С.Сумьяажав: Нутагтаа, бие даан бэлдэж байгаад дэлхийн шилдэг их сургуульд тэнцсэн

Орон орны залуус сурахыг мөрөөддөг, боловсрол эзэмшихийг хүсдэг дэлхийн шилдэг сургуулиудын нэг бол яах аргагүй Массачусеттсийн технологийн институт (MIT). Эл сургуульд Монголоос жилийн жилд олондоо ганцхан сурагч тэнцдэг нь шалгуур хэр өндөртэй, нэр хүндтэйг нь илтгэнэ. 

Өнөө жил MIT-д анх удаа хоёр монгол хүүхэд тэнцэн, 100 хувийн тэтгэлгээр суралцах болсны нэг нь Хөвсгөл аймгийн Галт сумын сурагч С.Сумьяажав. Нутагтаа, тэр тусмаа бие даан бэлдээд тус сургуульд тэнцсэн тэрбээр физикийн Азийн олимпиадаас хүрэл, олон улсынхаас мөнгө, хүрэл, Монгол Улсынхаас алт, хүрэл медаль авсан амжилттай. Улаанбаатар хотод ирэн, АНУ-ын виз хөөцөлдөж буй түүнтэй ярилцлаа.

-Өчигдөр (энэ сарын 3-нд) Ерөнхийлөгч дэлхийн шилдэг сургуулиудад тэнцсэн сурагчдыг хүлээн авч уулзахад Та уригдсан. Ерөнхийлөгч өмнө нь Танд хүндэтгэл үзүүлж байсан бил үү?

-Тийм ээ. 2017 онд физикийн олон улсын олимпиадаас Монголын таван сурагч медаль авч, улсынхаа түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг гаргасан юм. Тэгэхэд би хүрэл медаль хүртсэн. Ерөнхийлөгч тус тэмцээний медалиар энгэрээ мялаасан таван сурагчийг хүлээн авч, уулзахад нь би уригдаж байсан юм. 

Энэ удаа MIT-д тэнцсэнтэй холбогдуулан, дахин хүндэтгэл үзүүлсэнд талархаж байна. Төрийн ордонд Ерөнхийлөгчөөрөө хоёр ч удаа уриулна гэдэг хүн бүхэнд олдохгүй тохиол болов уу. Би Төрийн тэргүүний урилгаар, АНУ-ын виз хөөцөлдөх зэрэг олон ажлаар нийслэлд ирлээ.

-MIT-д зорин байж шалгалт өгсөн үү, эсвэл хэн нэгний зөвлөсний дагуу материалаа илгээсэн үү. Ер нь тэнцэнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв?

-Боломж байгааг нь мэдэж байсан ч өөртөө 100 хувь итгээгүй. За, юу ч гэсэн үзээд алдъя гэж бодсон. Анхнаасаа MIT-д сурахыг зорьсон болохоор өөр сургуульд шалгалт өгөх үү, яах вэ гэж эргэлзээгүй. Гадаадын сургуульд анх удаа материалаа явуулаад шалгуурыг нь давлаа. Энэ жил MIT-д 21 000 гаруй хүүхэд шалгалт өгснөөс 1400 нь тэнцсэн. Тэдний дотор хоёр монгол хүүхэд багтсаны нэг нь би, нөгөө нь “Сант” сургуулийн сурагч. Өмнөх жилүүдэд манай улсаас ганцхан хүүхэд тэнцдэг байсан гэсэн. Энэ онд анх удаа хоёр сурагч сурах болсон юм билээ. 

Би физик, матетик, англи хэлний шалгалт өгсөн. Үнэнийг хэлэхэд өмнө нь англи хэлдээ тийм ч сайн байгаагүй. Хоёр жил уйгагүй хичээгээд өнөөгийн түвшинд хүрлээ. MIT-д суралцах хүсэлтэй залуусын материалыг өнгөрсөн оныг дуустал хүлээж авсан. Албан ёсны хариу нь гуравдугаар сарын 14-нд 06.28 цагт гарлаа. Тэд жил бүр яг тэр мөчид хариуг нь зарладаг уламжлалтай. Манайх Галт сумд амьдардаг. Тухайн үед би нутагтаа байсан. Үнэхээр их баярлан, гэр бүлийнхэндээ дуулгахад аав, ээж хоёр “Хүүгээрээ бахархаж байна” гээд үнссэн. Амьдралд минь тохиосон хамгийн жаргалтай мөчүүдийн нэг тэр байлаа. 

Аав, ээждээ, гэр бүлийнхэндээ, физикийн шинжлэх ухаанд дурлуулсан Д.Улам-Оргих багшдаа баярлаж явдаг. MIT-д шалгалт өгсөн 21 000 сурагчаас би бичсэн эссэгээрээ, физикийн олимпиадад гаргасан амжилтаараа бусдаас ялгарсан юм болов уу. Чансаатай сургуулиуд өндөр тэтгэлэг олгодгоороо онцлогтой. MIT-д тэнцсэн оюутанд хэдэн төгрөгийн тэтгэлэг олгохоо аав, ээжийнх нь цалинг үндэслэдэг. Тэд надад 74 мянган ам.долларын тэтгэлэг олгох болсон. 

Би тус сургуульд 5400 ам.доллар тушаана. Эл мөнгийг АНУ руу явахаасаа өмнө юм уу очсоныхоо дараа ажил хийгээд төлөх боломжтой гэсэн. Зарим хүн намайг АНУ-ын Засгийн газраас 100 хувийн тэтгэлэг авсан гэх андуу бодолтой яваа нь анзаарагдсан. Тийм биш. Би MIT-ийн тэтгэлгээр сурах болсон юм.

-Залуус томоохон сургуульд шалгалт өгөхийн тулд чансаатай сургалтад сурч, туршлагатай багшийн удирдлагад бэлддэг. Та хэрхэн бэлдсэн бэ?

-Нутагтаа, бие дааж бэлдсэн. Англи хэлний түвшнээ бие даан ахиулж чадсан юм чинь MIT-д яагаад бэлдэж чадахгүй гэж хэмээн бодсон. Мэдэхгүй зүйл гарвал, яах учраа олохгүй гацвал сургалтад хамрагдах бодолтой байв. Шалгалтад бэлдэх явцад тийм зүйл гараагүй, найзууд минь их тусласаан. Гадаадын томоохон сургуульд ажилладаг багш, сурдаг оюутнуудын туршлагыг интернэтээс нэлээд судлав. 

Ганцаараа бэлдэхэд нэг сул тал бий. Бусадтай харилцан, хамт бэлдэхгүй болохоор англиар ярих чадвар ахидаггүй юм билээ. Ер нь ямар ч хүн сурах арга барилаа зөв эзэмших нь хамгийн чухал. Тэгчихсэн байхад заавал багшийн удирдлагад бэлдэн, сургалтад хамрагдах шаардлагагүй. Цахим ертөнц, технологи хөгжсөн өнөө үед ямар ч мэдээлэл, мэдлэгийг хаанаас ч авах боломжтой. Тэгэхээр бүх зүйл хувь хүнээс л шалтгаалах болов уу.

-Харвард, Колумб, Стэнфордын их сургуульд сурах сонирхолтой залуу олон. Та Массачусеттсийн технологийн институтийг онцолсон нь сонирхол татаж байна. Тус сургуулийг яагаад сонгов?

-Тус сургуулийг онцолсон нь учиртай. Хэдэн жилийн өмнө физикийн улсын олимпиадад оролцохоор Хөвсгөлөөс Улаанбаатарт ирсэн юм. Тэгэхэд MIT-д сурдаг цөөнгүй монгол оюутан надад тус сургуульд сурахыг зөвлөсөн. Түүнийх нь дагуу судлаад сургалтын чанар, орчин гэх мэт олон зүйлээрээ дэлхийд тэргүүлдгийг мэдсэн.

-Шалгалтын материал, тест хэр хүнд санагдсан бэ?

-Ярианы хэсгээс бусад нь гайгүй юм байна лээ. Бусад хүүхдэд ч бас тэгж санагдсан байх. Англи хэлний түвшингээ л ахиулчихвал бэрхшээл бага санагдсан.

-Өнгөрсөн жил Ерөнхий боловсролын сургууль төгссөн ч элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй гэсэн. Бүх анхаарлаа MIT-ийн шалгалтад хандуулахын тулд тэгсэн юм уу?

-Тийм ээ. Би багадаа Галт сумд, Ерөнхий боловсролын сургууль төгсөх жилээ Мөрөнд сурсан. Сургуулиа төгссөнийхөө дараа физикийн олон улсын олимпиадад оролцсон юм. Наймдугаар сараас хойш MIT-ийн шалгалтад бэлдлээ. Өдөрт багадаа 4-5 цаг давтсан. 

Шалгалтын хугацаа дөхөхөөр нь өдөржингөө бэлдэв. Өдөр, шөнөгүй сууж, нойргүй хоносон өдөр цөөнгүй. Арав, арванхоёрдугаар сард TOFEL-ийн шалгалт өгч, авсан оноогоо MIT рүү илгээсэн. Сарын дараа юмыг яаж мэдэх вэ гээд Сингапурын их сургуульд материалаа илгээгээд тэнцсэн. Хэрвээ Массачусеттсийн технологийн институтэд тэнцэхгүй бол тус сургуульд сурах бодолтой байлаа.

-Хэрвээ гадаадын сургуульд тэнцэхгүй бол бүтэн нэг жил алдана шүү дээ. Таны шийдвэрийг гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Эсэргүүцэж, эргэлзээгүй. “Миний хүү чадна” гээд дэмжсэн. “Гадаадын сургуульд тэнцэхгүй бол яана, Монголынхоо их сургуульд элсдэг ч байж уу” гээд эргэлзэж, санаа зовсоон. Гэхдээ MIT-д биш юм гэхэд Сингапурын их сургуульд тэнцчих байх гэж таамаглаж байлаа. Би 17 настай. Эхээс дөрвүүлээ, хоёр ах, нэг дүүтэй. Бүгд тооны хичээлд дуртай. 

Аав физикийн багш, ээж эмийн санч. Физикийн хичээлд дурлуулж, анх заасан хүн аав минь. Аавынхаа удирдлагад бэлдсээр өдий зэрэгт хүрсэн. Багадаа дунд ахтайгаа хамт нэг ангид сурдаг байлаа. Би аль болох бусдад туслан, мэдлэгээсээ хуваалцаж, зөвлөхийг хичээдэг.

-MIT-д ямар мэргэжлээр сурахаа сонгосон уу?

-Одоохондоо хараахан сонгоогүй байна. Компьтерийн шинжлэх ухаанаар сурах бодол бий. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад шийднэ. MIT-д хоёр дахь жилээсээ сурах чиглэлээ сонгож болдог. Тэгэхээр удаан бодож, сайтар тунгаан, судалж байгаад шийдэх хугацаа байгаа. Тэнд очсоныхоо дараа аль болох олон чиглэлээр сурч, өөрийгөө хөгжүүлнэ.

-АНУ-д магистр хамгаалах бодол бий юү?

-Энэ талаар бодож амжаагүй явна. Юуны түрүүнд баклавр болоодохъё. Тэгснийхээ дараа л аав, ээжтэйгээ ярилцаж байгаад шийднэ. Бараг тэнд үргэлжүүлэн сурах байх.

-Тэнд л ажиллах юм сан гэж мөрөөддөг байгууллага бий юү?

-Байхгүй. Өөрийгөө өндөр түвшинд бэлдэж, чадварлаг боловсон хүчин болчихоод эх орондоо ажиллахыг хүсдэг. Бас шинэ нээлт хийн, түүндээ тулгуурлан компани байгуулахыг мөрөөддөг.

-Өнөөгийн залуус гадаадад сурч, амьдрах хүсэлтэй, Монголоос л явбал хаана ч очсон яах вэ гэх хандлагатай болоод байх шиг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Гадаадад сурах, боловсрол эзэмшихийг буруутгаж болохгүй. Гэхдээ өөрөө л хичээвэл эх орондоо боловсрол эзэмших боломж дүүрэн бий. Бусад оронд сурах нь хэлний мэдлэг, аливаа юмыг харах өнцөг, биеэ даахаас авхуулаад олон давуу талтай.

-Монгол залуусыг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Боловсон, соёлтой. Олон нийтийн газар биеэ зөв авч явдаггүй, бүдүүлэг залуусыг алдаагаа засаасай гэж хүсдэг. Би боловсон байхыг үргэлж хичээдэг.

-Боловсон гэснээс хот, орон нутагт өссөн хүмүүсийн дунд соёлын ялгаа байдаг гэдэгтэй санал нийлэх үү. Хөдөөгийнхөн бүдүүлэг, орк гээд ад үздэг хүн цөөнгүй нь анзаарагддаг.

-Би лав тэдэнтэй санал нийлэхгүй. Хаана өссөнөөсөө бус, тухайн хүнээс л шалтгаалах учраас тэр. Зүгээр л хэн нэгний үзэмжийн асуудал болов уу. Хэтэрхий туйлширч буйгийнх нь л нэг илрэл байх.

-Хүний нутагт амьдрахад хэлний бэрхшээл, соёлын ялгаанаас авхуулаад “зовлон” их. Таны хувьд дасахад хамгийн хэцүү нь юу байх бол?

-Өмнө нь MIT-д сурч байсан, одоо суралцаж буй найзуудаасаа нэлээд асууж, зөвлөгөө авсан. Тэнд сурдаг, таньдаг оюутан цөөнгүй бий. Тэгэхээр түшиг тулгууртай, дасахад харьцангүй амар байх болов уу. АНУ-д очиж байгаагүй. Тус улс руу наймдугаар сарын 16-нд надтай хамт тэнцсэн монгол оюутантай хамт явна. Онгоцны тийзээ захиалчихсан. Улаанбаатар хотод нэлээд хэд хоногийн өмнө ирсэн. Тус улсын виз хөөцөлдөөд зав муутай гүйж явна.

-Ажлаа бүтээчихээд нутаг руугаа буцах уу. Эсвэл нийслэл хотод бусад бэлтгэлээ базаан, англи хэлний түвшингээ ахиулж байгаад АНУ-ыг зорих юм уу?

-Харин ээ, яадаг юм билээ байз. Одоохондоо тодорхой шийдээгүй байна. Гадаад хэлний сургалтад хамрагдаж лав амжихгүй нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)