С.ОЮУНЦЭЦЭГ: Солонгосын ард түмэн биднийг алган дээрээ бөмбөрүүлсэн

1952 оны есдүгээр сар. Дайны хөлд өнчирч хоцорсон 200 солонгос хүүхэд Монгол Улсад ирэв. Хоёр орны найрамдалт харилцааны хүрээнд манай улс БНАСАУ-д тусламж үзүүлж, өнчин хүүхдүүдийг өсгөж, хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн нь тэр байж. Хүүхдүүдийг эрүүл саруул бойжуулах үйлсэд чин сэтгэлээр зүтгэсэн хүмүүсийн нэг нь Осорсүрэнгийн Цэрмаа гуай. Тэрбээр 200 хүүхдийг долоон жил асарч ачлан, БНАСАУ-д нөхцөл байдал тайван болсны дараа буюу 1959 оны зургадугаар сарын 1-нд эх оронд нь хүргэж өгсөн юм. Дайны хөлд нэрвэгдэн, бүтэн өнчин хоцорсон, өлсөж ядрахын туйлд хүрч, яр шарханд баригдсан багачуудад эхийн сэтгэлээр хандаж, асарч тойлж, хайрласан О.Цэрмаа гуайд хүүхдүүд ээнэгшин дасаж “Монгол ээж” хэмээдэг байжээ.

“Монгол ээж” О.Цэрмаа гуайн ачийг Ерөнхийлөгч Ким Ир Сен өндрөөр үнэлж, 1959 онд БНАСАУ-ын Хөдөлмөрийн гавьяаны II зэргийн одонгоор шагнасан байна. Ким Ир Сен Ерөнхийлөгч өөрөө зүүж өгсөн тэрхүү одон нь дайны үед туслалцаа үзүүлсэн гадаадын зүтгэлтнүүдэд олгосон БНАСАУ-ын хамгийн том шагнал аж. Цэргийн бус, энгийн алба хашдаг хүнд тэрхүү одонг урьд нь олгож байгаагүй бөгөөд Монгол Улсаас ганцхан О.Цэрмаа гуай хүртжээ. Солонгос хүүхдүүдийн ээж О.Цэрмаа гуайн 95 насны ой саяхан болсон юм. О.Цэрмаа гуайн охин С.Оюунцэцэг ижийнхээ хамт БНАСАУ-д уригдаж, Ерөнхийлөгч Ким Ир Сентэй уулзаж байжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

Ерөнхийлөгч Ким Ир Сен Монгол Улсын Гэгээрлийн яамны орлогч сайд П.Хорлоо, Солонгос хүүхдийн сургуулийн захирал Долгормаа, ахлах тогооч О.Цэрмаа нарыг хүлээн авч уулзав. Монгол Улсын төлөөлөгчид солонгос хүүхдүүдийг эх оронд нь хүргэж ирлээ. Пёньян хот. 1959 он.

-Ижий тань БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сентэй дөрвөн удаа уулзсан юм билээ. Та анх хэзээ уулзсан бэ?

-Ээж минь амьд сэрүүн байсан бол энэ онд 95 нас хүрэх байлаа. Зургадугаар сарын 10-нд төрсөн өдөр нь болсон. Ижийгээ дурсан санах бүрт БНАСАУ-ын ард түмэн, Ким Ир Сен хэмээх эрхэм хүний тухай ярихаас өөр аргагүй болдог юм. Солонгосын дайны үед өнчирсөн 200 хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэх даалгаврыг ижий минь ид залуудаа БНМАУ-ын Засгийн газраас авч, солонгос хүүхдүүд Монголд ирснээс хойш буцах хүртэл нь долоон жилийн турш ахлах тогоочоор ажилласан. Хүүхдүүд заавал хамт явна гэж уйлцгаасан тул Солонгос руу хүргэж өгөхөөс өөр аргагүй болсон гэж ээж дурсдаг байв. “БНАСАУ төдийгүй дэлхий дахинд нэр нөлөөтэй Ким Ир Сен даргатай дөрвөн удаа уулзсан би их азтай хүн” гэж ээж ярьдаг байлаа. Ким Ир Сен дарга Засгийн газрын урилгаар 1956 онд манай улсад айлчлахдаа хүүхдүүдээ эргэж Шаргаморьтын зусланд очиход нь ээж анх удаа уулзсан гэсэн. Дараа нь 1959 онд хүүхдүүдээ эх оронд нь хүргэж өгөхдөө БНАСАУ-д дахин уулзсан юм билээ. Ерөнхийлөгч Ким Ир Сен 1988 онд манай улсад нэг өдрийн айлчлал хийсэн юм. Эрхэм хүнийг айлчлалаар ирсэн гэхэд ээж маш их баярлаад, бүх одон, медалиа зүүгээд Гадаад явдлын яамны ойролцоо явж байтал БНАСАУ-ын Элчин сайдын яамны ажилтан ээжийн энгэр дээрх, Солонгосын Хөдөлмөрийн гавьяаны II зэргийн одонг нь таньж, Ерөнхийлөгчтэй уулзуулсан сонин түүхтэй. Ким Ир Сен даргыг буцахын өмнө буюу 1988 оны долдугаар сарын 1-ний 07.30 цагт би ээжтэй хамт Их тэнгэрийн аманд очиж, Ерөнхийлөгчтэй анх уулзсан. Дөлгөөн инээмсэглэсэн, нүдэнд дулаахан төрхтэй хүн байв. Ээжтэй хэзээний л найз нөхөд мэт халуун дотноор уулзсан. Ижийг минь олж уулзсандаа маш их баярласан нь илт мэдэгдэж байлаа. Цаг давчуу байсан болохоор бид маш богино хугацаанд ярилцаад, дурсгалын зураг хамтдаа авхуулсан юм. Ерөнхийлөгч ээжид “Та манай улсад заавал очоорой. Охинтойгоо, гэр бүлийнхэнтэйгээ ирээрэй. Би урьж байна” гэж хэлсэн.

-Ким Ир Сен даргын урилгаар та хоёр Пёньянд зочилсон юм билээ. Солонгосчууд хэрхэн угтав?

-1988 оны арванхоёрдугаар сарын 30-нд Пёньянд хөл тавихад улаан хивс дэвсчихсэн, маш олон хүн хөгжим, дуу хуур болж угтсан. Ким Ир Сен даргыг манай улсад айлчлахад бидний авхуулсан, маш том зураг өлгөөстэй, ээж бид хоёр галт тэрэгнээс буунгуут цэцгийн баглаа өгөн, хүндэтгэлтэй сайхан хүлээж авлаа. Бид маш их баярласан. Хамгийн хүндтэй зочноо угтахдаа ашигладаг “Мерседес” машинаар бидэнд үйлчилж, хоёр давхар харшид буулгав. Тэгээд зөвхөн бидэнд зориулж тогооч, эмч, сувилагч, гоо сайханч, үсчин, жолооч, зурагчин, үйлчлэгч гээд 20 орчим хүн ээлжээр ажиллуулсан. Ерөнхийлөгч Ким Ир Сен өдөр бүр нарийн бичгийн даргаараа дамжуулан ээжийн биеийн байдлыг асууж байснаа дараа нь уулзалтын үеэр ярьсан. Солонгосын ард түмэн биднийг алган дээрээ бөмбөрүүлсэн дээ.

-БНАСАУ-д очоод Монголд амьдарч байсан хүүхдүүдтэй уулзсан байх. Тэд хэрхэн өсөж, торнисон байв?

-Найман хүүхэд ирж, ээжтэй уулзсан. Бүгд л “Өмүни” (ээж) гэж дуудан, уйлаад, монгол дуу дуулж, шүлэг уншсан. Арванхоёрдугаар сарын 31-нд бид хамт шинэ жил тэмдэглэсэн юм. Яагаад солонгосчууд ижийг минь онцолж, хүндэтгэлтэй хандсаныг тэгэхэд би ойлгосон. Хүүхдүүд ч “Өмүни л бидэнд эхийн сэтгэлээр хандаж, яр шархтай минь ноцолдож, хүн шиг хүн болгосон” гэж ярьж байв. Тэд бүгд л сайхан өсөж, торнин, улс эх орныхоо төлөө зүтгэж буй юм билээ. Нэг нь Пёньяны амаржих газрын сувилагч, бас нэг нь багш болсон гэж байсан. Тэд бидний айлчлалын тухай баримтат кино хийсэн юм. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 15- нд эрхэм хүмүүний төрсөн өдрөөр одоо ч төв телевизээр нь тэр киног гаргадаг гэсэн. Тийм болохоор солонгосчууд ээжийг минь одоо ч мэддэг, хүндэлдэг.

-Та хоёр Ким Ир Сен даргатай 1989 оны нэгдүгээр сарын 16-нд уулзсан юм байна. Ерөнхийлөгч тухайн үед юу гэж хэлснийг дурсвал сонин байх болов уу?

-Пёньяны ойролцоох Ерөнхийлөгчийн өвлийн ордонд уулзсан. Ким Ир Сен дарга аль ч улсын Төрийн тэргүүнийг 8-9 минутаас илүү хугацаагаар хүлээж авдаггүй байсан юм билээ. Харин ээжтэй минь 36 минут ярилцсан. Тэр үед ижийг “Миний хувьсгалт дотнын анд найз” гээд “Солонгост төрүүлсэн эхээс өсгөсөн ээжийг илүүд үздэг. Тийм болохоор та манай Солонгосын 20 гаруй сая ард түмний ээж” гэж хэлэхэд ижий минь хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Хамт байсан болохоор би баяр баяслыг нь юу юунаас илүү мэдэрсэн. Ижийнхээ амьдралын хамгийн аз жаргалтай үеийг нь хуваалцсандаа би маш их баярладаг. Тиймээс л ижийнхээ тухай ярих бүрт Солонгос орон, ард түмэн, Ерөнхийлөгч Ким Ир Сений талаар заавал дурсдаг юм.

-БНАСАУ-аас таныг одоо ч урьдаг гэсэн байх аа?

-БНАСАУ-д жил бүр хаврын баяр тэмдэглэдэг уламжлалтай. Уг нь намайг жил бүр урьдаг ч би очиж амжихгүй л явна.

О.Цэрмаа охины хамт БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сентэй уулзсан нь. Улаанбаатар хот, Их тэнгэрийн ам. 1988 оны долдугаар сарын 1.

-Та хамгийн сүүлд хэзээ БНАСАУ-д зочлов?

-Ким Ир Сен даргатай амьд сэрүүнд нь уулзсан хүмүүсийн тухай “Бүх ард түмний нар-Ерөнхийлөгч Ким Ир Сен” нэртэй телевизийн нэвтрүүлгийг 2007 оны дөрөвдүгээр сарын 15-нд БНАСАУ-д хийсэн. Ерөнхийлөгч Ким Ир Сений 95 насны ойг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээ л дээ. Эл ойг тохиолдуулан тус улсын Засгийн газраас биднийг урьж, бүх зардлыг минь гаргаад, нэвтрүүлэгт оролцуулсан юм. Тэгэхэд ээж сүүлчийн удаа ирж буйгаа мэдсэн юм шиг их уйлсаан. Солонгосчууд хүртэл ээжийг дагаад, бүгдээрээ л уйлсан нэвтрүүлэг болсон. Тэр үед Ерөнхийлөгч Ким Чен Ир бидэнтэй уулзаагүй ч үндэсний хувцсаа бэлэглэсэн. Ардын их хурлын дарга Ким Ён Нам ээжтэй уулзаад “Та 100 насныхаа ойг манай улсад ирж тэмдэглээрэй” гэж хэлж байлаа. Харамсалтай нь, ээж дахин очиж чадаагүй, 2010 оны наймдугаар сард бурхан болсон.

-Ижий тань танд юу гэж захиж сургадаг байв?

-“Хүнд эд хөрөнгө нэг их хэрэггүй ээ. Хамгийн гол нь боловсролтой байх ёстой. Бас эрүүл байхын тулд эрүүл хүнс идэх хэрэгтэй” гэдэг байлаа. Ижий минь баялаг түүх намтартай хүн. 1940 онд дөнгөж 15 настайгаасаа Архангай аймгийн Цэцэрлэг хотын Хүүхдийн эмнэлэгт асрагчаар ажилласнаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Нам, төрийн нэрт зүтгэлтэн, жанжин Д.Сүхбаатарын гэргий С.Янжмаа гуайтай тааран, нийслэлд ирж, улмаар хамт амьдрах болсон юм билээ. С.Янжмаа эмээ хүсэлтийнх нь дагуу ээжийг тогоочийн курст оруулсан. “Чи юу хиймээр байна” гэхэд ээж “Олон хүнийг хоол ундаар дайлмаар байна” хэмээсэн гэдэг. Ингээд ээж тогоочийн 01 дугаартай, Х.Чойбалсан даргын гарын үсэгтэй үнэмлэх гардан авч байсан гэдэг юм. Бас Монголын спортын хөгжилд хувь нэмрээ оруулсан, спортын мастер цолтой хүн. Хурдан Цэрмаа гэхээр үеийнхэн нь андахгүй. Унгар улсын Будапешт хотод болсон урлаг, спортын их наадамд дэлхийн 70 гаруй орны залуучуудтай мөр зэрэгцэн оролцож, 800 метрийн гүйлтийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Энэ нь Монголын эмэгтэй тамирчдын анхны медаль байсан юм билээ. Ээж минь хөдөлмөрч, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, хүнийг сайн, муу гэж ялгадаггүй, насаараа л бусдыг хооллож ундалсан буянтан байлаа. Ижийнхээ ажил, үйлсийг мөнхжүүлэхээр би ном бичиж эхэлсэн. Надаас өөр хэн бичих вэ дээ. Ээжийн дурсгалыг хүндэтгээд ах С.Содбаатар минь Монгол Улс дахь “Кимжөнирхва” нийгэмлэг байгуулсан. Бас би ээжийг бурхан болоход “Орчлонг ивэлгэх Осорсүрэнгийн Цэрмаа” сан байгуулсан юм. Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай энэ нэрийг өгсөнд бэлгэшээж явдаг. Мөн би “Монгол, Солонгосын найрамдлын гүүр” нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байна.

Ерөнхийлөгч Ким Ир Сен Монголын ачлалт эх О.Цэрмаад алмаазан шигтгээтэй, гарын үсгээ сийлсэн алтан бөгж бэлэглэсэн нь. Пёньян хот. 1989 оны нэгдүгээр сарын 16.

Бэлтгэсэн: Ч.Мөнх