С.Очирбат: Овоот-эрдэнэт чиглэлийн 560 км зам далайцтай бүтээн байгуулалт болно

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын аюулгүй байдлыг сайжруулах, засвар шинэчлэл хийх, өргөтгөх ажил энэ сард эхлэхээр бэлтгэл хангагдаж, Налайх дүүргийн чиглэлийн замд засварын ажил ид өрнөж буй. Энэ мэтчилэн хот, хөдөөд авто зам шинээр тавих, шинэчлэн өргөтгөх ажлууд эхэлжээ. 

Зам, тээврийн салбарын хөгжил, томоохон төслүүдийн талаар Авто замын газрын дарга асан, Монгол Улсын зөвлөх инженер, авто замын салбарын Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн гишүүн, техникийн ухааны доктор С.Очирбаттай ярилцлаа. 

-Ярилцлагаа авто замын салбарын хөгжлийн бодлого, түүний хэрэгжилт ямар байгаа талаар эхлэх үү? 

-Авто замын ажил маш өрнүүн эхэлж байгаад замчид бид их баяртай байна. Монгол Улсын зам, тээврийн хөгжлийн бодлогын асуудал үндсэндээ хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтаас ихээхэн хамаардаг. Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэхүйц зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилтыг тусгасан. 

Энэхүү зорилтынхоо хүрээнд олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээг өргөтгөж, бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар бүрэн холбохоор ажиллаж байна. Авто замын сүлжээг хөгжүүлэх ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам бодлогын дөрвөн гол чиглэлийг тодорхойлсон гэж ойлгож байгаа. 

Нэгдүгээрт, олон улсын авто замын сүлжээнд орсон замыг сайжруулах, хөгжүүлэх чиглэл. Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн зам бол Азийн авто замын сүлжээний АН-3 дугаарын зам шүү дээ. Энэ замыг үе шаттайгаар өргөтгөн шинэчлэх зорилтын хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар-Дархан-Алтан-булаг чиглэлийн авто замыг 2018-2020 онд өргөтгөн, шинэчлэхээр ажиллаж байна. 

Мөн АН-4 чиглэлийн хэсэг болох Ховд-Баян-Өлгий чиглэлийн 200-гаад км замын ажил энэ онд дуусах гэж байна. Хоёрдугаар чиглэл бол улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх явдал. Энэ чиглэлийн хүрээнд 2020 онд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах, дараа нь аймгийн төвүүдийг ойролцоох хилийн боомттой холбох, мөн өөр хооронд нь холбох зорилтыг тусгаад байгаа. 

Гуравдугаарт, тусгай зориулалтын авто замын сүлжээг хөгжүүлэх, дөрөвдүгээрт, нийслэлийн болон орон нутгийн чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх бодлогын чиглэлээр авто замын салбарын хөгжлийн үйл явц өрнөж байгаа юм. 

-Авто замын хөгжил хөрөнгө оруулалтын бодлогоос хамаарна гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Авто замын барилга, арчлалтын ажил ихээхэн хөрөнгө, хүч шаарддагийг хүмүүс мэднэ. Ялангуяа хөрөнгө оруулалт, зардал, төсвийг “босгох” асуудал төр, засгийн бодлого, үйл ажиллагааны хүрээнд ихээхэн чамбай зохицуулалтын үндсэн дээр хийгддэгийг хэлэх хэрэгтэй. 

Хатуу хучилттай авто зам тавих, муудсаныг шинэчилж сайжруулах шаардлагатай газар олон байгаа. Манай улсын эдийн засаг, төсөв мөнгөний боломж тэр бүх хэрэгцээ шаардлагыг нэг мөр хангаж чадахгүй шүү дээ. Тиймээс бодлогоо тодорхойлж, хийх ажлаа эрэмбэлж буй хэрэг. Манай улс авто замын төслүүдийг улсын төсөв, гадаадын зээл тусламж болон хувийн хэвшлийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа.

-Ер нь энэ онд улсын хэмжээнд хийх ажлууд, тэдгээрийн далайц ямар байна вэ?

-Зам, тээврийн хөгжлийн яамны төлөвлөснөөр энэ онд авто замын салбарт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах бололтой. Үүний тал хувь нь улсын төсвөөс, үлдсэн нь Азийн хөгжлийн банк болон БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих юм байна. Тодорхой мэдээллийг салбарын яамны мэргэжилтнүүд хэлэх болов уу. 

-Томоохон ажлуудын талаар танд мэдээлэл байна уу? 

-Томоохноос нь дурдвал, өмнө нь хэлсэн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэл, өргөтгөлийн ажил байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр одоо ашиглаж байгаа 204 км хатуу хучилттай замыг шинэчлэх, цаашид Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хоёр эгнээ нэмж байгуулахаар зураг төсөл хийсэн. 

Зөвлөх инженер Д.Баасанхүү, бидний зарим инженер экспертиз хийгээд дуусаж байна. Завханы Тосонцэнгэлээс урагшаа Улиастай хүрэх 114 км замын ажил болон Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замыг энэ жил үргэлжлүүлэн дуусгах гэж байна. 

Түүнчлэн олон жил хүлээгдсэн, Байдрагийн гүүр Говь-Алтай чиглэлийн замыг барих концесс эзэмшигчийг өөрчлөн, ажлыг нь эхлүүлж байна, ирэх жил дуусах болов уу. Булганы Дашинчилэнгээс цааш Орхоны гүүрэнд тулсан зам байгаа шүү дээ. Тэндээс хойшоо Мөрөн-Тариалангийн зам руу хүрэх 120 км хатуу хучилттай замыг мөн концессоор барихаар гэрээ байгуулсан ч ажил нь олигтой урагшлахгүй байх шиг байна. Энэ мэтээр дурдаад байвал замчдад ажил их бий. 

-Хувийн хөрөнгө оруулалт замын салбарын санхүүжилтийн нэг эх үүсвэр болдог тухай та дурдлаа. Концессын болон бусад хэлбэрийн хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ 2019 онд ямар байх төлөвтэй байна вэ?

-Одоогоор концессоор гүйцэтгэх нь тодорхой болсон зарим ажлыг сая дурдлаа. Эдгээрийн техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо нь тодорхой болоод Засгийн газрын түвшинд шийдвэр нь гарчихсан, зарим нь эхэлчихсэн үргэлжилж байгаа. Үүнээс гадна ТЭЗҮ, тооцоог нь хийж буй төслүүд бий. Тухайлбал, Тавантолгой-Цагаан дэл уул чиглэлийн 270, Тавантолгой-Ханги Мандал болон Баянхонгорын Шинэжинст-Гурван тэс чиглэлийн 350, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас Эрдэнэт хүрэх 560 гаруй км хатуу хучилттай тусгай зориулалтын замыг тавихаар ажиллаж байна.

Тусгай зориулалтын гэхээр хүнд даацын зам байна гэсэн үг. Хөвсгөлийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын коксжих нүүрсний ордод түшиглэн Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг” компани баяжуулах үйлдвэр барих юм. Энэ төслөө эхлэхээс өмнө хатуу хучилттай, хүнд даацын зам тавихаар болж байгаа нь олзуурхууштай, хариуцлагатай үйл ажиллагаа юм. 

Овоот-Эрдэнэтийн авто замын ТЭЗҮ болон зургийг манай “Ай Си Ти Сайн консалтинг” компани хийж байна. Захиалагч нь Монгол Улсын Засгийн газар. “Аспайр майнинг” компани хөрөнгө оруулалт, гүйцэтгэлийг хариуцан ажиллана. Энэ ажил урьд нь Монгол Улсад хийгдээгүй далайцтай бүтээн байгуулалт болно. Том хэмжээний буюу 100 метрээс дээш урттай зургаан гүүрэн байгууламж барихаар төлөвлөж байна. 

Гол, үерийн суваг шуудууг дамнасан жижиг гүүр бараг 100-г барина. Хүнд даацын замыг үе шаттайгаар барих, эхний ээлжинд хучлагын өнгөн үед хамгийн сүүлийн үеийн “otta seal” технологийн бэхжүүлэлт хийхээр судалж байна. Салбарын яам ч үүнийг дэмжиж байгаа. Энэ технологи нь цементээр бэхжүүлсэн суурийг өнгөлж, цаашид хөдөлгөөний эрчим өсөхийн хэрээр хучлагыг хүчитгэдэг, хатуу хучилттай замын технологийн нэг хэлбэр юм. 

-560 км гэдэг урт байна шүү. Ийм урт замыг ямар хугацаанд тавих боломжтой бол. Ямар гүйцэтгэгчидтэй хамтран ажиллах вэ? 

-Тийм шүү, урт зам. “Аспайр майнинг” компанийн баяжуулах үйлдвэрийн ажилтай уялдуулаад энэ замыг 15 сар буюу жил гаруйн хугацаанд, өөрөөр хэлбэл, харьцангуй богино хугацаанд ашиглалтад оруулахаар ЗТХЯ-наас шахаж байгаа. Гэтэл манай улсын хамгийн хүчин чадал сайтай, том гэгдэх замын компаниуд жилд 50 км зам барих боломжтой байгаа юм. 

Иймээс 560 км урт замын гүйцэтгэл дээр 10 гаруй компани ажиллахаар байгаа биз? Дээр нь гүүрэн байгууламж гэх мэт тусгай ажлыг бас мэргэжлийн гүйцэтгэгч нараар хийлгэх хэрэгтэй болно. Эдгээрийг тооцож үзвэл, Овоот-Эрдэнэтийн зам дээр олон компани ажиллахаар байгаа.

-Засгийн газрын захиалгатай гэхээр төслийн өртөг зардал улсын төсөвт ямар ачаалал өгөхөөр байгаа вэ? 

-Улсын төсөвт нэг төгрөгийн ч ачаалал ирэхгүй. “Аспайр майнинг” компани 100 хувийн хөрөнгө оруулалт босгож, Овоотын баяжуулах үйлдвэрийнхээ үйл ажиллагаатай хамтатган арчлалт, ашиглалтыг 30 жил хариуцаад улсад хүлээлгэж өгөхөөр ярьж байгаа юм. Гэхдээ энэ хугацаанд компанийн хувийн зам байх юм байна гэж ойлгож болохгүй. Олон нийт, энгийн иргэд, ямар ч тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчиж болно. 

Энэ талаар ЗТХЯ-наас “Аспайр майнинг” компанитай гэрээ байгуулж, үүрэг хүлээлгэнэ. Хууль нь ч тийм. Тийм ч учраас замын өргөнийг машин зөрж өнгөрөх, гүйцэж түрүүлэхэд чөлөөтэй байх үүднээс 14 метр байхаар тогтоосон.

-Энэ ажилд орон нутгийн иргэдийг оролцуулах болов уу. Ер нь энэ тусгай зориулалтын авто замын орон нутагт өгөх өгөөжийг хэрхэн тооцоолж байна вэ? 

-Ажлын цар хэмжээ том учраас орон нутгийн иргэдийг ажиллуулах, хоол унднаас авхуулаад төрөл бүрийн ажил, үйлчилгээ худалдан авах зэрэг шууд өгөөжийг орон нутагт багагүй өгнө гэж харж байгаа. Барьж байгуулах үеийн өгөөжөөс гадна ашиглалтын үеийн өгөөж маш их байх болов уу. Овоотын баяжуулах үйлдвэр эхний ээлжинд жилд дөрвөн сая тонн нүүрс боловсруулах юм байна. 

Тэгэхээр энэ замаар хоногт зөвхөн нүүрс тээврийн 100 орчим автомашин явна гэсэн тооцоо гарч байгаа. Дээр нь нийтийн тээврийн хэрэгсэл, энгийн иргэд чөлөөтэй зорчино. Таван толгой, Гашуунсухайтын зам шиг тийм хэт их ачаалал үүсэхгүй ч хөдөлгөөн огтхон ч зогсохгүй, 24 цагийн урсгалтай “амьд” зам байх юм.

Тэгэхээр энэ зам дагуух үйлчилгээний газрууд, жолооч, зорчигч нарт зориулсан цай, хоолны газар, худалдаа үйлчилгээг орон нутгийнхан л үзүүлж таарна шүү дээ. Өөрөөр хэлбэл, бизнесийн үр өгөөж нь харьцангуй тогтвортой, урт хугацааных байна гэж тооцож байгаа.

-Хөвсгөл, Булган аймаг байгалийн сайхнаараа гайхагддаг. Хатуу хучилттай зам байгаль орчинд ямар нөлөө үзүүлнэ гэж тооцож байгаа вэ? 

-Ер нь хатуу хучилттай авто замын байгаль орчинд үзүүлдэг эерэг нөлөө маш их шүү дээ. Газрын хөрс, ургамал бэлчээрийг хамгаалдаг ганц зүйл нь сайн чанарын зам юм. Зарим нэг үгүйсгэх үзэлтэй хүмүүс экосистемийг хуваадаг гэх мэтээр ярьдаг. Үнэндээ тийм биш, харин ч байгаль орчны эвдрэл, сүйдлийг 100 хувь байхгүй болгодог.

Булган-Мөрөнгийн зам тавихаас өмнө түүгээр хэчнээн салаа зам гарчихсан, ямар их эвдрэл, шороо тоостой байсныг хүмүүс санаж буй байх. Энэ замыг тавьснаас хойших 4-5-хан жилийн дотор хөрс, ургамал сэргэж, одоо урьдын тэр нүд халтирам дүр зургийг хүмүүс санахаа ч байсан шүү дээ. 

-Танай компани дээрх авто замын зураг төслийг хийж байгаа гэлээ. Бүтээн байгуулалтын ажил хэзээнээс эхлэх бол? 

-Бид “Аспайр майнинг” компанитай хамтран маш шаргуу ажиллаж байна. Төслийн зөвлөх багт манай улсын зам, гүүрийн шилдэг инженерүүд багтаж байгаа. Зураг төслөө бид энэ оны есдүгээр сард багтааж батлах төлөвлөгөөтэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)