С. ЦОГТСАЙХАН: Волейболын шигшээ багаас урлагийн зам сонгосон

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Цогтсайхан дуучин Б.Батмэндтэй хамтран дуулсан “Санасан шүү чамайгаа” дуугаараа анх олны танил болж байв. Тэрбээр эл бүтээлээс хойш “Сургаалын үг”, ”Хэрлэн тоонотын уулс”, “Өвлийн хайрын дуу”, “Эрх сэтгэл”, “Уяхан замбуу тивийн наран дор”, “Хатан салхины аялгуу”, “Ээжийн үнэртэй сүүн аялгуу” зэрэг бие даасан болон хамтарсан уран бүтээлээ толилуулан олны сонорыг мялаасан билээ. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан бүтээсэн “Их төрийн голомт” уран сайхны кинонд Өүлэн эхийн дүрийг бүтээж, “Хөсөгтөн” хамтлагтай хамтран “Жаран цагаан адуу” хэмээх бүтээл туурвин гадаадын олон оронд үндэсний урлагаа сурталчилж, аялан тоглосон юм.Тэрбээр өнгөрсөн жилийн гуравдугаар сард Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болсон Абдуллах хааны нэрэмжит олон улсын ардын урлагийн “World folk vision” наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож, гран при шагнал хүртсэн юм. Тэрбээр ҮУИТ-ынхаа уран бүтээлчдийн хамт “Ханьсах сэтгэлийн дуу” тоглолтоо хоёрдугаар сарын 6-нд толилуулна. Түүнтэй энэ удаа зөвхөн спортын тухай ярилцлаа.

-Өөр салбарт ажилладаг хэрнээ спорт сонирхож хичээллэдэг олон хүн байдаг. Таныг волейболын тэмцээн үзэх дуртай гэж сонссон.

-Тийм ээ, би сурагч байхдаа дууны дугуйлан, волейболын секцэнд явдаг байлаа. Дундговь аймгийн Дэлгэрхангай сум миний төрж, өссөн нутаг. Сумын сургуулийн биеийн тамирын багш Б.Батнягт волейболын секц хичээллүүлж, хүүхдүүдийн дунд тэмцээн зохион байгуулахад оролцон, тоглодог байв. Ахлах ангид орох жилээ аймгийнхаа Мандалговь сумын сургууль руу шилжсэн. Тэнд суралцаж байхдаа Гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэн багшийн удирдлагад үргэлжлүүлэн хичээллэж, волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багт багтаж байлаа. Спортоор хичээллэж байсны давуу тал одоо ч олон зүйлд хэрэг болдог. Урлаг, спортын аль аль нь хүнээс сэтгэлийн хат, тэвчээр шаарддаг. Аливаа зүйлээс шантарч буцдаггүй, эхэлсэн бол үр дүнг заавал хардаг тууштай занд спорт сургасан.

-Урлаг, спортын аль алийг нь зэрэг авч явах амаргүй л дээ. Та аравдугаар ангиа төгсөөд л дуучин болохоор урлагийн зам сонгов уу?

-Уртын дууны дугуйлангийн хичээл тарахаар волейболын секцэндээ үргэлжлүүлээд явна. Багш нар “Чи урлаг, спортын аль нэгийг нь сонгож, хичээллэх хэрэгтэй” гэнэ. Б.Батнягт багш намайг спортоор, ангийн багш урлагаар явуулах сонирхолтой. Миний хувьд урлаг, спортын аль алийг нь хөгжүүлээд урагшлах хүсэлтэй байв. Волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багаас урлагийн замыг сонгосон. А.Доржсүрэн багш өрсөлдөгч багийнхны тоглолтын арга барил, техникийг судалж, тактик боловсруулна, харин бид зааж зөвлөснөөр нь тоглоод хождог байлаа. Өрсөлдөгчөө хожих торгон агшинд багшийнхаа ухаанаар бахархдаг байсан даа. Багш хүн бүрийн зан чанарын онцлогт тохируулж харилцана. Шартайд нь шарыг нь малтаж хурцалсан, амархан гомддогт нь урмын үг хэлж тоглуулна. Үе үеийн шавь нар нь багшийг ямар гайхалтай, ур чадвартай дасгалжуулагч болохыг тоглолтоороо харуулдаг байсан шүү. Урлагийнхны дунд спортын тэмцээн зохион байгуулахад би волейболын тэмцээнд оролцдог юм. Би хэдий тайван зантай ч спортын тэмцээнд бол шартай. Тийм ч амархан бууж өгөхгүй гэдгээ тэмцээнд оролцож байхдаа мэдэрдэг. Хүүхэд байхаасаа спортын гайхамшгийг мэдэрсэн болохоор волейболын тэмцээнийг одоо ч гэсэн сэтгэл догдолж үздэг.

-Волейбол багийн спорт. Монголд хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейболын спорт ид хүчээ авч байна. Гадаадын спортын мэргэжилтнүүдийг хүртэл гайхашрууллаа. Үүний нэг жишээ нь манай 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан. Тэд “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох эрх авсан шүү дээ.

-Тийм ээ. Багийн спортоос сагсан бөмбөг, волейбол бидний тоглож байх үеийнхээс илүү хөгжиж байна. Багаараа оролцдог тамирчид нэг нэгнийгээ харц, хөдөлгөөнөөс нь сайн мэдэрдэг болдог. Энэ бол багийн спортын давуу тал. Урлагийн салбарт ч гэсэн хамт олныхоо уур амьсгалыг мэдэрч чаддаг байхыг орчин нь шаарддаг. Волейбол тоглож байгаа охидыг харахаар хүүхэд насны минь дурсамж нүдэнд харагдах шиг болж, өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж огшдог юм. Сурагч байхдаа тэмцээнд оролцоод авч байсан медаль, өргөмжлөл одоо болтол хадгалаастай байдаг. Өвөрхангай аймагт болсон Гавьяат дасгалжуулагч Ц. Шоовдор багшийн нэрэмжит тэмцээнд оролцож, өрсөлдөгч багаа хожихын тулд ана мана үзэлцэж байсан минь сэтгэлд тод үлджээ.

-Өвлийн олимп өндөрлөж байна. МҮОНТ-ийн спортын сувгаар шууд дамжуулж байгаа тэмцээнийг сонирхон үзэж байна уу?

-Би өвлийн спортын төрлүүдээс уран гулгалтыг сонирхож үздэг. Мөсөн талбайн спортоос хоккей, уран гулгалт, тэшүүр эрсдэл ихтэй хэрнээ үзэгчдийн сэтгэлийг хамгийн их татдаг. Спорт болгонд хүний сэтгэлийг татах өвөрмөц онцлог байдаг шүү дээ. Энэ утгаар яривал уран гимнастик, уран гулгалт хөдөлгөөний эвсэл шаардсан гоо сайхны спорт.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)