С.ОЮУН: 50 жил утга зохиолд дурлаж амьдарлаа

“Тан руу нүүж явна” уран сайхны кино, “Үгүйлэн санана”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Эрхлэн жаргах чи бидэн хоёр” зэрэг хэдийн олны хүндэтгэл хүлээсэн уран бүтээлийн эзэн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч С.Оюун юм. Дунд сургуулийн сурагч ахуйгаасаа л уран зохиол сонирхож, шүлэг бичсэнээс хойш 50 шахам жил болжээ. Монголын яруу найраг болоод утга зохиолд томоохон хувь нэмэр оруулсан тэрбээр шинэ оны босгон дээр Төрийн шагнал хүртсэн юм. Түүнийг “Өнөөдөр”-ийн зочноор урилаа.

-Төрийн шагнал хүртэх болсон баярт мэдээг анх хэрхэн сонсож, хэнтэй хуваалцав?

-Арванхоёрдугаар сарын 26-нд Чука (Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Харанга” хамтлагийн аргил гитарчин Ц.Чулуунбат) утасдаж хэлсэн юм. Баярласандаа хоёр хүүхдэдээ хэлчихсэн. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгадаггүй. Хоёр өдөр хүлээлээ. Таг чиг. Тэгэхээр нь “Хүн андуурч дээ. Шал дэмий хүүхдүүддээ хэллээ” гэж бодсон. Гэтэл орой 21.00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаж мэдэгдсэн. Тэгэхэд л итгэсэн дээ.

-Таны “Үгүйлэн санана” шүлгийг “Харанга” хамтлаг “амилуулж”, 30-аад жил хүмүүс аялжээ. Ц.Чулуунбат таны энэ шүлгийг сонины хуудаснаас олж, ая зохиосон гэдэг юм билээ. Харин Та хэзээ зохиосон юм бэ?

-1985 онд М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд элсэж, тэнд сурч байхдаа “Үгүйлэн санана” шүлгээ бичсэн юм. Хэдэн жилийн дараа “Утга зохиол” сонинд шүлэг минь гарсныг Чука олж харсан юм билээ. Монголоосоо гарч, Оросын хил давах үед “Хол газар хилийн дээсэн дээгүүр...” гэсэн мөрт анх бууж билээ. Түүнийгээ үргэлжлүүлэн шүлгээ бичсэн. Дуу болсноос нь хоёр жилийн дараа “Харанга”-ынхантай танилцаж байв. Учрал, тохиол гэдэг сонин шүү. Шүлгийг минь олж, дуу болгохоор шийдсэн тэр өдрийн тэнгэрт талархаж сууна.

-Таны шүлгүүдээс хэчнээн нь дуу болсон бол. Төрийн ордонд шагналаа гардсаны дараа ч дууны хоёр шүлэг бичих “даалгавар” авсан гэсэн байх аа?

-100 гаруй нь дуу болжээ. Хүмүүсийн сайн мэддэг нь “Үгүйлэн санана”, “Үнсье чамайг, үнсье”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Мөнгөн шөнө”, “Эрхлэн жаргая” гэхчлэн бий. Цаг хугацаа, залуу нас, онгод нөлөөлсөн байх. Төрийн шагнал хүртсэн өдөр Х.Төмөрбаатар “2020 онд 70 нас хүрнэ. Тоглолт хийх санаатай. “Давтагдашгүй” гэсэн сэдэвтэй дууны шүлэг бичиж өгөөрэй” гэсэн. “Сонины тасархай дээрх шүлгийг минь олж, дуу болгохоор шийдсэн тэр өдрийн тэнгэрт талархаж сууна” гэснийг минь Лхагваа (Гавьяат жүжигчин, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн) сонсоод “Та “Тэнгэр мэднэ” гэж шүлэг бичээрэй” гэж “үүрэгдсэн”.

-Бүтээл төрөх агшин уран бүтээлчид хэрхэн мэдрэгддэг бол?

-Нэг үг, эсвэл гарчиг гэнэт л ороод ирдэг юм. Түүнээсээ улбаалан бичдэг. Тэр дор нь тэмдэглэж авахгүй бол “үргээд нисчихнэ”. Дараа нь эргэж санагдахгүй.

-Хамгийн анх бичсэн шүлгээ санадаг уу?

-Долдугаар ангиасаа Д.Мандахсан багшийн “Уран үг” утга зохиолын дугуйланд суралцсан юм. Ном их уншдаг байсан болохоор ч тэр үү, дугуйландаа явах их дуртай. Анх “Онц сурна, би” гэж шүлэг бичсэнээ санадаг юм. Тэр шүлгийг багш минь одоо ч хадгалдаг юм билээ. Төрийн шагнал хүртсэний дараа надад баяр хүргээд, “Охиноо ийм том шагнал хүртэхийг харах гэж би ингэж урт насалжээ” гэсэн. Багш минь одоо 85 настай, Орхон аймагт амьдардаг.

-Би авьяас удамшдаг гэж боддог. Таны ижий, аав урлагийн мэдрэмжтэй хүмүүс байв уу?

-Би Булган аймгийн Могод сумын хүн. 1958 онд ижийн минь бие өвдсөн учраас манайх Улаанбаатар хотод шилжиж ирж байлаа. Аав минь гарын уртай, юманд их эв дүйтэй, эрдэмтэй хүн байсан. Төвөд хэлтэй, уйгаржин, латин үсэг мэднэ. Ээж минь их уран байсан даа. Хоёулаа л мэдрэмжтэй. Аав минь надад түүх, болсон явдал ярьж өгдөг байлаа. Тэдгээрээс нь зохиолууддаа сэдэвлэн оруулж ч байв. Аав, ээжийнхээ Санжаажав, Дулам нэрээр зохиолын баатруудаа нэрлэсэн нь ч бий.

-Та анагаах ухааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Гэсэн ч энэ мэргэжлээрээ ажиллаагүй. Харамсдаг уу?

-Би анагаахын дунд болон дээд сургуульд есөн жил сурч, хоёуланг нь онц дүнтэй төгссөн. Багш нар ч намайг “Сайн эмч болно” гэдэг байлаа. Оюутан байхдаа 1970 онд Монголын зохиолчдын эвлэлд элсчихсэн. Үүнээс болсон уу, яасан юм мэдэхгүй. 1971 онд Эрүүлийг хамгаалах яамнаас хэдэн эмчийг эрүүл мэнд хариуцсан хэвлэл мэдээллийн ажилтан болгож томилсны нэг нь би. Ингээд Монгол телевизийн эрүүл мэндийн нэвтрүүлэг хариуцсан редактор болгосон. Ингэж хэвлэл мэдээллийн байгууллагатай холбогдсон доо. 1987 онд М.Горькийн нэрэмжит сургууль төгсөж ирээд “Би нутагтаа ажиллана” гээд “Ардын эрх” сонины Булган аймаг дахь сурвалжлагчаар явлаа. Бал (Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдорж) эрхлэгчийг дурсахгүй өнгөрөх учиргүй. 1990 онд “Хот руу шилжмээр байна” гэхэд минь “Хөдөө байгаад зэвэрлээ. Хүрээд ир” гээд унаа явуулж билээ.

-Та нэгэн ярилцлагадаа “Сайн зохиолч амьдралдаа таван сайн шүлэг бичдэг” гэсэн байна лээ. Үүнийгээ биелүүлсэн үү?

-Миний биш, П.Лувсанцэрэн багшийн минь хэлсэн үг. Анх энэ үгийг нь сонсоод “Арай ч дээ. Тавхан шүлэг биччихэлгүй яах вэ дээ” гээд л оодордог байлаа. Гэтэл үнэн ажээ. Хүмүүст хүрсэн хэдэн дуугаа бодохоор биелүүлчихсэн ч юм шиг. Гэсэн ч өөрийгөө чамлах л юм.

-1975 онд анхны номоо өлгийдсөн гэсэн, та. Сүүлд “Домогт хүрэн халзан” роман тань уншигчдын дунд нэлээд эрэлттэй байлаа. Одоо ямар бүтээл уншигчдад хүргэхээр ажиллаж байна вэ?

-Шүлгээ сонинд анх хэвлүүлсэн, анхны номоо гаргаснаа мартдаггүй юм. Их урам авч байлаа. Одоо нэг роман эхлүүлчихсэн. Шүлгийн номоо шинэчлэн эмхэтгэх санаа бий. Мөн Германы зохиолч Б.Брехтийн шүлгүүдийг П.Гангаамаа монгол хэл рүү хөрвүүлж буй. Цаг үе, нийгмээ шүүмжилсэн атлаа маш сонирхолтой бичсэн тэдгээр шүлгийг оруулан эмхэтгэхэд оролцож байгаа. Жишээ нь, “Дугуй засварын газар” шүлгэнд

“...Дугуйгаа засуулахаар засварын газарт сууна Би ирсэн замдаа ч, явах замдаа ч дургүй...” гэсэн нь дугуй засварын газраар тухайн нийгмийг төлөөлүүлсэн байгаа юм. Сэтгэлгээний ийм шүлгүүд их сонирхолтой.

-Нээрэн, та тоглолт хийх талаар боддоггүй юм уу. Хүмүүс ганц цомог, ном хэвлүүлчихээд тоглолт хийдэг болж. Гэтэл танд 100 гаруй дуу бий шүү дээ.

-Төрийн шагнал хүртсэний дараа л хамаатнууд “Тоглолтоо хийвэл яасан юм бэ” гэлцээд байна. “Нэг дууны шүлэг бичээд л Төрийн шагнал авчихдаг болоо юу” гэсэн утгатай бичвэр цахим орчноос олж харж л дээ. Харин би зөвхөн “Үгүйлэн санана” дуунаас гадна утга зохиолд амьдралынхаа 50-иад жилийг зориулсныг минь үнэлсэн гэж бодож байна. Тоглолтын талаар бодож л байна. Хараахан шийдээгүй.

-Та дуу, дуурь, кино зохиол, яруу найраг, хөрөг найруулал гээд уран зохиолын олон төрлөөр туурвидаг. Уран бүтээлийн сэдвээ хэрхэн сонгодог вэ?

-Ихэвчлэн амьдралаас сэдэвлэдэг. Нас ахиж, амьдралын туршлага нэмэгдэхийн хэрээр үргэлжилсэн үгийн зохиол түлхүү бичих хүсэлтэй болдог юм байна. Арга ч үгүй биз дээ. Үзсэн, туулсан зовлон, жаргалаа мэдрэмжээрээ хөглөн бичих учраас. Д.Маам гуай “Түүхээ мэдэхгүй хүн түүхэн зохиол оролдоод ч хэрэггүй” гэсэн шиг амьдралын туршлагагүй хүн хүүрнэлт зохиол бичнэ гэж худлаа даа. Монгол уламжлал, ахуй, дэлхийн өөр хаана ч байхгүй соёлоо Монголынхоо утга зохиолд тусгах хэрэгтэй л гэж би боддог юм.

-Таны зохиолыг нь бичсэн “Тан руу нүүж явна” киног үзээгүй хүн үгүй биз. Энэ төрлийн уран бүтээл яагаад дахиж бичээгүй юм бэ?

-Би 1983 онд энэ зохиолоо бичсэн. Б.Сумхүү найруулагч миний зохиолыг авч үлдсэнээ, маргааш нь “Чи нэг хүрээд ир ээ” гээд утасдаж байна шүү. Яваад очтол “Чиний энэ зохиол кино болж магадгүй шиг байна” гэсэн. Тухайн үеийн Соёлын яамны Жүжиг, киноны уран сайхны зөвлөлөөр ороод батлагдчихлаа. Ингээд л 1984 онд үзэгчдийн хүртээл болгосон юм шүү дээ. Би түрүүн хэлсэндээ, уран бүтээлд төрөх эгзэг, агшин байдаг гэж.

-Нутгийнхаа хөгшний амьдралаас сэдэвлэсэн гэл үү?

-Манай нутагт малын эмч хүүтэй Танзав гэж хөгшин байлаа. Хүүг нь Дарьсүрэн гэдэг. Тэр хүнээс сэдэвлэж бичсэн ч, яг л түүний амьдрал гэвэл өрөөсгөл. Кино бэлэн болж уран бүтээлчид анхны үзлэгээ хийхэд уйлаад л байж билээ. Их баярласан даа. ДБЭТ-ын “Өэлүн эх” дуурь, “Тан руу нүүж явна” киноноос өөр тайз, дэлгэцийн уран бүтээлийн зохиол бичээгүй. Одоо харин нэг найруулагчийн захиалгаар “Номын солиот” жүжгийн зохиол эхлүүлээд, дуусах тийшээ хандаж байна. Жүжгийн зохиол илүү ярвигтай. Гэхдээ “Номын солиот” гэдэг нэр нь их сонирхолтой санагдаж байгаа. Бүх цаг үед “Би чадна” гэж дотроо шатдаг, өвөрмөц сэтгэлгээтэй, сод “солиотнууд” л сор бүтээлүүдийг туурвисан, нээлт хийсэн мэт санагддаг. Зохиолчид ч хэн нэгний бичээгүй зүйлийг, хараагүй өнцгөөс бичихийг эрмэлзэж, шатаж явдаг шүү дээ.

-Та одоо ч шатсаар явна уу?

-Шатсаар явна. Гэхдээ туршлага, мэдрэмж байна. Бусдын бичсэнийг ч чамгүй уншлаа. Өөрөө ч янз бүрээр бичиж алдаж, онолоо. Тэр бүхний үр дүнд улам сайн бичих сэн гэж хүсэх юм. Яруу найрагч Д.Дашдондов “Би ер нь уран зохиол гэдгийг одоо л ойлгож эхэлж байна” гэж саяхан хэлсэн шүү. Их айхавтар үг.

-Залуу уран бүтээлчдээс овоо доо гэж тоодог хүн бий юү. Гарын шавь бэлтгэв үү?

-Бий бий. Авьяастай яруу найрагч олон байна. Эх орон минь шүлэг бичихгүй байхын аргагүй үзэсгэлэнт байгаль, уудам газар нутагтай. Байгалийн өвөрмөц тогтоц нь хүний сэтгэлийг байнга хөдөлгөдөг учраас шүлэг тэрлэхгүй байх аргагүй мэт санагддаг. Зан заншил, уламжлал ч найртай, хууртай, яруу найрагтай болохоор бүгд найргийн мэдрэмжтэй юм шиг санагддаг.

-Гэхдээ сүүлийн үед яруу найрагт дурлагсад цөөрөөд байгаа нь анзаарагдах юм.

-Уншигчид үргэлжилсэн үгийн зохиолыг яруу найргаас илүү сонирхож байгаа нь анзаарагддаг. Залуу уран бүтээлчид аяндаа туршлагажиж, сэтгэл зүрхээ уран бүтээлээс салгахгүй байж цагийн шалгуур давж чадсан нь уншигчдад аяндаа үнэлэгдэнэ.

-Та тэр цагийн шалгуурыг хэрхэн давсан бэ?

-Яруу найргийн түүвэр, номоо гаргалаа ч орлогогүй, ашиггүй байлаа шүү дээ, үнэндээ. Зөвхөн утга зохиолд дурлаж амьдарлаа. Ганц сайхан шүлэг бичээд өөртөө урамшиж, түүнийгээ хүнд уншиж өгч, сонссон хүнээ баярлахыг харах сайхан. Энэ л мэдрэмж, сэтгэлээрээ өнөөдрийг хүрсэн байна даа. Монголын зохиолчдын эвлэлийн 131 дэх батлахыг өвөртөлж явна. Одоо энэ дугаар мянга хол гарсан байх.

-Цаг үе өөрчлөгдөх хэрээр дэлхий хавтгай болжээ. Монголын зохиолчдын бүтээлүүдийг гадаад хэлнээ хөрвүүлэн олон орны уншигчдад хүргэж байна. Жаахан залуу байсан бол гэх бодол төрөх юм уу?

-Бодохоор барах уу даа. Бод л доо, “Тан руу нүүж явна” кино дэлгэцэд гараад 10 хоногийн дотор зардлаа нөхөөд олчихсон юм шүү дээ. Хэрэв өнөөдөр 10-хан хоногийн дотор нийт зардлаа нөхчихдөг киноны зохиол бичвэл хэдийн саятан болчихно шүү дээ.

-Яруу найрагч, зохиолчид ямар ном уншдаг нь сонирхолтой санагддаг.

-Ном их уншихын хэрээр оюуны цар хүрээ тэлдэг. Миний хувьд ном их уншдаг. Сонирхолтой ном бариад авчихвал түүндээ орж, сэтгэл их хөдөлж уншдаг.

-Та дөрвөн хүүхэдтэй гэсэн. Авьяасыг тань өвлөсөн хүн байгаа юу?

-Би хоёр хүү, хоёр охинтой. Бага хүү минь хүүхдийн ном гаргасан. Үзье, хэлэх зүйл байвал хэлье гэхээр надад ерөөсөө үзүүлэхгүй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)