С.ТУНГАЛАГТАМИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цахимаар цаг авч, эмийн жор бичүүлэх боломжтой

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв (ХБХСЗХТ)-ийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрджээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн ам хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамираас энэ талаар тодрууллаа.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх зорилтыг Засгийн газраас дэвшүүлсэн. ХБХСЗХТ-ийн үйлчилгээг цахим болгосны давуу тал юу вэ?

-БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тус төвийг барьж, 2019 оны гуравдугаар сард хүлээлгэн өгсөн. Үйл ажиллагааг нь тавдугаар сарын 31-нээс эхлүүлсэн. Хэвтэн эмчлүүлэх 250 ортой, өдөрт 500 хүүхдэд сэргээн засах эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Улсын хэмжээнд харьяалал харгалзахгүй үйлчилдэг, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангасан цогц төв юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, шуурхай үйлчлэх зорилгоор, ХНХЯ, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ХБХСЗХТ-ийг цахим системд холбосон. Ингэснээр эмнэлгүүд мэдээллээ түргэн солилцож, тусламж, үйлчилгээ авах гэж хүүхдүүд, эцэг, эх, асран хамгаалагч нь дугаарлах шаардлагагүй болсон. Тухайлбал, эмнэлэгт үзүүлэх цаг цахимаар захиалах, эмийн жор бичүүлэх, мөн эмч нартай шууд холбогдон зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Үйлчлүүлэгчдийн өвчний түүхийг ч эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж байна.

-ХБХСЗХТ үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хэдэн хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэв?

-Тус төвд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна боловсрол олгох, эцэг, эхчүүд, хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. ХБХСЗХТ нь 190 орчим ажилтантай. Тэдний 22 нь хөгжлийн бэрхшээлтэй бол найман эцэг, эх тусгай хэрэгцээт хүүхэдтэй. Өнгөрсөн хугацаанд 6000 гаруй хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)