Багийнхныгаа мэргэн харваагаар хурцалж, эсрэг багийнхныг гайхшируулж чаддаг хүн байлаа. Харвасан хасаа, сумыг нь хажуугийн майхнаас олсон тохиолдол ч бий. Тэр үеийн харваачид багшийн эрдмийг шагшин магтдаг байсныг сайн санадаг юм. Багш минь ганц охинтой байсан болохоор надад “Шавь минь ханан хасааг минь сайхан хадгалж яваарай” гээд өвлүүлж үлдээсэн. Манай ээж багшийн цагаан зандан зурхайг нь гоёлын дээлнийхээ завсар хийж, үнэрийг нь шингээдэг байв.

-Наадмын өдрүүдэд та шагай харвааны мэргэ үед суудаг. Мэргэ үед суудаг харваач тэмцээний торгон агшныг шийддэг шүү дээ?

-Би шагай харваж сурахдаа л мэргэ үед суусан. Мэргэ үе нь эсрэг багаа хожих, эсэх торгон агшныг шийддэг юм. Мэргэ үед надтай хамт Ц.Баатар хэмээх харваач суудаг. Мэргэ үед онцлог бий. Наадмаар шагай харваачид тэмцээнээ өндөрлүүлчихээд босоод явчихдаггүй. Өөр хоорондоо яриа өрнүүлж, хөөрөг зөрүүлэн тамхилна. Нэгнийхээ амар мэндийг эрэх зуураа хөөргөөрөө эерэг энерги дамжуулдаг. Багууд түрүүлсэн багийнхаа харваачдад баяр хүргэж, хүндлэл үзүүлэн, амжилтыг нь хамтдаа хуваалцдаг юм. Шагайн харвааны тэмцээнд бай мурий, хэрүүл тэмцэл байдаггүй.

-Шагайгаа хийдэг хавтагт тань нүд өөрийн эрхгүй унаж байна. Хүмүүс охиныг тань үйлэнд уран гэж ярих юм билээ.

-Манайх гурван хүүхэдтэй. Хүүхдүүд минь миний шагай харвахыг багаасаа харж өссөн Охиныг минь Батноров гэдэг. Хөөрөгний даалин, шагайн хавтаг урлахаас гадна зээгт наамал, торгон зураг, монгол үндэсний хээ, уран хатгамалд гаршсан. Бурхан урлаач Г.Пүрэвбат, түүний шавь Д.Ухаанзаяа нарын урланд зээгт наамлын торгон бүтээлийн тэгийг гаргаж, урладаг юм. Бурхан бүтээж оёход ур, ухаан, эв дүй шаарддаг. Би уран гартай охиноороо их бахархдаг. Урласан хөөрөгний даалин, хавтгаар нь гоёх дуртай. Эрдэнийн 15 шагайгаа хавтагт нь хийдэг юм. Харваачид охины минь урласан хавтгийг харчихаад магтдаг. Манай ууган хүү шагай харваж, сум тавьдаг. Одоо АНУ-д амьдарч байна. Бага хүү минь намайг дагаж, тойром харваанд явдаг байлаа.

ХОШУУНЫ НОЁД ТОЙРОМ ХАРВАА ХИЙХ НУТГИЙГ САЙТАР ШИНЖДЭГ БАЙСАН

-Монголчууд эрт үеэс ооно, бог малын шагайгаар шагай харваж нааддаг байсан нь учиртай биз?

-Бог малын баруун, зүүн хөлийн шагай арга, билэг хосолсон байдаг. Үүнийг харваачид товх, шагай орхиж байгаа хүмүүс дөрвөн бэрх гэж нэрлэдэг. Монголчууд арга, билэг хосолсон шагай хаяж, дөрвөн бэрх буулгадаг. Алтан зурхай дээр өрдөг найман шагайг оонын шагайгаар хийдэг юм. Шагай ан амьтны тулгуур болж, хөдөлгөөнийг зохицуулж, биеийнх нь тэнцвэрийг хадгалдаг. Эрхий хурууны дайтай шагайн дээр хүдэр хэмээх амьтан цойлон цахилдаг. Хүдэр төрсөн газраа орхиж явдаггүй, нутаг сэлгэн нүүдэллэдэггүй. Монголчууд ахуй амьдралаасаа улбаатай олон зүйлийг судалж, ан амьтдаас ямрынх нь шагайг сонгож, наадгай болгосон нь нарийн учиртай. Өвөг дээдэс минь шагайг “Тэнгэрээс буусан од” хэмээн дээдэлдэг. Мэргэн харваач шагайгаа эв хавгүй атгах, дээгүүр нь алхах, ёс зүйгүй үйлдэл гаргахыг ихэд цээрлэдэг. Монгол ёс уламжлалын тухай өгүүлэхэд шагай хамгийн ойр. Тиймээс айл болгонд шагай байдгийн учир энэ.

-Харваачид тойром харваа хийх газар, нутгийг сайтар шинждэг гэлцдэг. Ингэдэг байсан нарийн учрыг сонирхуулж яриач?

-Эрт үеэс хошууны ноёд газар шинжээч, харваач, цэц нар тойром харваа хийх газар, нутгийг сайтар шинждэг байсан. Ундны ус тунгалаг, элбэг байх, шагай харвах газар нь дөрвөн талаас хонгор салхи үлээх тэгш уудам талтай, дэнж нь цэцэг ногоогоор алагласан байхыг бодолцож сонгодог байжээ. Тойром харваа хийх газарт мэргэн харваачид сарын сайныг саатан, өдрийн сайныг өнжин хүлээж, нэгдэн цуглахдаа нутаг нутгаасаа чулуу, арц өвөртөлж, цагаан идээ, шар тостой ирдэг байсан. Хамгийн түрүүнд гал мандал үүсгэж, арц хүжээ уугиулан байгаль, дэлхийг баясгаж, нутгаасаа өвөртөлж ирсэн чулуугаараа овоо босгоод төв цэгээ сонгодог. Шагай харвахдаа тухайн хошууны ноён хоймор авч, баруун, зүүн жигүүрийг нутгийн зүг чигээр баримжаалан бууриа сонгодог. Намрын дунд сарын бэлгэ дэмбэрэлтэй өдөр тойром харваа хийх өдрөө товлон, зар түгээдэг байсан уламжлалтай. Тэр үеийн шагай харваачид адуу, мал, хөсөгтэйгөө ирж нааддаг байсан гэдэг. Ирсэн өдрөө буудаллан амарч, гүүгээ барин, өөр хоорондоо яриа өрнүүлэх зуураа нутаг нутгийн айраг амталдаг байсан. Нутаг болгонд тойром харваа хийдэг газар бий. Тухайлбал, Хэнтий аймагт Хэрлэнбаян-Улаан, Хөдөө арал, Дорноговийн Даланжаргалан сумын нутаг Их нартын хад байгалын цогцолборт газарт орших олон жилийн түүхтэй Халхын алдарт Луугарын тойром бий. Мөн Төв аймгийн Бадын бөөр, Булганы Хутаг-Өндөр сумд орших Хангинахын шугуй, Улаанбаатарт Богд хааны таалсан Сэрвэн сухай, Хонхор гэх зэрэг алдартай тойром байдаг. Энэ жилийн тойром харваа Хүй долоон худагт болно.

-Хүүхдийг хэдэн настайд нь шагайн харваагаар хичээллүүлдэг вэ?

-Монголчууд хүүхдийг 5-13 насанд нь сонгож шагайн харваагаар хичээллүүлдэг. Хүүхэд багаасаа үндэснийхээ өв соёлоос суралцаж, амьдрал ахуй, үйл хэрэгтээ хэрэгжүүлэх нь бахархал. Шагай анх харваж сурч байгаа хүүхдийг эхлээд урамшуулан, дэг жаяг, эрдмээс заана. Дараа нь зан чанар, хүмүүжил төлөвшлийг судална. Аливаа зүйлийг хүлээж авах чадвар, шагай харваж сурах ур дүй, сэтгэл зүйн байдал, тууштай хичээллэх тэвчээрийг нь шалгадаг. Хүүхэд шагайн харваагаар наадан тоглосноор нутаг ус, ан амьтнаа хайрлаж хамгаалах сэтгэлтэй болж, хүн, байгалийн хүйн холбоо нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнодоггүйг, амьдралын үнэ цэн, жам ёсыг мэдэж авдаг. Тухайн хүүхдийн байгалиас заяасан төрөлхийн авьяас, зан чанар, мэнгэ, суудлыг од, эрхэсийн байдалтай уялдуулан нарийн судалж багтаа гишүүнээр элсүүлнэ. Энэ бүхнийг харгалзахгүйгээр нутаг нутгаас ирсэн харваачдаас бүрдсэн багийн уур амьсгал нэгдмэл бус байдаг. Ганц нэг харваад л амархан бутардаг тал бий. Боловсролын байгууллага шагайн харвааг сургалтын хөтөлбөртөө багтаавал хүүхдийн хүмүүжил сайжрах чухал ач холбогдолтой. Ядаж л бусдыг хүндлэхээс эхлээд үндэснийхээ дээдэлж явах дэг жаяг, ёс уламжлалаас суралцана. Эрт үед хошуу нутагтаа мэргэн харваачид төрүүлэхийн тулд залуусыг сонгон шагайн харваанд сургаж байсан гэлцдэг.

-Хүмүүс шагайy харвааны тэмцээн сонирхож үздэг хэрнээ хэрэгслийнх нь талаар сайн мэддэггүй нь анзаарагддаг.

-Шагайн харвааны хэрэслэлд мод, тохой, хасаа, хашлага, тулгуур-сандал, сум багтана. Мод нь зурхай, аравч, суурь (сэнтий) гэсэн хэсгээс бүрддэг. Зурхайг 50х35 см-ээс бага бус хэмжээтэй нягт хатуу, сайн чанарын зузаан модоор хийдэг юм. Хэцний өндөр газраас хасаа тавих цэг хүртэл 29-31см, хэц, аравч хоёрын хоорондын зай 10 см байх ёстой. Харин тохойн урт 52.5 см буюу харвах зайн нийт урт есөн тохой (хэцнээс харваачийн хашлага тавьж буй хөл (гутал)-ийн өлмий хүртэл байх бөгөөд (52.5х9= 4м 72 см 5мм) мөн хатуу модоор хийнэ. Тэгвэл хасааны өндөр 1.3 см, урт 2.3 см, өргөн 1.6 см байх бөгөөд хув, зааны соёо, эвэр, яс болон хуванцар эдээр хийдэг.

ЭРТ ҮЕД ЭМЭГТЭЙЧҮҮД ШАГАЙ ХАРВАЖ БАЙСАН ТҮҮХ БИЙ

-Та дархан мэргэн цол хэзээ хүртэв?

-Шагайн харвааны буянд би сэтгэл хангалуун амьдарч яваа. 1990 онд Эрх чөлөөний талбайд шагайн харвааны тэмцээн зохион байгуулж, олонд албан ёсоор танилцуулсан. Тэр тэмцээнд түрүүлж, Монгол Улсын дархан мэргэн цол хүртсэн. Мөн ахмадын сур харвааны тэмцээнд оролцож, II байрт шалгарч байв. 2009 онд шагайн харвааны УАШТ-ээс мөнгө, 2010 онд алт, 2011 онд хүрэл медаль өвөртөлсөн. Би сүүлийн үед тэмцээний шүүгчээр ажиллаж байгаа. Шагайн харвааны УАШТ-д 150 баг, 2000 харваач оролцдог. Намайг залуу байхад аймаг бүрээс хүрэлцэн ирсэн 30 гаруй баг л тэмцээнд өрсөлддөг байлаа. Шагайн харвааг улсын наадмын хөтөлбөрт багтаасны ач холбогдлыг өгүүлж баршгүй. Улсад төдийгүй, аймаг, сумд шагайн харваа дэлгэрэх эх үндэс болсон. Өнөө үед үндэснийхээ энэ спортоор залуус сонирхон хичээллэж байгаа нь сайн хэрэг. Зөвхөн монголчууд гэлтгүй гадаадын жуулчид шагайн харвааны тэмцээн сонирхон үздэг болжээ

-Үндэсний сур харваагаар эмэгтэйчүүд харваж улсын мэргэн цол хүртдэг. Гэтэл шагайн харваагаар хичээллэдэггүй. Үүнд учир байдаг уу?

-Эрт үед эмэгтэйчүүд шагай харваж байсан түүх бий. Дондогдулам хатан уран үйлчнүүдийнхээ нүдний чилээ, биеийн хөшүүг гаргах гэж шагай харвуулдаг байж. Үндэснийхээ уламжлалт наадгайгаар шаргуу хичээллэсний үр дүнд ноёдтой эн тэнцүү харваж хождог байсан гэдэг. Эмэгтэйчүүдэд хожигдсон ноёд Богд Жавзандамба хутагтад “Эмэгтэйчүүд шагай харвах нь зохимжгүй” гэж алтан хошуу өргөжээ. Богд хаан Дондогдулам хатныг дуудаж, шагай харвадаг талаар нь асуухад “Таны нэр сүр, алдар гавьяа, эх орноо хөгжүүлэх үйлсэд харш юм бол бид харвахаа больё” гэж хариулсан байдаг. Богд Жавзандамба хутагт хатанд “Өөрийнхөө сүүдэр тохиосон долоон хошуу даншиг наадмын үед шагай бүү харва. Бусад үед зөв зохистой, ёс дэгээр нь тоглож бай” гэсэн ам шийдвэр өгчээ. Шагайг цөөн тооны эмэгтэй харвадаг. Гэхдээ албан ёсны тэмцээнд биш.

-Шагай харваачид янз бүрийн мэргэжил боловсролтой байдаг. Та аавынхаа ажил мэргэжлийг өвлөж, эзийн засагч болсон гэл үү?

-Миний аав эдийн засагч мэргэжилтэй. Өвөрхангай аймгийн Хархорин сумыг анх байгуулахад тулгын чулууг нь тавилцсан хүний нэг. Би аавынхаа мэргэжлийг өвлөсөн. 1964 онд Ардын хянан шалгах хорооноос аавын ажлыг шалгаж “Энэ хүний туршлагыг Монгол даяар нэвтрүүлэх шаардлагатай” гэж үзээд Хөдөө аж ахуйн яаманд ажиллуулахаар татсан. Аав минь эзэмшсэн мэргэжилдээ эзэн болдог хүн байлаа. Санхүү, зээлийн мэргэжилтний ажлыг насаараа хийсэн. Тэр үед Монголд үйл ажиллагаа явуулдаг байсан 60 гаруй сангийн аж ахуйг эргэлтийн хөрөнгийн дутагдалгүй, үйлдвэрлэл хэвийн явуулах ажлыг аав минь хариуцдаг байв. 1974 онд аавыг хүмүүстэй хамтран Улаанбаатар хотыг хүнсний ногоогоор хангах нэгдэл байгуулахад би Төв аймгийн Эрдэнэсант сумд ажилладаг байсан юм. Тэндхийн шагай харваачидтай Бадын бөөрийн тойромд харвадаг байв.Тэгсэн нэг өдөр аав намайг дуудлаа. Ингэж би нэгдэлд санхүү, зээлийн мэргэжилтнээр ажиллах болсон юм. Тэр цагаас хойш аавынхаа ажил мэргэжлийн арга туршлагыг эзэмшиж, тайлан цэгцтэй, нямбай гаргаж сурсан. Хэдхэн хоногт тайлан гаргачихаад үеийн найз нөхөд, ахмадуудад ааваасаа сурсан эрдмээ зааж явсан дурсамж бий.